sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн ч УИХ-ын дарга хүлээн зөвшөөрөөгүй билээ.
УИХ тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн шаардлага дахь уг саналын үндэслэлүүдийг дурьдахдаа: "Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.
 
Түүнчлэн
 
2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна." гэсэн байв.
 
Үүнээс хойш эрх баригчид ХХААХҮЯ-ий дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан, олгосон Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүнээр нь "авч үлдэв". Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Зээл авсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн төлж, уучлалт гуй гэсэн. Шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" хэмээн мэдэгдсэн хэдий боловч энэ иргэдэд огтхон ч хангалттай санагдахгүй байгаа тул жагсаал цуглаан, интернэт орчин дахь эсэргүүцэл огтхон ч зогсохгүйгээр үл барам улам хүчтэй болон үргэлжилж байна.
Үүнтэй зэрэгцэн У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн дотор ил тод яригдаж эхэллээ. Өнгөрсөн Лхагва гарагаас хойш МАН-ын нэр бүхий лидерүүд, УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа уулзан, уг асуудлыг ярилцсан бөгөөд хэрэв Засгийн Газрыг огцруулах шийд гаргавал МАН-ын удирдлагыг ч бүрмөсөн өөрчилж, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болсон МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нарыг ч огцруулах нь зөв гэж үзсэн байна. Мөн Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын ямар гишүүний бланк дээр гаргах вэ? гэдгийг ч хөнджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад өөрийнхөө албан бланк дээр Засгийн Газрыг огцруулах санал, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулахыг санал болгосон ч тэрээр өөрөө татгалзсан байна.
Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн 23 орчим  гишүүн Засгийн Газрыг огцруулсан нь зөв гэж санал нэгдээд буй аж.
Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд үүнтэй огтхон ч эвлэрэхгүй гэж шийдсэн гэх бөгөөд хэрэв өөрийнх нь удирдсан Засгийн Газрыг огцруулахаар санал албан ёсоор гаргавал ийм саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх хариу арга хэмжээ авах бололтой.
 
П.Мандах