sonin.mn
“Эртний хүннүчүүдээс нааш Сяньби, Нирун, Киданчууд, хожим нь Монгол хүртэл цөм тэнгэр шүтдэг бөгөөд түүний дагуу шинжлэх ухааны ойлголт ч буй болжээ. Энэ бол эртний монголчуудын одно орон судалын анхны үүсвэр болно. XII-XIII зууны үеийн монголчууд нь Монгол нутагт амьдарч байсан эртний улсууд, тэр дундаа Хүннүгээс улбаалан Киданд өндөр хөгжилтийг олсон зурхайн мэдлэг ухаан, одон орон судлалыг ихэд сонирхон анхаарал тавьж элдвээр тэтгэн дэмжиж цаашид дэлгэрүүлэн хөгжүүлж байсан нь түүхийн сурвалж бичгүүдэд арвин байна...
 
Чингисийн эзэнт гүрний үед эртний улсуудын зурхайн асар их өв уламжлалаас гадна зэргэлдээ оршин буй орны эрдэмтэн мэргэдийг ашиглан бөө мөргөл, төгөлгч, зурхайчдын бие даасан сүм дуган ажиллуулах хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан байна” гэж зурхайч, доктор Д.Мөнх-Очир “Монголын одон зурхай, зурхай судлалын түүх” номдоо өгүүлсэн байдаг. 
 
Энэ бүхнээс үзэхүл монголчууд эрт дээр үеэс одон орон, тэнгэр эрхэс, тэдгээрийн явдал суудал, тэр нь дэлхий хийгээд хүмүний аж төрөл, заяа төөрөгт хэрхэн тусч нөлөөлдөг тухай сайн мэддэг, нарийн зурж тооцоолдог байжээ. Зурхайч, др. Д.Мөнх-Очир дээр дурдсан бүтээлдээ бичихдээ: “Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан зурхай гэдэг үгэнд хийсэн өөрийн тайлбартаа: “Монгол төлөгч мэргэдийн хэлэхээр зурхай гэдэг үр Зүүнгарт(Баруун Монгол) эртнээс байжээ. Зурхай гэдэг үг бол төсөөлөн бодох гэсэн утгатай монгол үг юм. Бас заяа бодогч гэсэн утгатай” гэж гайхалтай нарийн тодорхойлжээ. Бодож тооцоолох гэсэн утгатай энэ үгийг Я.Цэвэл “Тооны ба одон орны ухааны ерөнхий нэр гэж оновчтой тайлбарласан бол зурхай судлаач Ш.Агваандондов “Дорно дахины ард түмнүүдийн түгээмэл шинжтэй бөгөөд бас улс орны өвөрмөц онцлогийг тусгасан од зүйн ухааныг зурхай хэмээн нэрийднэ” гэжээ” гэсэн байна. 
“Монголчуудын одон зурхайн мэдлэг ухаан нь Хүннүгээс эхлээд улам дэлгэрэн хөгжсөөр Юань улсын үед бүрэн цогц зурхайн шинжлэх ухаан болж бүрэлдсэн байна. Агуу их эрдэмтэн Пьер Симон дэ Лаплас “XIII зуунд Хүлэгү хаан Мерагуд төгс төгөлдөр сайхан одон орны оргил барихыг тушааж байсны адил түүний ах Хубилай Хятадад одон орны ухааныг ивээн тэтгэж байв. Энэ үндэстний дотроос Үлэг бэхи одон орныг гойд сонирхож хамгийн агуу судлаачдын тоонд хүрсэн юм” гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч Мөнх, Хубилай, Хүлэгү төрсөн ах дүү гурав бол Монгол орны одон зурхайн үйлсийг дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан хаад болно.” Д.Мөнх-Очир “Монголын одон зурхай, зурхай судлалын түүх” Улаанбаатар, 2012 он, 22-23-р тал.
Бээжин хотын төвд Сичэн дүүргийн Зенгүөмэн гудамжинд оршдог энэ газар нь Хубилай хааны тэнгэр шинжих ордон хэмээх байгууллага бөгөөд тухайн цагтаа өөр газар байрлаж байгаад энд нүүж ирж байрласан юм. Зурайн ухаан нь одот тэнгэрийн эрхэс, байгаль газар зүй, он цаг тоолол, цаг агаар гэх мэт байгалийн үзэгдлийг судалдаг учраас цэргийн хэрэг, худалдаа арилцаа, мал аж ахуй, газар тариалангийн ажил үйлд онцгой чухал ач холбогдолтой байсан юм. Монголчуудын уламжлалт зурхайн ухаан буюу одот ертөнцийн шүтэн барилдлагыг судлах ухааны хөгжилд Юань улсын үе онцгой үүрэг гүйцэтгэж, дорно өрнийн шилдэг эрдэмтдийн оролцоотойгоор одон орон судлал, тоо бодлого, газар зүйн ухаан давшингуй хөгжсөн байна. Хубилай хааны зарлигаар Хаанбалгас хотноо европ, араб, персийн нэрд гарсан математикч, одон оронч, зурхайч эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж хамгийн боловсронгуй багаж хэрэгслийн тусламжтайгаар шинжилгээ судалгаа хийдэг байсан талаар түүхэн сурвалж бичиг, судлаачдын бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Тэдгээрийн заримынх нь нэрсийг дурдвал Ала-ад Дин, Жамал-ад Дин, Ихэдэр, Шамс зэрэг араб, перс зүгийн, Анигаа зэрэг балбын, Гарма Рагшундорж зэрэг түвдийн, Жү Ли, Ли Као, Жү Жэньхэн, Гүо Шоузин, Ли Зэмин зэрэг хятадын эрдэмтэд бий. Бас монгол, хитан, хотон, уйгур эрдэмтэд ч олноор ажиллаж байжээ. 
Хубилай хааны үед Одон орны судлалын төв буюу Тэнгэр шинжих харш нь Түмэн наст уулын өмнө этгээдэд өнөөгийн Бэйхай цэцэрлэгийн Дүгрэг хотын дотор байжээ. Зурхайч, доктор Д.Мөнх-Очир дээрх бүтээлдээ: “Хаанбалгас дахь Юань улсын үеийн одон орны оргил ба Бэээжингийн од гаргийн үзэгдлийг шинжих оргил нь Юань гүрний үеийн одон орны оргилын байдлыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм. Хубилай хааны тусламж дэмжлэгтэйгээр 1279 онд Бээжингийн зүүн хотын хэрэм дотор төлөвлөж бүтээн босгосон Хаанбалгас хотын одон орны оргилыг уран барилгын мэргэжилтэй, одон зурхайд авьяастай, Балба улсын иргэн Анигаа хариуцан бариулжээ” гэсэн байна. Тэр нь гучин таван тохой өндөр, эргэн тойрон нь далан тохой хэмжээтэй, давхар дээвэрт дугуй оройтой харш байв. Тухайн үед Хубилай хаан эндээс тэнгэр эрхэс, од мичидийн явдал хөдөлгөөнийг дурандан шинждэг, бас тэр цагийн нэрт одон орончид цаг тооны бичиг, зурхайн зурлага үйлддэг байсан  энэ харш өнөөдрийг хүрч бүрэн бүтэн үлдсэн цөөн хэдэн барилга байгууламжийн нэг тул түүх, соёлын үнэт өвд тооцогддог юм. Хубилай хааны шууд идэвх санаачлагатайгаар байгуулагдаж, ихэд хөгжсөн Тэнгэр шинжих ордон нь хожим Мин улсын үед бууриа сэлгэж, өнөөгийн Бээжин хотын Чаоян дүүргийн Зяньгүө мэннэй гудамжинд байрлах болжээ. Энд буй Тэнгэр шинжих ордон өдгөө музей болсон агаад доторх үзмэрийн зүйлс нь Юань улсын үед хэрэглэгдэж асан янз бүрийн оньсон багаж, хэрэгслүүдээс бүрсдэн байдаг. 
 
Монголчууд эрт дээр үеэс од мичдийн тохиол, шүтэлцээ холбоог сайн мэддэг байв. МТӨ III-I зуунд сайн өдөр цагийг сонгон үзэж тогтоодог байсан тухай эрдэмтэн судлаачдын бүтээлд бичсэн байдаг. Энэ нь нүүдлийн аж ахуйн шаардлагаас үүдэн гарсан нь ойлгомжтой. Од, гариг эрхсийн хөдөлгөөний утга, зүй тогтлыг өвөг дээдсээсээ уламжлан судалж, тэр талаар олж авсан мэдлэгээр амьдрал ахуйгаа залж жолоодсоор ирсэн түүхтэй. Хүннү улс арван хоёр жилийн цаг тооны бичиг хэрэглэж, байгаль орчинтойгоо зохицон аж төрдөг байжээ. Нирун улсын хаан Шөлунь одон зурхайн ухаанд чамгүй сайн байв. Их Монгол Улс байгуулагдаж сайд нараа томилохдоо одот тэнгэрийг шинжиж, он жил, сар өдрийг тодорхойлон цаг улирлын тооны бичиг зохиож, наран саран хиртэхийг урьдчилан мэдэж, хаанд айлтгаж байх үүрэгтэй төрийн бэхи гэх албан тушаалд Үсүн өвгөнийг томилсон тухай “Монголын нууц товчоон”-нд бичсэн байдаг. Чингис хааны сайд Елүй Чуцай баруун зүгийн аян дайнд оролцон, зурхайн аргаар цаг агаарын байдлыг урьдчилан хэлж, дайн тулаанд орох зөв өдөр цагийг тодорхойлж, сар хиртэх цаг хугацааг зөв тогтоож чаддаг эрдэмтэй хүн байжээ.
Монголчуудын ноёрхол баруун, зүүн, өмнө тийш өргөжин тэлж, газар зүйн нээлтүүд хийхийн хэрээр газар зүйн ухаан шинэ түлхэц авчээ. Одон оронч, газар зүйч Жамаль-ад Дин 1267 онд Хубилай хаанд дэлхийн газрын бөмбөрцөг ба зургаан төрлийн одон орон судлалын багаж гардуулсан тухай сурвалж бичигт өгүүлсэн нь сонирхолтой мэдээ болно. Тэрбээр эдгээр одон орон судлалын багаж хэрэгслийг өөрөө хийж бүтээсэн ажээ. Бөмбөрцгөө бөмбөг хэлбэртэй модоор хийж, долоон хувийг нь ус, түүнийгээ ногоон өнгөөр, гурван хувийг нь газар шороо болгож, цагаан өнгөөр үйлджээ. Мөн бөмбөрцөг дээр гол мөрөн, тэнгис далайг тэмдэглээд жижиг дөрвөлжин тороор бүрхсэн нь газар орны хэмжээ, хол ойрыг хэмжихэд зориулагдсан байжээ. Уг бөмбөрцөгт дэлхийн усан газаргуу ба хуурай газрын харьцааг 30х70 хэмжээтэй гаргасан нь туйлын нарийвчлалтай байжээ. Өнөө үед уг харьцааг 29.2х70.8 гэж тогтоосон байдаг. Жү Сыбэн гэдэг эрдэмтэн Юань улсын үед өөрийн биеэр өргөн уудам газар нутгаар аялан явж, бас газар зүйн сэдэвт ном бүтээлүүдийг судлан үзсэний дүнд 1311-1320 онд хятад ба хөрш зэргэлдээх улс орнуудын газрын зургийг үйлдсэн юм. Түүний үйлдсэн газрын зураг анхны жинхэнэ эхээрээ бидний үед ирээгүй боловч хуулбар нь хадгалагдаж үлдсэн байдаг. Түүний газрын зурагт Хятадаас гадна Монгол, Дундад Азийн газар орныг хамруулж, уртраг, өргөргийг нь гаргаснаараа онцлог бөгөөд дэвшилттэй юм. 
Юань улсын үед хуучин Алтан улсын үеэс үлдсэн Хасын шинжлэлийн оргил буюу Одон орон судлах оргилыг шинэчлэн тоногложээ. Тэр үед зурхай хийгээд одот тэнгэрийг судлахдаа олон янзын багаж хэрэгсэл хэрэглэдэг байсныг дурдвал бүхэл тэнгэрийн дүгрэг дүрэмт сав, бүхэл тэнгэрийн одон гаригийг бодож магадлах дүрэмт сав, хавар намрын хугас дундын нарны сүүдрийн танхим, өвөл зуны туйлын нарны сүүдрийн танхим, өдөр шөнийн цаг мөчийн дүрэмт сав, хасын шинжлэл хэмээх их дуранбай, тэнгэрийн дүрэмт сав, шар замын дүрэмт сав, жаран даруагийн дүрэмт сав буюу даруа алслах дүрэмт сав, сувд эрхилгэ хэмээх нарны цаг, наран хэмжүүр хэмээр нарны цаг, цагийн хэмжүүр зэрэг болно. Мөн үеийн хятад гаралтай Гүо Шоузин (1231-1316) хэмээх эрдэмтэн 1280-1281 онд хятадын уламжлалт цаг тооллын аргыг арабын цаг тооллын аргатай харьцуулан судлаад “Цаг улирлын хуанли” хэмээх алдарт бүтээлээ туурвиж Хубилай хаанд танилцуулсан байна. Тэрбээр дэлхийн нэг жилийн үргэлжлэх хугацааг 365.2425 хоног гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрүүтэй байна гэсэн үг юм.  
Юань улсын үед зам, тойрог, гацаанд зурхайн сургуулиудыг байгуулж, одон оронч, газар зүйн мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэн гаргадаг байв. Сурвалж бичигт тэмдэглэснийг үзвэл 1291 онд замуудад зурхайн сургууль байгуулж, зурхайн ухаан төгс эзэмшсэн хүмүүсийг багшлуулдаг, сурлагаар тодорсон сурагчдыг жил бүр нийслэлд ирүүлэн шалгалт аваад Одон орон судлах төвд ажиллуулдаг байжээ. Аюурбалбад хаан зурхайн ухаанд нэвтэрсэн мэргэдийг суралцсан түшмэлд дэвшүүлэн ажиллуулах, тэдгээр хүмүүсийн хэргийг Одон орон судлах төвд хамааруулах шийдвэр гаргасан байдаг. Тус төв нь од гариг, тэнгэрийн эрхэс, өдөр цаг, цалабар зэргийг тодорхойлон тогтоон гаргах үүрэгтэй албан байгууллага бөгөөд 1278 онд байгуулагдан, захирах түшмэл, 7 туслах албаттайгаар үйл ажиллагаа явуулж байв. Хубилай хаан Марко Пологийн эцэг Николло ба авга Маттео Поло нараар Ромын хамба ламд захидал илгээн, зурхайгаар мэргэшсэн мэргэдийг оролцуулан нэг зуун эрдэмтэнг Юань улсад ирүүлэх тухай хүсэлт тавьсан тухай эрдэмтдийн бүтээлд бичсэн нь бий. 
Бээжин хотын төвд оршдог энэ газар нь Чаоян дүүргийн Зянгүөмэн хороололд оршдог бөгөөд энэ нь Дайду-Хаан балгасын хэрмийн зүүн урд үзүүр юм. Одоогийн байгаа 18 метр өндөр, 24 метр урт 20 метр  өргөн цамхаг бүхий хэрмэн барилгууд нь Мин төрт улсын үед буюу 1422 онд баригдсан Одон орны оргил юм. Гэхдээ энэхүү Одон орны оргилын үндэс нь Юань улсын үед Хубилай хааны байгуулсан Тэнгэр шинжих ордноос уламжлалтай ажээ. Хубилай хаан 1279 онд дорно, өрнийн олон зурхайч эрдэмтдийг цуглуулан Тэнгэр шинжих ордон байгуулах тухай зарлиг буулгаснаар одоогийн энэ байрлалаас холгүй чанх зүгт нь Чан ань өргөн чөлөөний хойд талд байгуулсан нь энэхүү Одон орны оргилын үндэс суурь болсон байна. 
Юань улсын үед ийнхүү их хааны зарлиг, шууд ивээл дор байгуулагдсан энэ байгууллага эрчтэй ажиллаж, богино хугацаанд олон арван одон зурхайн ном судар бичиж туурвин, араб, перс хэлнээс холбогдох судар бичгүүд орчуулан, од эрхэс, нар, сарыг дундах янз бүрийн дуран авай, тэдгээрийн явдал, орчлыг хэмжих тооцох асар их нарийвчлалтай багаж хэрэгсэл үйлдэх зэргээр, нэг үгээр хэлэхэд тухайн салбарын баттай эх үндсийг тавьж чадсан байдаг. Хожим нь Мин, Чин төрт улсын үед тэдгээр ном судар, багаж хэрэгслийг дахин хэвлэж, үйлдсэн нь өнөөдөр энд ховр нандин үзмэр болон хадгалагдаж байдаг. 
Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” хэмээх нэртэй аяллын тэмдэглэлд дурдсаныг үзвэл: “Тэр цагт Дундад Азийн араб, перс газар одон зурхайн ухаан түлхүү хөгжсөн байсан тул Хубилай хаан тэр зүгт идэвхтэй холбоо тогтоож, холбогдох ном судар авчруулж орчуулуулах, багаж хэрэгслийг дуурайн үйлдэж ашиглах, түүнчлэн нарийн мэргэшсэн одон зурхайч нарыг урьж ирүүлэн өөрийн дэргэд энэхүү Тэнгэр шинжих ордондоо ажиллуулах зэргээр энэ албыг өөрийн шууд мэдэлд байлган  удирдаж байсан түүхтэй. Түүх бичлэгт тэр үед ажиллаж байсан араб, перс, хятад, монгол одон оронч зурхайчдын алдар нэр тэмдэглэгдэн үлдсэн бий. 
Энд Цаг улирлын бичиг зохиох, од эрхэсийн байршил, хөдөлгөөнийг ажиглах, тэнгэр шинжих, зурхайн зурлага үйлдэх, мэргэ төлөг үзэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нэн ялангуяа жил бүрийн цаг тооны бичгийг нарийн сайн үйлдэн өвлийн тэргүүн сарын нэгэнд их хаанд өргөн барих, нар, сарны хиртэлтийг тооцож үзүүлэх зэрэг үүрэгтэй байжээ. Учир нь эзэн хаан бол Тэнгэрийн хөвгүүн учраас нар, сарны хиртэлтийг урьдчилан эс мэдвээс Тэнгэрт үл таашаагдаж, хааны хийморь лундаа эгнэгт харина гэж үздэг байв. Түүнчлэн эзэн хаан өргөл, мөргөл үйлдэх, дээдсийг сүнс сүлдийг тахиж  тайх, аян дайн, аялал жуулчлал, ав гөрөөнд мордох зэрэг хаант төрийн аливаа ёслол, үйл хэрэг ямагт зурхайн тооцож тогтоосон сар, өдөрт болдог байжээ” гэсэн байна. 
Марко Пологийн тэмдэглэл, “Юаньши” буюу “Юань улсын судар” зэрэг түүхийн сурвалжуудад өрнө, дорнын олон улс орноос одон орон судлаач, зурхайч, тоо зүйч өдий төдий эрдэмтэн мэргэд Монголын их хааны ордонд хуран цуглаж, тухайн цаг үед дэлхий дээр өөр хаа ч байгаагүй тийм их хэмжээний эрдэм номын ертөнцийг бий болгож байжээ. Энэ тухай Марко Поло Юань гүрний үеийн мэргэ төлөг, зурхайн ажил үйлийн талаар сонирхолтой мэдээ баримт дурдсан байдаг нь дараах мэт ажгуу: ”Камбалу хотын христос мөргөлтөн, сарацин хүмүүс, нангиад нарын дотор таван мянга орчим зурхайч, төлгөч нар байсан бөгөөд их хаан тэднийг дээр өгүүлсэн үгээгүй ядуучууд лугаа нэгэн адил жил бүр хувцас хунар хоол хүнсээр хангадаг байжээ. Харин тэр төлгөч зурхайч нар хотдоо сууж одон зурхайн ажлаа байнга үйлдэнэ. Тэд од гариг, тэнгэр эрхсийн орчлыг шинжиж  мэдэх тэгтэй бөгөөд түүн дээрээ нэг бүтэн жилийн шинж тэмдэг, цаг хэмжээ болон хэдэн орон суудалтай зэргийг тэмдэглэдэг ажээ.
Тэдгээр христос мөргөлтөн, сарацин хүмүүс болон нангиадын зурхайч нар тэнгэрийн эрхсийн орчил, тэдний харилцах суудлаар цаг улирал ямар байх, мөн жилийн сар бүрийн онгцлог зэргийг шинжиж тодорхойлохын тулд сар бүрийн байрлалд зохицуулан жил бүр өөр өөрсдийн хүснэг тэгээ ажиглан үзэж тэр жилийн орчил, шинж байдал, төлөвийг мэддэг ажээ. Үлгэрлэвээс ямарсард тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурган болох, газар хөдлөх, догшин ширүүн бороо  орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох хийгээд дайн байлдаан, хэрүүл цуугиан, хямралдаан, ов ялууллага, үүсэхн зэргийг урьдаас тааварлан хэлдэг байжээ. 
 
Тэд нар өөрсдийн шинжиж мэдсэний хэрээр энэ сард ийм тийм юм болно хэмээн зарлахын дээр тэр болох хэргийг бурхан тэнгэр өөрийн тааллаар их  бага аль нэгэн хэмжээгээр өөрчилж болно гэж нэмэн өгүүлдэг байжээ. Мөн тэд тусгай бяцхан дөрвөлжин хүснэгтэнд тэр жилд тохиолдох бүх үэзгдлийг тэмдэглээд уг хүснэгээ такуини хэмээн нэрлэх ба түүнийгээ ирээдүйн явдлыг урьдчилан мэдэхийг хүссэн бүгдэд нэг ширхэгийг Венецийн нэгэн зоосоор хадалддаг байжээ. Хэний хэлсэн зөн таавар илүү үнэн болно, тэр хүн тухайн эрдэмдээ хамгийн төгс мэдлэгтэй гэгдэж хамгийн их нэр хүндийг олдог байжээ.
Та бүхний мэдвэл зохих зүйлийн нэг бол татар хүмүүсийн он жил хугацаа хэмжих тоолол болой. Татарууд арван хоёр жилийг нэг мөчлөг  “үе” болгож цаг улирлыг тоолдог заншилтай. Тэд тэргүүн оныг арслан хэмээн нэрлэж дэдийг үхэр, гутгаарыг луу, дөтгөөрийг нохой гэх мэтчилэн арван хоёр жилд нэг нэг нэр өгчээ. Хэрэв хэн нэгэн хүнийг хэзээ төрсөн буй хэмээн асуувал тэрээр: Арслан жилийн тийм өдөр буюу шөнө, тийм цагт, тийм мөчид хэмээн хариулах ажээ. Энэ бол тэдний эцэг эх нь тэр бүгдийг тусгай дэвтэрт маш нягт нямбай тэмдэглэн хөтөлж мөрддөгийн учир болой. Арван  хоёр жилийг заан нэрлэсэн арван хоёр тэмдэг дуусмагц дахин анхны тэмдгээс эхлэн түрүүчийн дэс дарааллаар тоолж мөн  нэгэн эргэлт болно. Энэ мэтээр цаг тооллыг хэмждэг” гэсэн байна. Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” Улаанбаатар, 1987 он,    -р тал. 
Ерөөсөө Хубилай хаан бол соёл, урлаг, шинжлэх ухааныг ихэд хөхиүлэн дэмждэг, тэр чинээгээрээ нийгмийн эдгээр салбаруудыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон хүн юм. Тэрээр алдарт аялагч Марко Пологийн эцэг Николло ба авга Маттео Поло нараар Ромын хамба ламд илгээсэн захидалдаа зурхайн ухаанаар мэргэшсэн эрдэмтэн мэргэдийг оролцуулсан нэг зуун эрдэмтнийг Юань улсад илгээхийг хүсч байжээ. Д.Наран “Монголчуудын төр ёсны боловсролын түүх” Улаанбаатар хот, 2001 он, 120-р тал. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар