sonin.mn
Энэ оны намар буюу 8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан.Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа билээ. 
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ын удирдлагуудын дунд яригдаад удлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ дахь 32-ын бүлгийн хувьд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарыг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн ч аль аль талдаа дэмжлэг аваагүй. өө татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Улмаар УИХ дахь МАН-ын "33-ын бүлэг" УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг, МАН-ын "32-ын бүлэг" УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирвааг тус тус Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн ч ойлголцож чадаагүй юм.
Учир нь УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буй бол МАН-ын 33-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л өөрөө багаа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа төдийгүй Д.Хаянхирвааг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байсан аж. Тэгвэл сүүлийн үед талууд нэг хүний нэр дээр үндсэндээ санал нэгджээ. Энэ нь 2016-2017 онд Зам Тээврийн Хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг эргүүлэн сайдад нэр дэвшүүлэхээр болсон явдал гэнэ. Д.Ганбат ч Зам Тээврийн Хөгжлийн сайдаар "эргэн ирэх" сонирхол ихтэй байгаа бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар аль аль нь дэмжиж буй аж.
 
С.Сарнай
 
 
 
Д.Ганбатын товч намтар
 
1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.
Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй.
Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.
1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч,
1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
2015 -2016 онд “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирал,
2016-2017 онд Зам Тээврийн Хөгжлийн Сайдаар тус тус ажиллаж байсан.