sonin.mn
Улс орны хөгжлийн гол хөдөлгөх хүч болсон жижиг дундынхны мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд хувааж идсэн нь ил болж нийгэмд шуугиан тарьсан энэ өдрүүдэд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга С.Ганбаатар нар МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах  аянаа  Өвөрхангай, Баянхонгор  аймагт үргэлжлүүлсэн юм. Орон даяар жилийн турш  үргэлжилж буй Шинэ дээд хуулийг батлуулах санал авах ажиллагаанд одоогоор 400 мянган сонгогч  нэгдээд байна.  МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар намын ажлын албаны хамтаар Арвайхээр хот  Харинхорин, Хужирт, Тарагт, Нарийнтээл, Уянга, Баянхонгор аймгийн төв Баян-Овоо, Шаргалжуут, Эрдэнэцогт, Өлзийт сумын ард иргэдтэй Хөгжимт драмын театрт нэгдсэн уулзалт, айл өрхөөр цайны уулзалт хийж Шинэ дээд хуулиа танилцуулав.
Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтээрээ нэгдэж, санал асуулгад оролцож байсан шигээ МАХН-аас боловсруулсан БНМУ-ын Шинэ дээд хуулийг бүх нийтээр дэмжиж саналаа өгөх цаг үед ирээд байгааг тэд уулзалт бүрийнхээ эхэнд онцолж байлаа. 1992 оны хууль нийгмийн өөрчлөлтөө дагаад өнөөдөр хүн амьд явах ,эрүүл энх аж төрөх, сурч боловсрох язгуур эрх ашиг нь алдагдсан. Байгалийн баялаг ард түмний өмч биш төрийн өмч нэрийн дор төрд гарсан эрх мэдэлтнүүд гадаадын иргэдтэй үгсэн хуйвалдаж хувааж идэх боломжийг одоо мөрдөж буй хуулиар олгосон нь учир дутагдалтай юм.Тиймээс байгалийн баялгаас Монголын гурван сая иргэн тэгш хүртэж, шүүх засаглалыг ард түмэн өөрсдөө сонгож шудрага ёсыг тогтоох хууль хэрэгтэй. Тэгвэл ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх БНМУ-ын Шинэ дээд хуулийг манай олон эрдэмтэн, хуульчид хоёр жилийн хугацаанд судалж боловсруулсан. Тиймээс амьдралаа дээшлүүлж, ажилтай орлоготой,  төрийн өмчийн их, дээд сургууль болон  эмнэлэгт үнэгүй үйлчилгээ авч сурч боловсрох, шүүгчийг ард түмэн сонгодог, хүн төрийн хамгаалалтад орж, төрөөс үнэгүй орон сууцанд орох боломжоор хангагдахыг хүсч байвал  одоогийн хуулийг бидний боловсруулсан энэ хуулиар яаралтай солих хэрэгтэй байна  гэж Н.Энхбаяр  тайлбарлаж  байв. Энэ талаар заасан заалт бүрийг иргэдтэй хамтран уншиж, харилцан ярилцаж тэдэнд ойлгуулж байлаа. Харин нэгэнт батлагдсан хуулийг буруу зөв гэж маргалдаж хуулиа шинэчилж байгаа нэрийдлээр иргэдийнхээ төлөө биш  дарга нар өөрсдийнхөө эрх мэдлийг улам бататгаж зам нөхөж жил бүр төсвийн мөнгөнөөс саадаг шиг нөхөөсний хууль батлах гэж байна. Оюутолгой, Тавантолгойн ордыг ард түмэнд өгүүлэх гэж зүтгэсний хариуд шоронд сууж бие сэтгэлээрээ хохирсон Н.Энхбаяр өнөөдөр тэр бүх хэлмэгдлийг давж, хатуу хүтүүтэй нүүр тулсны эцэст  та бүхнийхээ амьдралыг, улс орныхоо хөгжилд үсрэлт авчрахын тулд жирийн иргэдтэйгээ хэдэн мянган км замыг туулж Дээд хуулиа өөрийн биеэр танилцуулж байна.
 
 
Эртний Монголын  нийслэл Хархорины туурийг сахиж үлдсэн өвөрхангайчууд, Манжийн эсрэг цогтой тэмцэгч ард Аюушийн түүчээ болсон Сайн ноён хан аймгийн үр сад болох баянхонгорчууд минь сэрцгээ үр хүүхдийнхээ төлөө эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө Шинэ дээд хуулиа батлуулахад бусдаас түрүүлж хөдөлнө гэдэгт найдаж байна хэмээн С.Ганбаатар онцолж байв. Иргэд ч үүнтэй санал нэгдэж санал авах хуудсыг зуу, зуугаар нь авч айл хотол, хамаатан садан, ах дүүсээрээ гарын үсэг зуруулна гэв. Өвөрхангай аймгийн иргэн Д.Даваадамба “Одоо мөрдөж буй Үндсэн хууль муу байгаагаас Монголын ард түмэн ядуу амьдарч байна. 1992 онд баталсан энэ хууль 1962 онд баталсан Үндсэн хуулиас дор хууль болсон. Ард түмнийг ажилтай, орлоготой байлгах  бүх үйлдвэрийн газар  хувьчлагдаж хаагдснаас өнөөдрийн нийгэмд баян, ядуугийн ялгаа гарсан. Нийгэмд  баян, ядуугийн ялгаа гарч жирийн ард иргэдийн амьдрал хүнд байдалд байна. Монголын ард түмнийг ядуу амьдралын гацаанаас гаргах гарц МАХН-аас дэвшүүлсэн БНМУ-ын Шинэ дээд хуулийг батлуулах нь чухал гэдгийг ойлголоо” гэлээ. Өвөрхангай, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт болсон уулзалтад иргэд Шинэ дээд хуулийг дэмжихээр заал дүүрэн цугларсан байв. Иргэд  хоёр намыг ээлжлэн сонгосоор 26 жилийг ардаа хийлээ. Ард түмний амьдрал дээшилсэн үү гэвэл үгүй.  Улам доройтож, ажилгүйдэл, ядуурал газар авч, шудрага ёс алдагдлаа. ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээлийг  сайд, дарга нарын хамаатан садан, эхнэр хүүхэд  авах боломжийг олгож жирийн иргэдийг ялгаварлалаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  хуульд малыг төрийн хамгаалтад авч, хүнээ уландаа гишгэсэн ийм л заалт байгаа нь монгол хүний үнэ цэнэ алдагдсан. Тиймээс энэ Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж Шинэ дээд хуулиар яаралтай солихыг уриалж, иргэд ч дэмжихээ илэрхийлж байв. Баянхонгор аймгийн иргэн Л.Ганхуяг “ Би хоёр дээд сургууль төгссөн.  2008 онд 40 гаруйхан насандаа төрийн албаны шалгалт өгч 200 гаруй хүнээс хамгийн түрүүнд зогсож байлаа. Тэгээд Эрдэнэцогт сумын газрын даамлаар томилогдсон. Гэвч тус сумын Засаг дарга н.Төмөрбаатар /тухайн үед ч Засаг дарга байсан. Одоо ч Засаг дарга хэвээрээ/ намайг ажилд аваагүй. Ингээд 10 жил шүүх цагдаагаар явсан. Шүүхээс миний талд шийдвэр гардаг ч тэр дарга намайг ажилд аваагүй. Өнөөдөр би 50 гарлаа. Манайх таван хүүхэдтэй. Энэ жил бага хүүхдээ сургууль төгсгөх гэж хүний гутлын ул долоохоос бусад бүх хар бор ажлыг хийсэн. Гэтэл өнөөдөр эрүүл мэнд муудаж зөвхөн онош тавиулахад нэг сая төгрөгийн зардал гарахаар боллоо. Бидний үеийн над шиг хүн олон байна. Тэгэхээр би хүүхэд, ач зээ нарынхаа төлөө энэ Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө зүтгэхээс өөр сонголт алга. 40-55 нас бол ажил амьдралын тухайд ид залуу нас. Гэвч 1992 оны Үндсэн хууль биднийг шударгаар ажиллаж хөдөлмөрлөх тэр эрхийг хааж зэрлэг нийгэм рүү түлхсэн” гэж байв. Энэ мэтчилэн явсан газар бүрт иргэд бухимдлаа илэрхийлж Шинэ дээд хуулийг дэмжиж гарын үсгээ зурсаар. Түүнчлэн хаа сайгүй шатахууны үнэ өссөнөөс Хужирт, Хархорин сумын малчид нүүдлээ хийж чадахгүй байгаа аж. Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдэж малчид, ард иргэдэд хүндээр тусч хоногийн хоолоо арай ядан залгуулж байна.  Ийм хүнд цаг үед биднийг тоон ирж  улстөрчийн зовлон зүдгүүр, хэлмэгдлийг яс махаараа мэдэрсэн Н.Энхбаяр дарга маань ойлгоно. Зовсон хүн л хүний зовлон, ядуу зүдгүүрийг ойлгодог гэдэг үнэн юм. Түүнээс биш цатгалан нь өлсгөлөнгөө мэддэггүйтэй адил сайд, дарга нар биднийг хэзээ ч тоож ирж байгаагүй хэмээн  тэд ярьж байв. Үндсэн хуулийг нийт сонгогчид, ард түмний 51-ээс дээш хувь нь өөрчлөхийг хүсч саналаа өгсөн тохиолдолд үндсээр нь өөрчилж шинэ хуулиар солих боломжтой аж. Тиймээс БНМУ-ын Шинэ дээд хууль батлагдах боломжийг  одоогийн Үндсэн хуульд зааж өгсөн нь ганц зөв заалт ажээ.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин