sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам хилийн албаны ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 5200 цэргийг Мексиктэй залгаа хил рүү илгээхээр болсон байна. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний улсынхаа хойд хэсгийг батлан хамгаалах үүргийг гүйцэтгэдэг Умард командлалын дарга, Агаарын цэргийн хүчний генерал Терренс О'Шонесси Пентагонд сэтгүүлчдэд зориулсан хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр мөн Америк-Канадын Сансрын батлан хамгаалахын нэгдсэн командлалыг /НОРАД/ тэргүүлдэг байна. Хэвлэлийн хурлыг Пентагоны цахим хуудсаар шууд дамжуулжээ.
Түүний хэлснээр, цэргүүдийг энэ долоо хоногт багтаан АНУ-ын баруун өмнөд хил рүү илгээх бөгөөд тэдний талыг нь зэвсэглэх аж. Хил рүү цэрэг илгээх шийдвэрийн гол зорилго нь Америкийн нутаг дэвсгэрт  “нэвтрэх цэгүүдийг бэхжүүлэх аж”. АНУ-ын Үндэсний гвардын 2092 цэрэг хил дээр хэдийнэ байрласан бөгөөд дахин 800 цэрэг замдаа гарсан тухай генерал Терренс О'Шонесси мэдээлжээ.
Дээрх цэргийн алба хаагчид Америкийн хилийн албаны ажилтнуудад түр байруудыг барьж босгох, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
АНУ-ын хилийг чиглэн 6500 хүн бүхий “цагаачдын томоохон цуваанууд” хөдөлсөөр байна гэж хэвлэлийн хуралд оролцсон хилийн албаны төлөөлөгч Кевин Макалейнан мэдээллээд “Бид тэдэнд Америкт хууль бусаар нэвтрэх боломж өгөхгүй” гэж цохон хэлжээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг