sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Зэвсэгт хүчин хоёр томоохон мөргөлдөөнийг нэгэн зэрэг амжилттай явуулж чадахгүй. Ийм дүгнэлтийг Америкийн Вашингтон хот дахь стратегийн судалгааны “Heritage Foundation” хүрээлэнгийн мэргэжилтнүүд хийжээ.
Тус хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, АНУ хоёр томоохон улстай, тухайлбал, ОХУ, Хятадтай байлдааны ажиллагааг нэгэн зэрэг явуулах магадлал “дээд цэгтээ” хүрчээ.
“Аюул 4+1” буюу ОХУ, Хятад, БНАСАУ болон терроризм хэмээн Пентагоны томьёолсон аюул заналын Америкийн үндэсний ашиг сонирхолд учруулж буй түвшин маш өндөр байгаа болохыг судлаачид цохон тэмдэглэж байна.
Америкийн цэргүүдийн аюул заналд хариу өгөх чадвар, боломж болон бэлэн байдлыг “Heritage Foundation” хүрээлэнгийн тайлан мэдээнд “маш сул”, “сул”, “дээд түвшинд”, “хүчтэй” болон “маш хүчтэй” гэсэн таван үзүүлэлтийн нэгийг нь сонгон үнэлжээ.
Урьд нь цэргийн сэдвээр мэргэшсэн Америкийн эх сурвалж болох “We are the Mighty” сонинд Орос улсыг эзлэн авах боломжгүйг цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, асар том газар нутаг, томоохон арми төдийгүй үндэстний ухамсрын онцлог шинж чанаруудтай холбон тайлбарласан байна. “Оросууд эзлэн түрэмгийлэгчдэд эх орноо алдахын оронд өөрсдөө түрүүлээд устгах ард түмэн. Эзлэн түрэмгийлэгчид цагийн 11 бүсэд орос хүн болгонтой тулалдах болно гэдгийг санах хэрэгтэй” гэж тус хэвлэлд онцлон тэмдэглэжээ.
Харин Хятадыг яагаад эзлэн авч чадахгүй вэ? гэдгийг 1,3 тэрбум хүн амтай нь холбож байна. Нэмэлт хүчин зүйлүүдэд тус улсын том газар нутаг, өвчин,  хэт олон хүн амтай нөхцөл, мөн  хүчирхэг Зэвсэгт хүчнийг бий болгосон байж магадгүй бусад орны технологийн ололт амжилтыг хуулбарласан эдийн засгийн хөгжлийг оруулжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг