sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулиар 80-аад оны цөөн хэдэн залуу улстөрчид сонгогдсоны нэг нь "Их засаг" их сургуулийн эзний хүү Н.Учрал юм.  Уран илтгэл,  бусдыг хэрхэн байлдан дагуулах вэ? зэрэг лекц уншиж, "Би хэрвээ Ерөнхийлөгч байсан бол" лекцээ хорин хэдхэн настайдаа танилцуулж байсан, өдгөө 32-хон настай хүсэл тэмүүлэл дүүрэн залуу улстөрч. Улстөрөөс гадна түүнийг реппер "Темон" гэдгээр нь олон нийт илүү мэдэх буй за. 
 
Харамсалтай нь сүүлийн үед Н.Учрал гишүүн, төдийгөөс өдийг хүртэл түшиж тулж ирсэн намын дарга У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй бодлогыг эсэргүүцэж,  бие даасан тоглолт хийх замаар улстөрийн том тоглогч болох гэж оролдоод буй мэт шинж илрэх болов. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрыг огцруулахыг уриалж буй "Багш нарын үйлдвэрчний холбоо" гэгчийг анхлан дэмжин өөрийн оффистоо хоёр сар гаран суулгаж байсныг тус холбооны багш нар мэдээлэл хийх үеэрээ дэлгэлээ.  
Хачирхалтай нь уг холбоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намынхны дэмжлэгийг нэг бус удаа авч байсан төдийгүй цаашдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд Засгийн Газрын эсрэг тууштай тэмцэхээ мэдэгдээд буй билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нийгмийн тодорхой бүлгүүдийн шахалт, дарамт тун аюултайг мэдсээр байж нутгийнх нь дүү УИХ-ын гишүүн Н.Учрал ийн тэмцэгчдэд дэмжлэг үзүүлж байсан нь тун хачирхалтай юм. 
 
Л.Оюун