sonin.mn
Их яруу найрагч Д.Нацагдорж, бичгийн хүн Н.Жадамба нарын үүсгэн байгуулсан Монголын ууган хэвлэлийн нэг “Улаан од” буюу Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ой ямхаар биш, алхмаар наашилж байгаа энэ цаг дор дээрх гарчгийн эзэн болсон нэгэн андынхаа тухайд бичмээр санагдахуй, үзгээ шүүрэн авсан нь ийм ажгуу. Энэ хүн бол нэгэн жарны хагаснаа, бидний ярьдгаар “Цагтаа цалгиж, цалингаа буухаар...” гэдэг шиг хэнээс ч дутахааргүй жавхаатай байж, байлдааны дивизийн томоохон хорооны эвлэлийн байгууллагын ажлыг удирдаж, шүлэг, зохиол, мэдээ, сурвалжилга бичиж, “Улаан од” сониноос түүчээлэн, төвийн бусад сонин хэвлэлүүдэд түүнээ нийтлүүлж, радио, телевиз, сонин, сэтгүүлийн газрын олон удаагийн шагналыг хүртэж явсан бэлтгэл ахмад Юндэнгийн Бат-Очир билээ. Энэ офицерыг 1980-аад оны үед олноо “Хээрийн академи” гэж нэрлэгдсэн Зүүнбаянд цэргийн алба хаасан хэн боловч бараг андахгүй дээ.
 
Тухайн үеийн Ардын Армийн 169 дүгээр ангид алба хааж, арми цомхотгогдож эхэлсэн шуурган жилүүдэд бусад олон нөхдийн адил Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас урам муутайхан бэлтгэл офицерын үнэмлэх гардан энгийн хөдөлмөрт шилжсэн түүний амьдрал тэр л цагаас эхлэн аажмаар уруудсан юм. 
 
Ю.Бат-Очир Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт тахиа жилнээ хүй цөглөсөн нэгэн. Биднийг алба хааж байсан он жилүүдэд Зүүнбаянгийн дивизэд Ш.Эрдэнэ-Очир гэж “Зенит” аппарат цээжинд нь байнга зүүлттэй явдаг, шөмбөлзсөн, цагаан шаргалдуу царайтай ахмад “Улаан од” сонины идэвхтэн сурвалжлагч гэсэн үнэмлэх үзүүлэн, өдгөө бодох нь ээ, дарга, цэрэггүй бөмбөгнүүлдэг байжээ. Одоо юуг нь нуух вэ, “Энэ ахмад шиг “Улаан од” сонины сурвалжлагч болох юмсан” гэсэн битүүхэн цагаан атаархал тухайн он жилүүдэд надад байсан нь магадгүй хожмоо сэтгүүлч болох цучилд маань гал нэмсэн байхыг үгүйсгэхгүй. Ю.Бат-Очир бид 2 нэг нутгийнх болохоор, хааяа уулзаж, шүлэг найраг хөөрөлдөж, ус нутгаа үгүйлэн дурсацгаах. Бас 2-уулаа “Улаан од” сонин болон төвийн бусад сонинд ойр зуурын юм бичиж дугтуйлан шуудангаар илгээнэ. Мань хүний бичсэн материал лутаа лут. Дэргэд нь минийх бол ёстой ичиж үхмээр байж. Яагаад ч юм бэ, бид 2 энэ тухайгаа Ш.Эрдэнэ-Очир даргад нэг их мэдэгдээд байхгүйг хичээнэ. Бодвол, эмээж байсан юм болов уу даа. Миний бичсэн мэдээ сэлт бараг гарахгүй, хааяа 1 багцалсан нэрсийн дунд нэр маань тууж явна. Түүнд нь баярлана гэж учиргүй. Харин манай хүний бичсэн материал бол бараг л дугаар алгасахгүй гараад ирнэ. Тэгээд мань мэт нь зүрх үхэж, багагүй хугацаанд завсарлага аваад, 1987 онд хувцасны зөрчилтэй явсан нэгэн офицерыг хараад, санаандгүй “П” гэж товчилсон нэр өгөөд жаахан шүүмжилсэн маягийн нэлээд том зүйл бичээд явуултал “Улаан од” сонины бараг дөрөвний нэгийн хэмжээнд гараад ирдэг юм байна. Үүнийг уншсан Ю.Бат-Очир маань надад хамгийн түрүүнд баяр хүргэсэн бол, Ардын Армийн 277 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байсан, хожмоо хурандаа болсон Л.Тогтох дарга ангиа жагсааж, Одесст цэргийн сургууль дүүргэсэн Пүрэвсүрэн гэдэг миний найз офицерыг жагсаалаас гарган, “Тэр Баатарнум гэдэг нөхөр зүгээр ч нэг шилжээд явчихгүй анги, хамт олны нэрийг сонинд гаргаж, гутааж байна. “П” гэдэг нь чи л байж таарна” гэж зэм хүртээж байсан хөгтэй хийгээд хөгжөөнтэй түүх байдаг юм. Энэ нь тухайн үеийн сонин хэвлэлийн материал ямар их үнэ цэнэтэй байсны нэг жишээ юм даа. 
 
Тэр үед миний бие Ардын Армийн 016 дугаар нэгтгэлийн 229 дүгээр ангийн жагсаал анги, дайчилгааны офицероор томилогдоод удаагүй байсан цаг. Чухамдаа энэ л үеэс миний бичих урам зориг сэргэсэн гэдгийг дашрамд тэмдэглэхэд таатай байна. Ер нь тухайн он жилүүдэд аль ч сонин хэвлэлийн газрыг “Идэвхтэн бичигч”-гүйгээр төсөөлөхийн аргагүй байжээ. Тэгээд ч “Сонин бол хамтын хөдөлмөр” гэж ярьдаг байв. Өнөөдөр энэ хамтын хөдөлмөрийг сэвтээлгүй авч яваа хуруу дарам цөөхөн сонинд “Соёмбо”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Монголын мэдээ”, “Оpen door”-ыг төлөөлүүлэн нэрлэж болно. 
Дашрамд, “Улаан од” сонины бас нэг идэвхтэй, “Идэвхтэн фото сурвалжлагч”-д Д.Амараагийн нэр хүндтэй байрыг эзэлдэг. Улиастайн дивизийн дотоод зангилгаанд холбоочин ахлагчаар ажиллаж байсан түүний асуудал дэвшүүлсэн олон фото агшин түүх өгүүлэн үлдсэн байдаг. Тэрбээр, одоо ч гэрэл зургаа авсаар л байгаа. Харин яагаад ч юм бэ, Ю.Бат-Очирын маань, өнөөх их дэврүүн байдлын гал бүдгэрч, 1990-ээд оны хүнд өдрүүдэд дийлэнхдээ “Өнөр” хорооллын “Цамбагарав” дэлгүүр, “Соёмбо” кино театр дамнасан байшингийн ойролцоо нар бараадан, зоос гүйлгэж суудаг ажилтай болсон юм. 
Идэр 9 ид тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдэд тэрбээр хүрэн ягаан даавуугаар гадарласан хуучивтар үстэй дээл өмсөж, хааяахан бээрсэн гараа үлээн, түүгээрээ эрүүгээ дулаацуулан сууж байсан цөлх нэгнийг өнөөдөр санаж байгаа хүн байж ч болох. Яагаад гэвэл, түүний шившсэн 9 зоосны мэргэ үнэнээс ташаардаггүй байсан болохоор сүүлдээ мань эрийг зорин ирдэг хүмүүсийн тоо эрс олширсон билээ. Тэр үедээ манай хүн 2 дахь амьдралаа зохиож, нэгэн бээрийнд толгой хоргодох болсон ч төдийлэн бүтэлтэй болоогүй юм. Манайх ойролцоо байшинд байсан болохоор бид байнга таарна. Бас хааяа зоосыг нь шившүүлэх өдөр ч байна. Үнэндээ нэг юм хэлнэ, тэр нь яг л байна даа. Ийн уулзаж байхдаа мань хүн шүлэг найргаасаа хөврүүлж өгнө. “Яаж ийж байгаад шүлгийн номоо хэвлүүлэх юмсан” гэсэн үг цухалзуулахад нь түүнд нь дэмжлэг болохоо илэрхийлэхэд учиргүй ихээр баярлаж билээ. Удалгүй “Жагсаалд үдсэн он жилүүд” номыг нь өлгийдөлцөж, өмнөх үгийг нь бичиж хэвлүүлж байлаа. Тэр ном нь манай “Соёмбо” сонины ихэнх ажилтнуудын гарт очсон байх. 1990-ээд оны дунд үед манайх буйр сэлгэн “Сансар” хороололд нүүж очсоноос хойш бид бараг уулзалдахаа болив. Харин 1998 онд бид МҮОНТ дээр гэнэт таарсан нь тус телевизээс бүтэн сайн өдөр бүхэн нэвтрүүлдэг байсан “Найргийн дугараа” нэвтрүүлэгт оролцохоор уригдан ирсэн нь тэр байв. Мөн нэвтрүүлэгт “Улаанбаатар таймс” сониноос Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Баянтунгалаг бид 2 оролцохоор ирснээр ингэж нэг уулзав. Харин тэр цаг үеэс хойш мань хүний сураг бараг алдарсан ч, нутагтаа очсоныг нь дам хүнээс сонссон юм. 
 
2010 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг Сүхбаатар, Дорноговь аймагт өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Л.Болд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ТЗУГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр (эдүгээ бригадын генерал) нар болон БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалын хүмүүс, урлаг, соёлынхон гээд л томоохон “десант” буусан юм даг. Нутгийн удирдлагын ордны өмнөх Жанжин Д.Сүхбаатарын цэлгэр талбайд нээлтийн ёслолын арга хэмжээ болж байх агшинд шавсан олны дундаас нэг хүн өндөр дуугаар хашгичин, “Энд миний найз ирсэн байна. Би найзтайгаа уулзана” гэх зэргээр арай л эгэл биш авиа гарган, цагдаа нар оруулахгүй цааш түлхэж байсан нэгнийг хальт харвал Ю.Бат-Очир маань байдаг байгаа. Тэр үед бибээр сурвалжлах ажлаар явж байсан юм. Тэгээд нэлээд хэдэн зураг амжиж дараад, мөнөөх шавсан хүмүүсийн дундуур арайхийн зүсэн гарч уруу дорой царайтай, өмссөн зүүсэн нь ч тийм сайн биш цэргийн андыгаа хараад үнэхээр сэтгэл эмтэрсэн дээ. Хүмүүс түүнийг ухаан санааны хувьд жаахан “юмтай” болсон гэх. Тэр нь надад нэг их анзаарагдаагүй. Тэгээд ойр зуурын юм ярьж, хөөрч байгаад хэдэн төгрөг гарт нь атгуулаад явснаас хойш уулзсангүй, өнөөдрийг хүрчээ. Харин 2015 онд байх. Бидэнтэй нэг үеийн яруу найрагч, өнөөдрийг хүртэл нутаг орондоо бүтээл туурвилаа ундруулсаар яваа Ц.Оюундэлгэр нарын сайхан сэтгэлтэй хэсэг уран бүтээлч нөхөд Ю.Бат-Очирын сүүлийн жилүүдэд бичсэн шүлэг найргаас сорчлон “Сэтгэлийн чагтага” яруу найргийн номыг нь хэвлүүлсэнд нэн баяртай байдгаа эл дашрамд илэрхийлэх юун. “Тэнгэрээр ирсэн ноёнтон тэмээгээр буцлаа” гэсэн баруун аймгийнхны нэг шог яриа байдаг. Түүн лугаа мань бичигч бибээр газрын унаа хөлөглөн Сүхбаатар нутагтаа очсон бол, “Ми-8” нисдэг тэргэнд сууж Дорноговь аймагт бууж байлаа. Ийн явж ирээд “Сүхбаатар, Дорноговьчуудыг доргиосон өдрүүд” хэмээх сурвалжилсан тэмдэглэл бичиж байжээ. Тэр тэмдэглэлд мөн л манай цэргийн сонинд өгүүллэгээ нийтлүүлж байсан, Дорноговь аймаг дахь “МОНЦАМЭ” агентлагийн сурвалжлагч, МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Төмөрпүрэвийн “Хэрвээ хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгоё л гэж бодсон юм бол Жанчхүүгийн даваанд мөнх нойрсож байгаа Л.Аюуш баатрын хөшөөнд 65 хүүхэд аваачиж хүндэтгэл үзүүлсэн бол үр өгөөж нь өөрөөр харагдах байсан юм. Өнөөдөр Өвөр Монголын бүх сургууль Л.Аюуш баатраар бахархаж, бүр сургалтынхаа хөтөлбөрт оруулчихаад байхад манай улсын хүүхдүүд нэрийг нь ч мэдэхгүй байна шүү дээ” гэж халаглан ярьж байсныг нь сурвалжилсан тэмдэглэлдээ мөнхлөн үлдээжээ. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн уур амьсгал сэвэлзэж эхэлсэн энэ өдрүүдэд Б.Төмөрпүрэвийн амьд сэрүүндээ ярьж байсан, цаашид санаа авууштай ухаалаг үгийг нь зориуд тэмдэглэе. Нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан ийм эрхэм үг дайж байсан Б.Төмөрпүрэв маань өнөөдөр бурхны орноо залраад чамгүй хэдэн жилийг ардаа орхиод байна. Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёог багшаа гэж эрхэмлэн хүндэтгэж явдаг гэж байнга ярьж явдаг Ю.Бат-Очир “Уран бүтээл, багш, шавийн барилдлагаат бусад нөхдөө Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар, Ц.Чимэддорж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч П.Батнайрамдал, Г.Баатарнум, яруу найрагч Ц.Төрмөнх, Ц.Оюундэлгэр нар хэмээн тодотгож, тэднийг эрхэмлэн хүндэтгэж, мөн тэднээс цаг ямагт суралцан, уран бүтээлээ туурвидаг” гэсэн чин сэтгэлийн үгээ “Сэтгэлийн чагтага” номынхоо өмнөтгөлд бичсэн байна билээ. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулан Сүхбаатар аймгаас төрсөн яруу найрагчдын бүтээлээр эмхэтгэн хэвлүүлээд удаагүй байгаа “Саруул талын найрагчид” номынхоо өмнөтгөл үгэнд миний бие “Дашрамд, Ю.Бат-Очирын тухайд бяцхан тодруулга хиймээр санагдаад болдоггүй. Тэрбээр өнөөдрийнх шиг ийм хүн байгаагүй юм. Бид 1980-аад оны “Хүйтэн дайн”-ы үед Зүүнбаянд залуухан офицерууд гялалзаж, Ю.Бат-Очир маань олон зуун аавын хөвгүүдийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан, Монголын Ардын Армийн бэлтгэл офицер юм шүү гэдгийг мэдэх хүн нутагт нь өнөөдөр хэд бол. “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэдэг үг байдгийг сануулах юун” хэмээн бичсэн юм. Тийм ээ, Ю.Бат-Очир шиг сонин, сэтгүүлийн газрын “Идэвхтэн бичигч”-ээр олон жил ажилласан ч, төдийлэн анзаарагдаагүй насны нараа хэлбийлгэсэн олон 10 идэвхтэн бичигчдээ дээрх андаараа төлөөлүүлэн төрөлх сониныхоо түүхт 95 жилийн ойтой нь ташралдуулан өгүүлэхэд ийм буюу. 
“Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэдэг үгийг хэн бүхэн цаг ямагт санаж явахад илүүдэхгүй л болов уу.
 
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ