sonin.mn
Манайд “хаосын онол” гэж цуурдаг нь олон боловч энэ талаар мэддэг нь тун цөөн гэдгийг батлан хэлэх байна. Хаосын онолын эх зохиол уншсан монгол сэхээтэнтэй би энэ хир таарч байгаагүй. Ингээд аргаа ядаад “хаосын удирдлага” хэмээх геополитикийн номлолыг практикт нэвтрүүлсэн, түүнийг АНУ-ын үндэсний ашиг сонирхолтой уялдуулсан суут хүн Стивен Маны 1992 онд бичсэн “Хаосын онол ба стратегийн сэтгэлгээ” хэмээх алдарт өгүүллийг орос хэлнээс орчуулан хүргэж байна. Стивен Ман бичдэг биш, ажилладаг хүн учраас тун цөөн юм бичсэн, тэгээд ч түүний бичвэрийн ихэнхи нь нууц байдгийг дурдаж байна. Системийн хандлага, системийн онол, синергетик, хаосын онол зэрэг орчин үеийн онолын нэр томъёо, ойлголтуудыг “монгол сэхээтэн ойлгох болтол” орчуулах нь угаасаа тамын, бараг бүтэшгүй ажил гэдгийг би сайн мэднэ. Ер нь бол бид бүхэн энэ түвшинд хүртэл сэтгэж үйлдэж чадвал л сая амжилт олж болно. Ямар ч гэсэн хэд хэд уншвал үндсэн утга агуулгыг ойлгож болно гэж бодож байна…
 
Зохиогчийн тухай товчхон 
 
Стивен Манн 1951 онд төрсөн. 1973 онд Оберлинийн коллежийг герман хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн. 1974 онд Корнуэлийн Их Сургуульд германы утга зохиолоор магистрын зэрэг хамгаалсан. 1976 оноос дипломат албанд орсон. Энэ ажлаа Ямайк дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнаар эхэлсэн. Дараа нь Москвад болон Вашингтон дахь Төрийн департаментын дэргэдэх ЗХУ-ын хэлтэст ажилласан. Дараа нь Төрийн Департаментын Үйлдлийн Төвд (энэ хямралын төв өдөр шөнийн ялгаагүй ажилладаг ) ажилласан. 1991-1992 онд Орос, Дорнод Европын асуудал хамарсан Батлан хамгаалахын Газрын оффист, 1985-1986 онд Колумбын Их Сургуулийн дэргэдэх ЗХУ-ыг судлах Гарриманы институтэд суралцаж, политологийн магистр хамгаалсан.
Микронези (1986-1988), Монгол (1988-1989), Армян (1992) зэрэг орнуудад АНУ-ын хэргийг түр хамаарагчаар ажилласан. Монгол дахь ардчилсан хувсгалд ихээхэн нөлөөлсөн. 1991 онд Вашингтон дахь Үндэсний цэргийн коллежийг онц дүнтэй төгссөн. 1992-1994 онд Шри-Ланк дахь Элчингийн орлогч, 1995-1998 онд АНУ-ын Төрийн Департаментын дэргэдэх Энэтхэг, Непал, Шри-Ланкын хэлтсийн захирал, 1998-2001 онд Туркменд суух АНУ-ын элчин сайд, 2001 оноос Каспийн сав газрын орнууд дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр ажилласан ба энэ бүс нутаг дахь АНУ-ын эрчим хүчний ашиг сонирхлыг төлөөлдөг.
 
ХАОСЫН ОНОЛ БА СТРАТЕГИЙН СЭТГЭЛГЭЭ
 
Эдүгээ стратегийн сэтгэлгээг өөрчлөх хувьсгал явагдаж байна. Энэ хувьсгал Хүйтэн дайн дууссаны дараа тогтоосон “дэлхий нийтийн шинэ дэг журам” хийгээд амжилттай болсон “Цөлийн шуурга” ажиллагаатай нийтлэг зүйлээр тун бага байгаа нь гашуун ч гэсэн амтлаг үнэн юм. Жинхэнэ хувьсгал шинжлэх ухаан дотор явагдаж, түүний нөлөөлөл дайны шинж чанарыг ч, стратегийн сэтгэлгээний хэмжүүрийг ч (эталон) өөрчлөн шинэчилж байна. Бид одоохондоо анхаарлаа богино хугацааны олон улсын дахин шинэчлэлтэд хандуулсаар байна. Энэхүү шилжилтийн агшинд автагдаад бид эрин үеийн асуудлуудыг орхигдуулж байна.
Шинжлэх ухааны ололт амжилтууд биднийг ньютоны үзэл баримтлалаас хаосын онол болон өөрийгөө зохион байгуулах эгзэгт чанар (критичность) гэсэн чамин онол руу түлхэж байна. Шинжлэх ухааны эрэл хайгуулын энэхүү шинэ чиглэл ердөө л сүүлийн 30 жилд бий болсон юм. Товчоор хэлбэл, эдгээр онолууд бүтэц хийгээд тогтвортой байдал нь хамгийн ил харагдах замбараагүйдэл болон шугаман бус үйл явдлуудын өөрийнх нь дотор байдаг гэж нотолдог. Өнгөрсөн үеийн шинжлэх ухааны хувьсгалууд зөрчлийн мөн чанарыг өөрчилсөн тэр цагаас хойш америкийн стратегичдын хувьд болж буй өөрчлөлтийг ойлгох нь амин чухал хэрэг болсон юм.
Нэг талаас энэ нь технологийн үзлийн үүднээс чухал юм: шинэ зарчмууд нь, жишээлбэл, квантын онол, харьцангуйн онолууд цөмийн зэвсэг бий болохыг дагалдуулсан шиг зэвсэглэлийн шинэ төрлийг бий болгож байна. Хоёр дахь бөгөөд шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтийг ойлгохын зайлшгүй тухай суурь шалтгаан нь бодит байдлыг хүлээн авах бидний ойлголтууд шинжлэх ухааны парадигмд үндэслэдэгт оршино.
Бид ертөнцийг зөрчил, замбараагүйдэл дүүрэн газар гэж голчлон төсөөлдөг ба бид түүнийг ямар нэг утга санаагаар дүүргэх хүрээ заагийг эрэлхийлдэг. Эдгээр хүрээ заагийг физикийн шинжлэх ухаанууд бүрэн тогтоосон бөгөөд энэ нь 18 зууны үед тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг асар том цагийн механизмын ажиллагаа мэтээр үзэж байсантай төстэй.
Үүнээс гадна шинжлэх ухааны ололт амжилтууд хүрээлэн буй орчныг ойлгох шинэ замыг зааж, улс төрийн дилеммыг шийдвэрлэхэд инноваци чухал гэдгийг бидэнд харуулж байна. Өөрчлөлтөөс технологийн давуу тал гарган авах гэсэн стратегийн хамтын нийгэмлэгийн хүсэл зоригоос үл хамааран эдгээр ололт амжилтыг стратегийн сэтгэлгээнд дасган зохицуулах бүрэн боломжтой. Энэ өгүүлэл техникийн талыг өнгөц хөндөж, үүний оронд концептуаль асуудлуудад түлхүү анхаарсан болно.
Стратегийн хамтын нийгэмлэг шинэ парадигмыг хүлээн авахгүй байгаа нь өнөөгийн тогтсон үзлийн ноёрхлын уршиг юм. Орчин үеийн Барууны ухамсарт нэвчсэн өвөрмөц парадигмыг ньютоны ертөнцийг үзэх үзэл илүүтэй харуулдаг. Энэ парадигм шалтгаацсан (детерминист), шугаман, объект болон хүчний харилцан үйлчлэл нь холбогдсон, дэс дараалсан өөрчлөлтөд баримжаалдаг. Ертөнцийг үзэх цорын ганц энэ үзэл хүний үйл ажиллагааны бүхий л хүрээнд нөлөөлж ирсэн. Нэгэн тайлбарлагч үүнийг маш гярхай ажиглаж: “бусад шинжлэх ухаанууд сонгодог физикийн…механицист үзлийг дэмжиж, бодит байдлыг яг таг дүрслэн үзүүлж, өөрийн онолыг түүнд нийцүүлэн загварчилдаг. Сэтгэл зүйч, социологич буюу эдийн засагчид шинжлэх ухаанч чанарт ойртохыг хичээх болгонд тэд ньютоны физикийн суурь үзэл баримтлалыг заавал хардаг” гэсэн юм.
Нийгмийн шинжлэх ухааны нэг болсон цэргийн шинжлэх ухаан ч гэсэн ийм урьдач үзэлтэй тулгардаг. Энэхүү механицизмын өвөрмөц шинжлэх ухаан, өөрөөр хэлбэл хөдөлгөөн, хүч болон биесийн харилцан үйлчлэлийн шинжлэх ухаан бидний бодол санааг эзэмджээ гэвэл илүү дээр байх.
Яагаад ертөнцийг үзэх механицист үзэл бидний стратегийн сэтгэлгээнд асар хүчтэй саад учруулдаг вэ ?
Хариултын зарим хэсгийг бид цэргийн болон улс төрийн шинжлэх ухаанууд 18 болон 19 зууны үед сонгодог физик, математикийн ач холбогдол өссөнтэй уялдан хөгжиж ирсэн баримтаас олж болно. Эйнштейн энэ эрин үеийн үзэл санааг: “Бүх салбарт олсон механикийн агуу их ололт, түүний астраномийн хөгжил дэх гайхамшигт амжилт, түүнийг мөн чанараараа математикийн бус, огт өөр асуудлуудад хэрэглэх болсон зэрэг нь объектын ямар нэг өөрчлөлтийг үл зөвшөөрдөг ердийн хүчний дунд буй нэр томъёогоор байгалийн бүх үзэгдлийг дүрслэн үзүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшил бий болоход хүргэсэн юм” гэж дүгнэжээ.
Түүнээс гадна бүр ч илүү бодитой шалтгаанууд байсан юм. Зүгээр л хэлэхэд байлдаан бол механик юм. Цэргийн стратеги механицист хүрээ заагт чихэгдэн орсон гэвэл хэний ч гайхлыг төрүүлэхгүй. Үүнээс хойш үндэстний стратегийг голчлон тулалдааны метафор – энх тайван “түрэмгийлэл”-ээс зээлдэн авах болсон юм. Хүйтэн “дайн”, үндэстэн-улс байгуулах кампани зэрэг нь ахиад л гайхалтай зүйл биш бөгөөд учир нь үндэстний стратеги энэ бүх урьдач үнэмшлийг тусгаж байдаг. Улс төрийн бодлого бол хэл зүйн (лингвист) хэрэгслээр хийж буй дайны үргэлжлэл мөн.
Механикийн ийм урт удаан нөлөөллийн хоёрдахь шалтгаан бол түүний хүрэлцээт байдал юм. Өмнөх зуун жилд физик (механикийн дэд салбарыг оролцуулан) болон хими шинжлэх ухааны бусад салбартай харьцуулахад илүү том алхам хийсэн. Биологи гэхэд л 19 дугаар зууны эцэс хүртэл нярай үедээ байсан, харин Эйнштейны харьцангуйн онолыг төлөөлөх нээлт бүр ч ирээдүйн асуудал байлаа. Гэтэл ньютоны механик үүний урвуугаар 17 дугаар зууны эцэс гэхэд бат бөх тогтсон байлаа.
Эцэст нь ертөнцийг үзэх механицист үзэл дэлхий дахины аливаа өөрчлөлт дэс дараалан болдог гэж нотолдог учраас найдвар төрүүлж байсан юм. Хэрэв суурь зарчмуудыг нь мэдээд авчихвал хэрэглэж болох бүх хувилбарууд тодорхой болох ба ингэснээр үйл явдлын ээлж халааг урьдчилан тааж болно гэсэн итгэл найдварыг стратегичдад төрүүлж байв. Чухам ийм учраас л орчин үеийн цэргийн онолчид чанд хатуу бөгөөд ухамсаргүйгээр механицист парадигмыг мөрдөх болсон баримт нь гайхалтай зүйл биш. Цэргийн стратегийн түвшинд Клаузевичийг анхаарч, түүний “Дайны тухай” номын хэлийг үрэлт, масс, таталцлын хүч гэхчлэн механицист үндсээр нь задлан үздэг. Эсвэл байлдааны талбарын геометрийн үндэс болсон Жомин-ийг авч үзэж болно. Эсвэл үндэстний аюулгүй байдлыг төлөвлөж: “Хүйтэн дайны төгсгөлийг стратегийн талбарыг эргэлт буцалтгүй өөрчилсөн үндсэн хүч чөлөөлөгдөх тектоник хавтангийн суурь өөрчлөлт гэж үзэж болно” гэсэн Пентагоны зааврын хэсгээс үзэж болно.
Ертөнцийг үзэх механицист үзэл тархаж эхэлсэн тэр цагаас хойш энэ үзэл барьцаа огт сулруулаагүй юм. Үүний дүнд манай стратегийн олон дилеммын үндэс болсон тодорхойгүй байдалтай холбоотой зогсонги байдал бий болсон билээ.
Үндэсний аюулгүй байдлын истеблишмент-ууд дунд (эрх баригч хөрөнгө бүхий бүлэг-Орч) нэвт шингэсэн консерватив үзэл дайн ба энхийн үндсэн асуудалд анхааралтай хандахын зайлшгүйг ойлгосон явдал хийгээд онолын ядмаг шинэчлэл зэрэгтэй хослон нэгдсэн юм. Бодит байдлын механицист байгууламжид үндэслэсэн стратеги дахь хувьсгал хатуу заасан байр суурьтай байсан бөгөөд харин сүүлийн зуун жилийн өдөөн хатгасан номлолууд түүнийг хязгаарлагч догм болон хувирсан юм.
Гэхдээ энэ бүхэн бодит байдалдаа бол асуудал мөн үү ? Конвенциональ дайныг Клаузевич, Лиддел Гарт болон иймэрхүү төрлийн бусад хүмүүс баталсан гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг. 1945 он хүртэлх цэргийн хэрэгт гарсан хувьсгал нь механик давуу талын өөрчлөлтөд тулгуурлаж байв. Жишээлбэл, моторжуулсан дайн давшиж буй цэргийн зорилтыг сонгох хувилбарыг нэмэгдүүлсэн ба энэ нь Клаузевиц маягийн анализад багтаж байлаа. Агаарын цэргийн хүчин тулалдааныг жинхэнэ гуравдахь хэмжигдэхүүнд оруулсан хэдий ч парадигмыг халж солиогүй юм. Түүнчлэн зэвсгийн сүйрүүлэх чанар хийгээд нарийвчлал зэрэг нь дайныг тайлбарлах сонгодог хүрээг заагийг хадгалан үлджээ.
Үндэстний стратегийн түвшинд бид ийм хэрэглээг Дорно, Өрнийн хооронд стратегийн “баланс” тогтоох, түүнчлэн өнгөрсөн зууны энгийн механик байгууламжтай адил холбоо эвсэл байгуулах, түүнийг өөрчлөн шинэчлэх зэргээс олж болно.
Гэхдээ бид энд нэн таагүй нөхцөл байдалд хүрдэг: ертөнц улам бүр нарийн нийлмэл болж байна, гэтэл уламжлалт онолууд улам бүр тайлбарлах чадваргүй болж байна. Онол хийгээд бодит байдлын хоорондын тасралт үндэстний болон цэргийн стратегийн түвшинд бий болов. Цэргийн үүднээс бол зэвсэглэлийн тоо хэмжээ ба өнгөрсөн зуунд боловсруулсан дайны төрлүүд сонгодог стратегид таарахаа больж байна. Шинэ зэвсэглэл бүтээх харьцангуй хялбар, харин түүнийг номлолын хүрээнд нэвтрүүлэх их хүнд. Биологийн болон цөмийн зэвсэг үүний жишээ болно. Байлдааны үйл явц өөрөө эмх замбараагүй гэдэг нь мэдээж хэрэг. Гэтэл одоо армийн номлолд: “Өндөр дунд идэвхтэй байлдааны ажиллагаа хаос шинжтэй, идэвхитэй бөгөөд сүйрүүлэх чанартай…Гэхдээ л байлдааны ажиллагаа үндсэндээ шугаман шинж чанартай” гэж ил тод хэлж байна.
Олон улсын харилцааны өсөн нэмэгдэж буй нарийн нийлмэл байдлын үндсэн шатлал сонгодог стратегийг тухтай хэрэглэх явдлыг танан хасаж байна.
Олон улсын хүрээллийн бүрэн зураглал хийгээд олон янз байдлыг бид хүчний тэнцвэр, туйлшрал, тектоник хавтан хөдлөх зэрэг уламжлалт нэр томъёогоор илэрхийлж болох уу ?
 
Ертөнцийг үзэх механицист үзэл сайн зүйл, гэхдээ хангалттай сайн зүйл биш. Сонин хэвлэлийн өгүүллүүдийн өдөр тутмын гарчгууд гэхэд л эдгээр загваруудыг хэр зэрэг хялбаршуулсныг тун эвгүй байдлаар сануулдаг юм. Зөрчлийг шугаман, шалтгаан-үр дагаврын нэр томъёогоор тайлбарлахыг ганцхан сонгодог стратегийн сэтгэлгээ оролддог биш, ийм сэтгэлгээ нарийн нийлмэл нөхцөл байдлыг (ситуация) хэд хэдэн үндсэн хувилбар болгон хялбарчлахыг биднээс шаарддаг. Бид уламжлал ёсоороо стратегийн сэтгэлгээг хязгаарлагдмал тооны хүчин зүйлс, үндсэндээ цэрэг, эдийн засаг, улс төр гэхчлэн хүчин зүйлсийн харилцан үйлдэл гэж авч үздэг. Маргааныг их л сайндаа хүрээлэн буй орчин, технологийн хөгжил, нийгмийн дарамтын хүчин зүйл хүртэл өргөтгөж үздэг. Гэхдээ энэ жагсаалт ч гэсэн шашин хийгээд үзэл суртал хаана нь байгаа, үндэстний тоглогчид (актор), даяар корпораци байдлаар оршдог алан хядах хөдөлгөөн мэтийн төрийн бус тоглогчдыг хаана багтаах, эдгээр хүмүүс болон байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэдэг ? гэхчлэн олон улсын байдлын бүхий л нарийн ширийнийг тусгаж чаддаггүй. Түүнээс гадна даяар харилцаа өсөж, эдийн засгийн харилцан хамаарал ихсэж, ардчилал түгэн дэлгэрч, улс төрийн нөлөөллийн тоо хэмжээ асар их өсч байна. Үүний дээрээс шийдвэр гаргах хэмнэл хурдасч байгааг дурдах хэрэгтэй. Одоо л бид олон улсын хүрээллийг зөвөөр үнэлэхэд дөхөн ирж байгаа ба олон улсын хэрэг явдал шугаман биш, харамсалтай нь харилцан нөлөөлөх (интерактив) шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь: “шугаман бус байдал бол тоглолтын дүрмийг өөрчлөхад хүргэдэг тоглолтын үйлдэл (акт) мөн” гэсэн утгатай анализыг нэн түвэгтэй болгодог.
Бидний улс төрийн өдөр тутмын туршлага үүнийг улам бүр ойлгох болж байна. Бид өдөр тутам төгс байдал, дур зоргийн явдлын тухай бодож толгойгоо гашилгаж байна. Сонгодог ертөнцийг үзэх үзэл үүнийг “үрэлт” гэж нэрлээд түүнийгээ улс төрчдийн сайтар бодсон төлөвлөгөөний будлиан мэт харагдуулдаг. Нөгөө талаасаа бол “үрэлт” бол үндсэн тодорхойлолт бөгөөд төрийн ажил хэргийн хавсарга биш. Манай стратегийн парадигмыг ажлын байдалд нь байлгахын тулд бид ийм байдлыг үгүйсгэж сурсан юм.
Стратегийн ухааралд хэрэглэдэг аргуудаа бид зайлшгүй өөрчлөх ёстой. Энэ нь тийм ч таатай зорилт биш. Өнгөрсөн зууны стратегийн сэтгэлгээ инновацид хангалттай орон зай олгодоггүй. Дээр дурдсанаар бидний стратегийн хүрээ зааг сонгодог физикийн механицист үндэслэлд суурилж байдаг. Хэрэв бид шинжлэх ухааны бусад парадигмыг нэгтгэн үзэж, өөр үндэслэлээс эхлэх аваас илүү өгөөжтэй стратегийн зарчмуудыг гарган авч болно. Хүрээ заагийг хөдөлгөх нь шидэт эм биш л дээ, энд дайн болон дипломат нь урьдын адил тулгамдсан бөгөөд аюултай хэвээрээ үлдэж байна. Гэхдээ бид өнөөгийн аналитик гацаанаас гарахыг хүсвэл стратегийн соёлд нэвтэрч, бидэнд шинэ хүрээ зааг нээж өгч буй үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой.
 
Хаосын шинжлэх ухаан
 
Физик болон математикийн түгшүүрт зааг дээр байдаг хаосын тухай шинэ шинжлэх ухааныг нэн тодорхой түлхүүр зарчмуудаар тодорхойлж болно:
• Хаосын онолыг динамик систем буюу маш олон тооны хөдөлгөөнт бүрдлүүдээс тогтох системд хэрэглэнэ;
• Энэ систем дотор үечилсэн биш дэг журам үйлчилдэг, гаднаасаа эмх замбараагүй мэт өгөгдлүүдийн нийлбэрийг нэг удаагийн загварт оруулан эмхэлж цэгцэлж болно;
• Иймэрхүү “хаос” систем анхдагч нөхцлөөсөө маш нарийн хамааралтай; оролт дээр байгаа ямар нэг нөхцлийн өчүүхэн төдий өөрчлөлт гаралт дээр олон тийш салсан тэнцвэргүй харьцаа (дивергентная диспропорция) үүсгэдэг.
• Дэг журам оршин байгаа баримтууд нь загваруудыг хамгийн багадаа илүү сул хаос систем мэт тооцож болохыг харуулдаг.
Дэлхий Нарыг тойрон эргэх нь хаос үзэгдэл биш. Тойрог замын багавтар өөрчлөлт эргэлтийн замыг өчүүхэн төдий л өөрчилнө. Үүний урвуугаар яндангаас агаарт тархаж буй утаа мөн чанараараа хаос шинж чанартай. Утаа нэг хэсэг эгц дээш хөөрнө, дараа нь эргэлдэж хуйларсан (турбулент) масс болно. Утааны эдгээр хуйлрал ямар нэг тодорхой дэг журамгүй мэт санагдана, гэхдээ сайтар ажиглаад байвал математик загварчлалаар байнгын загвар гарган авч болно. Утааны урсгалын хурдны өчүүхэн төдий өөрчлөлт хуйлрал, урсгалын бие биенээсээ тэс өөр бүлэглэл үүсгэдэг, гэхдээ утааны хоёрдахь урсгал математик байнгын загварт хүргэдэг.
“Хаос” бол энэ шинжлэх ухааны тийм ч оновчтой нэршил биш. Хоас гэх энэ үг хэлбэргүй, цэвэр тохиолдол мэт санагддаг учраас бидний концептуаль зорилтыг хүндрүүлдэг. Харин “шугаман бус динамик” нь цөөн хэрэглэдэг авч илүү дөхсөн нэр томъёо болно, гэхдээ хаос нь шинжлэх ухааны өргөн хэрэглээний хаягтай учраас цаашдаа бид хаос нэр томъёог хэрэглэнэ.
Хаосын парадигм сонгодог парадигмтай зөрчилддөггүй. Үнэн хэрэг дээрээ хаосын онол сонгодог физик болон математикаас үүссэн бөгөөд тэднийг даван гарч чадсан юм. Сонгодог хандлага тусгай тусгай объектуудын шугаман зан үйлийг харуулдаг; харин хаосын онол харилцан үйлчилж буй маш олон тооны объектуудын статистик хандлагыг харуулдаг.
Энэ шинжлэх ухааныг стратегид хэрэглэж болох уу ? Түүнийг наад зах нь хоёр түвшинд хэрэглэж болно. Материаллаг түвшинд бол хаосын онолыг ашиглаж байдаг технологийн инноваци дайны үндсийг өөрчилнө. Онолын түвшинд бол хаосын онол стратеги сэтгэлгээний шинэ үндсийг бүрдүүлнэ.
Аж үйлдвэрийн нэр томъёогоор хэлбэл хаосын онол технологийн өнөөгийн хэрэглээг өөрчлөх замаар үр дүн гаргадаг, цэргийн ажиллагаа явуулах аргыг өөрчилнө, түүнчлэн шинэ төрлийн зэвсэглэлийн хөгжлийг дагуулна. Эдгээр шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээллийн онол, тагнуул, цэргийн технологи шинэчлэгдэнэ. Нэгэн судлаач: хаосын тогтворгүй байдал “ухаарлыг боломжтой болгодог нэн онцгой зүйл” гэж баталсан юм. Эцсийн дүнд роботтехник томоохон алхам хийж байгаа үед хаосын онол байлдааны робот хийхэд бидэнд тус болно. Хаосын онолыг хэрэглэх жагсаалтад хязгаар байхгүй: энд халдварт өвчний тархалт, метеорологи, аэронавтика, криптологи зэргийг дурдахад ойлгомжтой.
Хаосын онолд тогтворгүй хуйлрах хөдөлгөөнийг загварчлах боломж олговол атомын бөмбөгдөлтийг маш нарийвлалтай хийж болно. Цөмийн дайны дараах экологийн асуудал ч гэсэн шугаман бус анализ хийхэд маш сайн тохирно, цөмийн өвлийн тухай ирээдүйн яриа хаосын зарчмуудыг өөртөө агуулсан байдаг. Криптологи (мэдээллийг шифрлэх, түүний тайлах шинжлэх ухаан) гэхэд л ихээхэн тамтай ажлын онцгой тохиолдол болох ба энд хаосын онол бидний тохиолдлын гэж итгэж байсан зүйлс тэр болгон цэвэр тохиолдол байдаггүйг мэдэх боломж олгодог.
Технологийн сэдвээс хөндийрэн үзвэл хаосын онолыг байлдааны талбарт нэн тодорхой хэрэглэж болно. Судлаачид олон арван жилийн турш байлдааны хаосыг агуулсан маш олон хүчин зүйлийг учир утгагүй ажиглаж ирсэн. Трэвер Дюпой хэмээх нэгэн аналитик байлдааныг олон хувьсагчийн харилцан үйлчлэлийг оролцуулан шинжлэхийг оролдсон математик загвар боловсруулсан юм. Энэ нь Шийдвэрийн Анализын Квантор Загвар болох ба энэ нь: ”түүхэн байлдааны үед сөргөлдөн тэмцэлдэгч хоёр талын тулалдааны харьцангуй үр ашгийг хоёр өрсөлдөгчийн байлдааны хүчин чадалд хүрээллийн болон үйлдлийн орчны хувьсагчдын нөлөөллийг тодорхойлох замаар гаргахад” чиглэсэн юм. Түүнээс гадна Дюпой түүхэн загваруудад анхаарлаа хандуулсан ба үүнийг тооцож болно гэж бодож байсан юм. Хэрэв үнэхээр тийм бол ийм хэрэглээ нэн зовлонтой болно, цэргийн дарга нар байлдаанд амжилт олох боломжоо тооцож чадна, сул талаа системтэйгээр жишин үзэж болно. Субъектив асуудлуудыг тооцохгүй байлаа гэхэд энэхүү загварын суурь алдаа нь байлдааны ажиллагаа өөрөө шугаман бус, байнгын биш шинжтэй атал загвар нь өөрөө шугаман байгаад оршино. Хаосын онол Дюпойгийн үзэл баримтлалыг барианд амжилттай хүргэх бүрэн чадвартай.
Онолын түвшинд түүхэн дэх дайны загваруудыг ойлгохыг хичээсэн хар мянган эрдэмтэн докторуудыг бид мэднэ. 1972 онд Ж.Дэвид Сингер болон түүний хүрээлэл 150 жилийн турш гарсан даяар хүчирхийллийн савлалтын тогтмол шинжийг илрүүллээ гэж тунхагласан ба “Ойролцоогоор 20 жилд дээд цэгтээ хүрдэг хангалттай нарийн үечлэл гаргасан”, түүнчлэн дайн эхлэх оргил үе нь гурав болон дөрөвдүгээр сард болдог гэж үзсэн. Сингерийн судалгааны зорилго үечлэгдэх чанарыг хүчирхийллийн өсөлтөд хүргэдэг түлхүүр хүчин зүйл мэт хэрэглэсэнд оршино. Бусад зохиогчид зөрчлийн загваруудыг “дэлхийн манлайллын урт цикл” (Модельки), туйлуудын тогтвортой байдлын загвар (Уолтс), эдийн засгийн цэцэглэлт, уналтын цикл давалгаа (Кондратьев болон бусад) гэж холбон үзсэн. Хаосын онол нь Дюпойн загварын нэгэн адил албан тасалгааны субъектив ажлыг урьдчилан хэлж болох загвар болгон хувиргах хэрэгсэл болж чадна.
Хаосын судлаачид ухаандаа хөвөнгийн үнийн түвшин хийгээд АНУ-ын үндэсний орлогын хуваарилалт мэт харьцуулж боломгүй үзэгдлийн гэнэтийн жишиг загварыг (паттерн) олсон юм. Түгээмэл байдлын энэхүү шинж нь өөрөө янз бүрийн шугаман бус систем дотооддоо адилтгам бүтэцтэй байх зарчим, түүнчлэн хаосын онолын зарчим болно.
Түүнчлэн хаосын онолыг үйлдлийн (операционный) болон тактикийн анализад хэрэглэх гэсэн цөөнгүй судалгаа байдаг. Нэг талаас байлдааны үйл явц цэгцлэгдэхгүй үзэгдэл гэдэг нь хаана ч тодорхой, ийм учраас түүнийг шугаман бус анализаар л шинжилж болно. Нөгөө талаас байлдааны ажиллагаанд хязгаарлагдмал тооны үйлдэгч хүмүүс оролцдог, үүнийг бид нөгөөхийнхөө эсрэг буй нэг хүчин гэж бид үндсэндээ тодорхойлдог; улмаар байлдааны ажиллагааны театрын түвшин олон тооны тоглогчдын зан үйлийг харуулдаг хаосын онолын гадна үлддэг байж ч болно.
Түүнээс гадна цэргийн дарга нар зэвсэгт хүчнийг шугаман, механицист хийгээд дэс дараалсан журамд оруулах гэж маш их хүчин чармайлт гаргадаг. Цол зэргийн шатлал, цэргийн сахилга бат, анги нэгтгэлийн бүтэц, цэргийн уламжлал, үйлдлийн бүтэцжүүлсэн дэг журам зэрэг нь дүрэм журам тогтоох, эмх цэгцгүй зан үйлийг арилгахад үйлчилдэг. Энэ нь яваандаа системийн хөдлөнги чанарыг хязгаарлах ба хаосын онолыг цэргийн стратегийн түвшинд нэн хязгаарлагдмал хэрэглэх болгодог. Үнэн хэрэг дээрээ байлдаан хоас чанартай юу, аль эсвэл үгүй юм уу ? Энэ асуултад хоёр бүрэн хариулт өгч болно. Нэг дэх хариулт нь байлдааны үйл явц дан ганц хаос шинжтэй, харин дээр заасан шиг амжилтын янз бүрийн түвшний зохион байгуулалт бүхий удирдаж болох систем юм. Хоёрдахь хариулт нь байлдааны үйл явцыг дан ганц шугаман бөгөөд хаосын биш гэж үзээд эмх цэгцгүй байдал бол байлдааныг хувь байдлаар ойлгох явдал гэж баталдаг. Аль ч тохиолдолд эдгээр асуултууд шинэ судалгаа руу хөтөлнө.
 
Эгзэгт босго
 
Хаосын онолын жинхэнэ үнэт зүйлс дээд түвшинд буюу үндэстний стратегийн хүрээнд оршдог. Хаосын онол хүний харилцан үйлдлийн бүхий л хүрээний, чингэхдээ эдгээр хүрээнд дайн ердөө л онцгой хэсэг нь болдог хэмээн бидний хэрэглэдэг аргыг өөрчилж чадна. Олон улсын орчин бол хаосын системийн гайхамшигт жишээ болно. Хаосын онолд өдөөн дуудагч байр суурийг “өөрийгөө зохион байгуулах эгзэгт шинж” эзлэх ба энэ нь анализын мөн чанарт гайхалтай нийцдэг. Бек, Чан хоёр өөрийгөө зохион байгуулах эгзэгт шинжид дараах тодорхойлолт өгсөн: “Байнга харилцан үйлчлэгч том системүүд зохион байгуулалтын замаар өөрийгөө байнга эгзэгт шинжид оруулж байдаг ба энд тун өчүүхэн үйл явдал сүйрэлд хүргэж болох гинжин урвал өдөөж болдог. Үүнээс үл хамааран холимог (композит) систем сүйрэл гэхээсээ нэлээд багавтар үйл явдлыг олон тоогоор бий болгодог ба бүхий л хэмжээний гинжин урвал энэхүү өөрчлөлтийн салшгүй хэсэг болдог…Түүнээс гадна холимог (композит) системүүд хэзээ ч тэнцвэртэй байдалд хүрдэггүй, харин ч үүний урвуугаар нэг мета төлөв байдлаас (өөрөөр хэлбэл түр зуурын төлөв байдал) дараагийн мета төлөв байдал руу хувьсан өөрчлөгддөг.”
Энэ онолыг IBM элсэн овооны үзэгдлийг ашиглан судалдаг: элсэн ширхгүүд нэг нэгээрээ давхарлан овоо үүсгэж эцэстээ эгзэгт төлөв байдалд хүрэх ба энэ үед нэг ширхэг элс ч овоонд нуралт үүсгэдэг. Сүйрэлт дахин хуваарилалтын дараа систем харьцангуй тогтвортой байдалд орох ба дараагийн дахин бүлэглэл болтол энэ хэвээрээ байна.
Улс төрийн шинжлэх ухаанд ч гэсэн эгзэгт шинжийг илтгэсэн нэлээд хэдэн шилжсэн утга (метофор) бий. Олон улсын хямралыг “дарьтай торх” мэт ойлгох нь нэлээд тархсан үзэгдэл болно. Нэг талаас энэ утга нь хангалттай зөв онодог гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: ойн түймрийн тархалт хаос системийн тодорхой жишээ болох ба үүнийг Бак, Чен, Танг нар загварчилж чадсан билээ.
Шүдэнз орж ирэхийг хүлээсэн тэсрэх аюултай объект мэт төсөөлдөг дарьтай торхны үзэл санаа алин байлаа ч гэсэн олон улсын харилцааны динамик мөн чанарыг товч ч гэсэн харуулдаг. Шинээр бий болсон нэг утга (метафор) бол Хаас болон бусад хүмүүс “бэлэн болох” гэж нэрлэсэн үзэл баримтлал юм. Олон улсын гэрээ хэлэлцээрийг үзэх энэ үзэл нь зарим нэг маргаан мэтгэлцээн тодорхой хугацаа өнгөрч, “бэлэн болох” хүртлээ олон шалтгааны улмаас шийдвэрлэх боломжгүй гэж үздэгт оршино. Улмаар амжилттай яриа хэлэлцээр хийх түлхүүр нь энэхүү эгзэгт төлөв байдлыг тодорхойлж, ашиглах явдал юм.
Өөрийгөө зохион байгуулах эгзэгт шинжээс илүү гарч, дэлхий нийтийн дэг журмын өөрчлөлтийг харуулж чадах тийм хүрээ зааг байгаа юу ? Сонгодог хандлагад суурилсан “тектоник хавтангийн” утга буруу. Энэ үзэл үндсэн хүчнүүд дахин өөрчилсний улмаас эвдрэлд орсон анхдагч тогтвортой байдлын тухай л ярьдаг. Уншигчдын бодол сэтгэлгээнээс нөхцөл байдлын бүхий л нарийн ширийн зүйлс гээгдэн алга болдог. Сүүлийн жилүүдэд ЗХУ үүнтэй төстэй судалгааны тохиолдол болоод байна. Сонгодог хүрээ зааг биднийг ельцины популистууд, горбачёвын шинэчлэгчид, консерваторууд гэхчлэн засгийн эрхийн төлөө тэмцлийн нэр томъёогоор сэтгэхийг албаддаг. Сонгодог хандлага тогтвортой байдал болон статус-кво руу тэмүүлэх чиглэмжтэй ба зөвхөн харьцангуй тайван нөхцөлд сонгодог стратегийн болон дипломат зарчмууд ажлын байдалдаа үлддэг. Ийм учраас “зөвлөлтийн хаос” гэж байн байн ярьдаг аюул занал аймхай дипломатууд, болгоомжтой улс төрчдийн зүгээс л гардаг гэдгийг бид мэднэ. Уламжлалт үзлийн үүднээс бол ЗХУ-ын задрал нь сүйрэл ойртож буйн эхлэл байсан ба үүний улмаас эв нэгдлийг хангаж, хүчтэй төвийг бий болгох хэрэгтэй болдог. Харин өөрийгөө зохион байгуулах эгзэгт шинж бол үүний урвуугаар эгзэгтэй төлөв байдалд тоглогчдын асар их олон янз байдал бий болдог, энэ нь сүйрэлт өөрчлөн байгуулалтын дараа түр зуурын тогтворт байдал руу гарцаагүй тэмүүлдэг гэдгийг харуулдаг. Энд загвар хэрэглэх утгаар тогтвортой байдал үүсгэх шаардлага байхгүй: “зөвлөлтийн хаосыг” үзэх эгзэгт цэг бол тайлбарлаж болох үйл явцын нэг л хэсэг юм. Эгзэгт шинж нь бүгд найрамдах улсууд сэргэж, холбооны засгийн газар унах явдлыг тэтгэдэг ба энэ нь шинэ, бүтээлч, удаан хугацааны тогвортой байдлын урьдач нөхцөл болно.
Олон улсын тавцан дээр бол уламжлалт загвар биднийг үйл явдалд нөлөөлөх өөрийн нөлөөллийг хэтрүүлэн үнэлэх, бусад бүх боломжийг үнэгүйдүүлэхэд хүргэдэг, гэхдээ үндсэн тоглогчид үйл явдалд шийдвэрлэх нөлөөтэй хэвээрээ үлддэг. Үүний урвуугаар хаосын болон эгзэгт шинжийн парадигм жижиг тоглогчдын өдөөж болох тэгш бус (диспропорция) үр нөлөөг дэмждэг. Немцийн физикч Герд Айленбергер: “Хөдөлгөөний эхлэл дэх өчүүхэн төдий хазайлт хожим нь маш их ялгаа үүсгэдэг, өөрөөр хэлбэл өчүүхэн шалтгаан тодорхой хугацааны дараа тэгш бус үр нөлөө бий болгодог. Ийм зүйл болдог гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа тодорхой мэддэг. Үүнийг бидэнд харуулж буй динамик системийн судалгаа энэ бүхэн нь жам ёсны үйл явцын хувьд түгээмэл зүйл гэдгийг нотолдог” гэжээ.
Цааш нь хаосын онол эдгээр хазайлтууд өөрийгөө зохион байгуулдаг; эдгээрийг динамик систем өөрөө төрүүлдэг гэж нотолдог. Гадаад донсолгоо байхгүй байсан ч гэсэн амжилттай иж бүрэн систем тогтвортой байдлын заагийг давах, хуйлрах шинж, дахин хэлбэржүүлэлт (переформатировиние) рүү түлхэж байдаг хүчин зүйлүүдийг өөртөө багтааж байдаг.
Эндээс хаосын онол эдгээр харилцан үйлдлийг дүрслэн харуулахад тохирох метафор уу, эсвэл эдгээр харилцан үйлдлүүд бодит байдал дээрээ хаосын далд хуулийн дагуу явагдаж байна уу ? гэсэн сэтгэл догдлуулсан асуулт үүснэ. Үүний шийдэл энэхүү бага шиг өгүүллийн чанадад орших ба зөн билэг, оюун сэтгэлгээний үүднээс бол хоёр дахь тайлбар нь зөв гэж хэлэх байна.
Энэхүү үзэл баримтлалыг үндэслэгчид түүнийгээ аюулгүй байдлын асуудлуудад хэрэглэх явдлыг урьдчилан харсан байж таарна: “бүхий л түүхэнд дайн болон энхийн харилцан үйлчлэл бүх дэлхийг эгзэгтэй төлөв байдалд нь үлдээсэн ба энд зөрчил болон нийгмийн давалгаа нуранги адил түрэн гарч ирдэг.” Өмнө бидний үзсэн Хүйтэн дайныг тектоник хавтангийн хөдөлгөөнтэй зүйрлэсэн жишээг аваад үзье. Ямар хүрээ зааг стратегийн суурийг хамгийн сайн тогтоох вэ ?
Механицист зааг хүрээ бол тухайн агшинд хавтангууд хөдөлсөн ба бид тогтвортой байдлын тодорхойгүй үед байна, эндээс бид дэлхий нийтийн шинэ дэг журмыг шууд л байгуулж чадна гэж үздэг. Харин эгзэгт шинж болохоор динамик үйл явцыг харуулж, эдүгээ бүтээн байгуулалттай холбоотой байсан ч түүнийг тогтвор эргэлзээтэй, энэ бол дараагийн сүйрэлт өөрчлөлтийн үед хамаарна гэж үздэг.
Метафизик үзэл бол хэтэрхий дур зоргийн бөгөөд олон улсын явдлыг хялбаршуулан үздэг. Бид иж бүрэн байнга харилцагч системд хэвшмэл бөгөөд эргэлт буцалтгүй байдаг эмх замбараагүйдэл, өөрчлөн байгуулалт эхэлдэг тэр цэгээс эхлэх ёстой. Дэлхий ертөнц хаос шинжтэй, ийм учраас динамик систем доторхи хүмүүн бодлогын тоглогчдын олон янз байдал нь бүр их хэмжээний янз бүрийн зорилго, үнэт зүйлсийг бий болгодог.
Механицист парадигм гол өөрчлөлтийн шалтгааныг гадаад хүчин зүйлээс хайхад биднийг албаддаг. Механицист үзэл гаднаас ямар нэг хүч үйлчлэх хүртэл эхэлдэггүй системд өөрт нь буй суурь инерцийг үндэс болгодог. Харин эгзэгт шинж бол үүний урвуугаар өөрийгөө зохион байгуулах чанартай байдаг. Систем өөрөө өчүүхэн, үндсэндээ үгүйсгэгч үйл явдлын үр дүн болсон гол өөрчлөлтийн чигт ажилладаг. Дэлхийн Нэгдүгээр дайн өөрийгөө зохион байгуулах эгзэгт шинжийн тодорхой жишээ болно. Балканы жижигхэн хотхонд эрцгецогийг алсан нь 15 сая хүний үхэл дагалдуулсан дэлхийн хямралыг өдөөсөн ба түүний үр нөлөө одоо ч гэсэн мэдрэгдэж байдаг.
Ливан байнгын эгзэгт шинжийн тод жишээ болно. Ливан улс олон ард түмний олон зуун жилийн зөрчил тэмцлийн төвд байрладаг, түүний зовлонтой газар зүй, угсаатан, шашин, клан хоорондын харгис хатуу антагонизм нь тогтвортой байдал, амар заяа үзэх найдварыг үгүй хийдэг. АНУ 1982 онд сонгодог стратегийн дагуу ажиллаж, энэ нөхцөл байдалд тэнцвэр тогтоох, сөргөлдөгч хүчнүүдийг зааглах зорилгоор тийшээ тэнгисийн явган цэрэг оруулж, мөргөлдөөнд татагдан орсон юм. Үүнийг тэнгисийн цэргийн командлагч: “Бид хутганы ирэн дээгүүр явсан” гэж дүгнэсэн. Үүний анхдагч үндэслэл нь АНУ төвийг сахисан, тогтворжуулагч хүчин байж чадна үзсэнд оршиж байв. Тэр тусмаа эгзэгт байдалд буй систем төвийг сахих хөрс суурийг үгүй хийж, үргэлжилсэн тогтвортой байдал үүсэх найдварыг алга болгодог. Түүн дотор орлоо л бол зууралдах хэрэг гарах бөгөөд алан хядагчдын бөмбөгний тэсрэлтээс 241 тэнгисийн явган цэрэг амь насаа алдсаныг бид сүйрлийн дараа л олж мэдсэн.
 
Стратегийн сэтгэлгээг дахин хэлбэржүүлэхүй
 
Эмх замбараагүй дунд бид стратегаа алдчихжээ. Эгзэгт шинжийн онол нь стратегич нарыг боомилдоггүй, харин ч дэлхий нийтийн гажуудсан дэг журмыг тайлбарлахад нь тэдэнд тус болох үндэслэлүүдийг өгдөг. Бид хүрээлэн буй зүйлсээ яг таг тодорхойлох ажлыг эхэлмэгцээ л бидний ашиг сонирхлыг цааш ахиулсан стратеги бүтээж болно гэсэн байр суурин дээр очдог. Бид ийм стратегийг бүтээхийн тулд эгзэгт шинжийг бүрдүүлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлохоос эхлэх ёстой. Энд хэд хэдэн боломж бий:
• Системийн анхдагч хэлбэр
• Системийн бүтцийн үндэс болсон суурь
• Тоглогчдын эв нэгдэл
• Хувь тоглогчдын зөрчлийн эрчим хүч.
Эдгээр хүчин зүйлсийг дэс дараалан авч үзье:
Анхдагч хэлбэр бүр анхнаасаа системийн хүрээ болж, системийн цаашдын хөгжилд нөлөөлдөг: сүйрлийн дараах үр дүн нь дараагийн үйлдлийн үндсийг бүрдүүлдэг. Бидний авч үздэг элсэн овооны налуу болон дов нь нуранги болсны дараа шинэ конус бүрэлдэхэд нөлөөлдөг. Олон улсын харилцаанд бол Дэлхийн хоёрдугаар дайны дараах хилийн өөрчлөлт үйл явдлын дараагийн чиглэл бүрэлдэхэд нөлөөлдөг.
Элсэн овооны нэр томъёог ахиад хэрэглэвэл элсэн ширхэг гадаргуу дээр унаж, эргэлдсэн хавтгай үүсгэнэ: энэ нь бүтцийн суурь үндэс болно. Энэхүү суурь бүтэц буюу матриц элсэн овооны бүрдэлтийг тодорхойлоход туслана. Олон улсын харилцаанд бол бүтцийн суурь үндэс нь хүрээлэн буй орчин, газар зүйг харуулах хүчин зүйл болдог. Кувейт, Ирак хоёрын ойртолт энэ бүс нутагт дараагийн бүхий л улс төр бүрэлдэн тогтох суурь хүчин болно. Энд ус нийлүүлэх асуудал хүртэл хүрээлэн буй орчны хүчин зүйлийн суурь үндсийн жишээ болдог.
Эв нэгдэл бол өөрчлөн байгуулалт эхлэх түвшинг тодорхойлно. Чийгтэй элс хуурайгаасаа өөр димамиктай байдаг. Үүний адил үзэл суртал буюу угсаатны адил систем олон угсаатны буюу хэд хэдэн үзэл суртал бүхий нийгмээс эрс ялгаатай динамик гаргадаг. Цэргийн түвшинд бол зэвсэглэл тархалтыг тогтоон барих, хяналт тавих зэрэг нь улс хоорондын эв нэгдлийг бэхжүүлдэг. Эв нэгдэл бэхжих нь эгзэгт шинжид саад болдоггүй; энэ нь эгзэгт шинжийн өсөлт удааширсан гэсэн хэрэг болно. Үр ашиг муутай гэрээ тохиролцоо хуурамч эв нэгдлийг төрүүлдэг бөгөөд өөрчлөн байгуулалт үр ашигтай удирдагын дор явагдаж байгаа мэт хоосон зэрэглээ бий болгодог.
Лига Нация даяар хамтын аюулгүй байдлыг дэмжих гэрээ байгуулсан (1920), дайн хийхээс татгалзахад чиглэсэн Келлог-Брианы пакт (1928), дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын дэг журмыг өөрчлөн байгуулсан Ялтын бага хурал (1945) иймэрхүү шал дэмий дипломат үйлдлүүд нь хуурамч эв нэгдлийн тохиолдлууд юм.
Үүний улмаас улс төрийн эгзэгт систем дэх тоглогчид оршин буй статус-квог халан өөрчлөхийг өдөөж өгдөг зөрчлийн эрчим хүч, идэвхитэй хүчийг ялгаруулж, ингэснээрээ эгзэгт төлөв байдлыг бүтээж байдаг.
Олон улсын түвшинд бол энэ эрчим хүч өвөрмөц тоглогчдын сэдэл шалтаг, үнэт зүйлс, боломжоос үүдэн гардаг ба тэрхүү тоглогчид засгийн газар, улс төрийн хийгээд шашны байгууллага, хувь хүн байх эсэхээс үл хамаарна. Эдгээр тоглогчид статус-квог энхийн хийгээд хүч хэрэглэсэн аргаар өөрчлөхийг эрмэлзэх ба тэдний хэн нь ч гэсэн ажил хэргийг сүйрэлт өөрчлөн байгуулалт руу хөтөлдөг.
Хаосын онол удаан хугацааны прогноз хийхэд хэтэрхий хүнд нөхцөл тулгадаг юм. Энэхүү нарийн нийлмэл байдал систем дэх тоглогчдын тоо хэмжээ, хүсч буй прогнозын үргэлжлэх хугацааны хэрээр ихэсдэг. Бид гарааны байрлал дээр байхдаа удаан хугацааны прогнозод сэжиглэнгүй ханддаг. Энэ буруу хандлагаас салах тийм ч амархан биш. Бид олон улсын харилцааны түнэр харанхуй ойгоос гаргаж өгөх газрын зураг байх ёстой гэсэн итгэлтэйгээ зууралдаж байдаг. Гэхдээ өөр метафор тус болж болох юм: Үүнийхээ оронд бидний гэлдрэхийг том том алхам болгож, манай замыг гэрэлтүүлж чадах богино цацрагтай дэнлүүг харж болно.
Энэхүү үндэслэл удаан хугацааны стратегийн сэтгэлгээний титэмд хамгийн том бадмаараг шилтгээ болж чадах тогтоон барих манай бодлогын амжилттай зөрчилдөхгүй юу ? Энэ бодлого, түүний “довтолгоонд орох дохио ирүүлж буй (коммунист дайснууд) дурын цэгт сонголт байхгүй эсрэг хүчин” тулна гэсэн үнэлэлт өөрөө үндэстний аюулгүй байдлын асуудлыг үзэх цэвэр механик үзэл болой.
Хэрэв Зөвлөлт империйн задралыг аваад үзвэл тогтоон барих манай бодлого ажилладаг гэдгийг нөхцөлт мэргэн ухаан харуулж байна. Гэхдээ хэрэв өөр тайлангаас авч үзвэл бидний яг ийм бодлого Вьетнамын будлианд хүргэж, аймшигтай хязгаарлагдмал зорилготой, даван туулшгүй хязгаарлалттай дайн хийж, улмаар биднийг Иранаас эхлээд Никарагуа, Филиппин хүртэлх дарангуй дэглэмүүдийг дэмжиж, энэ нь ялагдал хүлээсэн яг адилхан бодлого гэж үзэж болох уу ? Улс төрийн хаосын даяар тэнгист эмх цэгцийн арлуудын дундуур хөвж, бага үнэ цэнээр илүү их үр дүнд хүрч чадах байсан уу ?
Одоо бид тогтоон барихыг орхиж, туйлын тухай зөв үзэл баримтлалын тухай ярих болно. Ертөнц олон туйлт, нэг туйлт, эсвэл гурван туйлтай, ямар ч гэсэн хоёроос илүүгүй туйлтай юу ? Энэ яриа бид илт тодорхой зүйлсийг ажигладаггүйн жишээ болж чадна. Улс төрийн талаасаа бол ертөнц хэт олон, янз бүрийн тоглогчтой байдаг учраас түүнийг туйл гэх нэр томъёогоор илэрхийлдэг. Энэ нь бидэнд таатай мэдрэмж төрүүлдэг, бид шинэ ертөнцийг үнэхээр ойлгохын тулд механицист хэллэгийн нэгэн метафорыг ашиглах гэж оролдоод үзье. Бид бүтэцтэй байх гэсэн хүслээсээ болж, “дэлхий нийтийн дэг журам”, “стратегийн консенсус”, “энх тайвны урьдчилгаа” гэх мэтийг шохоорхож, үүнээсээ болж гутралд ордог. Дэлхий нийтийн шинэ дэг журмын партизанууд тогтоон барих бодлогын алдааг давтаж, биднийг удаан хугацааны тогтвортой байдал гэсэн хоосон зэрэглээг дагасан тэнэг бодлого явуулахад хүргэдэг үү ? Энэхүү шинэ тогтвортой байдлыг дагахын тулд бид мэдэж байгаагаасаа илүү их золиос гаргаж байж болох юм: бид НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Цөлийн шуурга” ажиллагаа явуулахдаа өөрсдийнхөө цэргийн ирээдүйн боломжийг хязгаарлачихсан юм. Ингээд Конгрессын олонхи, америкуудын дунд ч, олон нийтийн хамтын нийгэмлэг америкийн зэвсэгт хүчнийг ирээдүйд ашиглах хууль ёсны урьдач нөхцөл байдлаар НҮБ-ын зөвшөөрлийг хүлээх болов. Гэвч олон улсын зөвшөөрлөөр дэлхий нийтийн шинэ дэг журам бүтээх гэсэн оролдлого Саддам Хусейнд гэм буруугаа зөвтгөн, бэхжих, түүний дотор курдуудын эсрэг харгислал үйлдэх боломж олгосон нь харамсалтай.
Бидний бүтцийг сонирхох сонирхол яагаад Баруунынхан зэвсэглэлд хяналт тавих хүсэлтэйг тайлбарлахад тус болно. Зэвсэглэлийг хянах дэглэм тунхаглах хэлбэртэй, цэргийн хэрэглээ байхгүй ч гэсэн 1972 онд хими, биологийн зэвсгээс сэргийлэх конвенцийн тохиолдол шиг энэ зэвсгийг хэрэглэхтэй холбоотой айдас хүйдсийг алга болоход тус болсон. Америкчууд зэвсэглэлд хяналт тавих “үйл явцыг” стратегийн нөхцөл байдал хийгээд гэрээ хэлэлцээрийн давуу талаас үл хамааран өөрөө хар аяндаа бүтэх мэт харуулж байсан.
Үр ашигтай гэрээ хэлэлцээр нь системийн дэвшлийг эгзэгтэй шинж рүү явахыг нь удаашруулж болох юм, төгс тогтвортой байдал боломжтой гэдэгт итгэх юм бол бид хоосон зэрэглээг л бий болгоно. Олон улсын ажил хэрэгт бол аливаа тогтвортой байдал байнгын шилжилтэд байдаг. Олон улсын хүрээлэл бол үндэстэн, шашин, улс төрийн хөдөлгөөн, экологи мэтийн тоглогчдоос бүрдсэн динамик систем бөгөөд эдгээр бүрдлүүд нь эргээд бие даасан динамик систем болдог. Түүнээс гадна бид ирээдүйн тогтвортой байдалд хүрэхийн тулд улс төрийн шууд зардал гаргаж байдаг нь биднийг зовоож байдаг: байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу бидний олж авч чадахгүй агшин ч бас байдаг. Үнэн хэрэг дээрээ “тогтвортой байдал”, “оролцоо”, “үндэстэн-улс байгуулах”, тэр ч байтугай “энх тайван” хүртэл агуулга байхгүй зорилтууд болно. Ийм зорилгуудыг улс төрийн түвшинд гаргаад ирэхээр эсвэл амьдралд үл нийцэж, эсвэл их занг төрүүлдэг. Ухаандаа зөвлөлтийн стратегийн үндэс болж байсан “энхийг эрхэмлэгч” ард түмнүүдийн гэр бүлийг санах ёстой юм. Тогтвортой байдал гэдэг нь үр дагавраас илүү зүйл биш, тэрээр хэзээ зорилго болж чаддаггүй.
Тэгвэл эгзэгт шинжээс хэрхэн давуу тал олж болох вэ ? Үндэстний стратегийн жинхэнэ зорилго бол зөөлөн хөдөлгөөнөөр эцсийн хүссэн төлөв байдалд хүрэхэд чиглэсэн аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудыг бүрдүүлэх явдал юм. Бидний эгзэгт төлөв байдал бий болохыг хойшлуулахыг хүсдэг тэр цаг хугацаа бол бид эгзэгт төлөв байдлыг урамшуулж, системийг өөрчлөн байгуулах арга зам хайх тэр цаг хугацаа мөн. Олон улсын хүрээнд ажилладаг хэн бүхэнд бүрэлдэн төлөвшиж буй үйл явдлын талаар хийхээсээ мөрөөдөх нь амархан гэдэг нь нэн тодорхой.
Анхдагч хэлбэр хийгээд түүний бүтцийн үндсийн хувьд бидний хийж чадах юм тун бага. Энд түүх, газар зүй, хүрээлэн буй орчин зэргийг дурдах хэрэгтэй. Бидний улс төрийн хүчин чармайлт нэгдэл нягтралд хүрэх, зөрчилт эрчим хүчийг зөөлрүүлэхэд төвлөрөх ёстой. Олон улсын түвшинд цэргийн эвсэл, эдийн засгийн гэрээ, хэлэлцээр мэтийн хийцүүд болон бусад дүрэм журмууд нь үндсэндээ системийн дотоод нэгдэл нягтралыг бүтээдэг. Гэхдээ илт бүтэмжтэй, олон улсын хүсэн хүлээж буй өөрчлөлт гаргах үл анзаарагдах зам хувь хүнд л ногддог.
Хувь хүн даяар бүтцийн суурь бүрдэл болсон тэр цагаас хойш зөрчлийн эрчим хүч хүний мөн чанарын үндэс болсон юм. Зөрчлийн эрчим хүч бол хувь тоглогчдын зорилго, мэдрэмж, үнэт зүйлсийг тусгаж байдаг ба эцсийн эцэст бидний хэний маань ч үзэл суртлын хангамж цаанаасаа програмчлагдсан байдаг. Зөрчлийн эрчим хүчний өөрчлөлт зорилгыг цөөрүүлэх буюу үндэсний аюулгүй байдлын бидний хүсч буй зам руу оруулдаг, иймээс бид программ хангамжаа өөрчлөх ёстой. Хамгийн харгис арга бол “вирус”-тай холбоотой программыг солих явдал гэдгийг хакерууд бидэнд харуулдаг, гэхдээ үзэл суртлыг хүний програмчилсан вирус гэж өөрөөр нэрлэж болох уу ?
Энэхүү үзэл суртлын вирусыг манай зэвсэг болгож, АНУ хамгийн хүчирхэг биологийн дайн явуулж болно, мөн үндэсний аюулгүй байдлын стратегээс ургуулан ямар ямар ард түмнийг бай болгон авч, тэднийг ардчилсан олон ургальч үзэл, хүний эрхийг хүндэтгэдэг болгох халдвар тараах эсэхийг сонгож болно. Америкийн хүчтэй үүрэг амлалт, холбоо харилцааны өргөтгөсөн давуу тал, даяар шилжилтийн өсөн нэмэгдэж буй боломж зэрэг нь вирусыг өөрөө үрждэг, хаосын замаар өөрөө тархдаг болгодог. Хэрэв бид манайхаас ялгаатай улс орон, соёлуудын ухаан санааны төлөө тэмцэлд хүч чармайлтаа зориулж чадвал энэ нь манай үндэсний аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа болж чадна. Энэ бол дэлхий нийтийн дэг журмыг бүтээх цорын ганц зам бөгөөд, энэ нь урт хугацааны (төгс тогтвортой байдалд хэзээ хүрэхгүй гэдгийг бид мэднэ) даяар үр өгөөжтэй байна. Хэрэв бид дэлхий дахинаа үзэл суртлын ийм өөрчлөлт хийж чадахгүй бол бид сүйрэлт өөрчлөн байгуулалтын дундах амгалан тайван байдлын байн байн давтагдах үеүдтэйгээ үлдэнэ.
Энэ анализын материаллаг хэрэглээ нь АНУ-ын Мэдээллийн сан, Ардчилалд дэмжлэг үзүүлэх сан, хувийн секторын боловсролын солилцооны зэрэг бусад програмуудыг дэмжих ажлыг эрс нэмэгдүүлнэ. Эдгээр программууд нь манай үндэсний аюулгүй байдлын түрэмгий стратегийн голт зүрхэнд суусан байдаг. Мөн үүний урвуугаар бид эдгээр нь хэр зэрэг батлан хамгаалах шинжтэй, хэр зэрэг боломжтойг анхаарч байх ёстой. Метафор байдлаар ярих юм бол үндэстний аюулгүй байдлын хүрээн дэх тулалдааны жинхэнэ талбар мөн чанараараа вирусын шинж чанартай байдаг юм. Хувийн сонголтын түвшинд бол бидэн рүү хөнөөлт хүчдэл, ялангуяа наркотикт дурлах явдал байнга довтолж байдаг. Тахлын цар хэмжээгээр тархаж буй вирусын хөнөөлт зан үйл байхад наркотикт дурлах гэж юусан билээ ?
 
Зөн билгийн голт зүрх
 
Дэлхий ертөнц хамгийн олон янзийн туршилтуудад нээлттэй байдаг, хэрэв бид аль нэгэн ганц шинжлэх ухааны парадигмыг стратегийн сэтгэлгээний суурь болсон бусад шинжлэх ухаанаас дээгүүр тавьбал бид бодит бусаар үйлдэх болно. Хүрээ зааг бүр асуудлын мөн чанарт нэвтрэн орох гайхалтай боломж олгодог ба стратегийн урлаг бол тухайн нөхцөл байдалд хамгийн илүү тодорхой аргыг сонгон авдаг юм. Стратегийг уламжлал ёсоор бол шалтгаан, үр дагаврыг бат бөх төмөр холбоо мэт дүрслэн харуулдаг.
Үндэстний стратегийн өнөөгийн нөхцөл байдал нь энэхүү Төмөр зуун нэгэнт үеэ өнгөрөөсөн ба бид зорилго ба хэрэгслүүдийг зүгээр л нэг зохицуулах биш, харин стратегийн өвөрмөц дуудлага бүхий парадигмуудыг зохицуулах гэсэн илүү өргөн хүрээг хамарсан стратегийн тодорхойлолт боловсруулах ёстойг харуулж байна. Бид зорин тэмүүлж буй бодит байдлаа яг таг тодорхойлох хүртэл энэ нь зорилго тодорхойлох, хэрэгсэл сонгоход өчүүхэн утга санаа өгдөг.
Хэрэв бид шинжлэх ухааны олон янзын үзэл бодолд нээлттэй байвал бид одоо ашиглаж байгаагаасаа хавьгүй илүү чадвартай стратегийн зарчмуудыг боловсруулж чадна. Үйлдлийн түвшинд хэрэв бид зэвсэглэлийн хөгжилд хүргэж буй онолын зарчмуудыг ойлгох аваас зэвсэглэлтэй холбоотой зарчмуудыг үргэлжлүүлэн хөгжүүлнэ болно гэж итгэж болно. Дээд түвшинд бол ЗХУ мэтийн иж бүрдэл, динамик системийн өөрчлөлтийг тулгаж буй хүчин зүйлийг ойлгож, тэдний шилжилтийн үйл явц дээр нь илүү тодорхой ажиллах ёстой. Хэрэв бид тогвортой байдал руу зүтгэж, өөрийгөө хуурамч зорилгод хүлэхгүй, харин хаосыг боломжуудын дахин бүлэглэлт гэж авч үзвэл олон зүйлд суралцаж болно. Бидний стратегийн сэтгэлгээнд одоо болтол ноёрхож буй механицист хүрээ заагийг даван туулж чадах аваас олон зүйл хийж болно.
Эцэст нь бид дурын хүрээ зааг, түүний дотор хаосын сөрөг хүрээ заагийн хязгаарлалтыг тодорхойлж, иррациональ болон зөн билгийн (интуитив) хүчин зүйлсэд анхаарлаа хандуулах ёстой.
Стратегийн сэтгэлгээ нь математик, шинжлэх ухааны хэл рүү хандсан шинжлэх ухааны парадигмуудад суурилдаг. Математик систем үнэн байдаг учраас метафорыг бидний стратегийн үзэл баримтлал болгон хувиргадаг. Математик зарчмууд дундаас нэг теорем бидэнд хамгийн чухал байдаг ба энэ нь “Аксиомуудын дурын хэлбэржсэн систем шийдвэрлээгүй таамаглалыг агуулж байдаг” гэж зарладаг Гёделийн бүрэн бусын теорем болно.
Манай ертөнцөд формаль логикийн хариулт байхгүй асуудлуудын тодорхойгүй цуглуулга байдаг. Мөн ямар нэг тодорхой хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд ч буй.
Энэ теорем нь байлдааны ажиллагаанд робот хэрэглэхийн хязгаар, судалгааны үйлдлийн хязгаар, дайн буюу үнэн хэрэгтээ дурын шинжлэх ухааны хавсарга болсон шинжлэх ухааны хязгаарыг харуулдаг. Дайн болон стратегийн асуудлууд бусад бүх ажил хэргийн адил дүрслэн үзүүлэх, бүтээлч зан үйлийг урьдчилан хэлэхийг шаардахын хамт шийдвэрлэшгүй парадоксыг агуулж байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хадгалан үлдэхийн тулд эвдрэл сүйрлээр сүрдүүлдэг цөмийн тогтоон барих үйлдэл үүний нэгэн жишээ болно. Титийн үеэс ярьж ирсэн: “тосгоныг аврахын тулд бид тосгоныг сүйрүүллээ” гэсэн ишлэл үүний бас нэг жишээ болж чадна.
Логик дэс дараалалтай, дайныг бүх талаар урьдчилан харуулсан стратегийн үндэст бид дөнгөж хүрмэгцээ эдгээр үндсүүдэд бүрэн итгэж болохгүй гэсэн парадокс үүсдэг. Колин Пауэлын хэлсэн энгийн үгээр хэлбэл бид “зөв шийдвэрийн замд гарч ирсэн таагүй баримтуудыг албадаж” чадахгүй.
Дурын үндсүүд хүний оюун ухааны өвөрмөц шинж чанарын тусламжтайгаар даван гарч болох хязгаарлалтыг агуулж байдаг ба үүнийг Рожер Пенроуз хүний ухаан бодлоос салгаж болохгүй “зөн билгийн агшин зуурын ял шийтгэл” гэж үзэж байсан. Энэ бүхний дараа Клаузевичийн: “дотоод гэрэл гэгээний анивчаан биднийг үнэнд хүргэдэг” гэсэн үзэл бодол ч байдаг.
Стратегийн агуу их цохилт энэхүү зөн билгийн голт зүрхнээс харагддаг. Одоохондоо стратегич нар урамшуулан зоригжуулагч биш юм. Нарийн чанд анализаар дэмжээгүй урам зориг авантюризм болдог.
Зөн билгийн ийм бэлэг онолын үр ашиг бүхий үндсүүдтэй хослон явах ёстой. Хаосын онол ийм үндсүүдийг гарган авахад бүх талаар тохирдог. Хаосын онол байнга өөрчлөгдөн буй эрин үед бодит бодлого явуулах, стратегийн сэтгэлгээний хэт оройтсон чөлөөлөлтийг нээлтэй болгоход хэрэг болно.
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 09 дүгээр сарын 24
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?