sonin.mn
(Дуустал нь уншчихаад шүүмжлээрэй дээ)
 
Улс төрийн намыг үзэн ядах хандлага, үл итгэх байдал өмнө байгаагүй түвшинд ортлоо унав. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн даяар тийм хандлага газар авч байна. Ер нь нам гэж юу юм бэ? Хулгайч дээрэмчдийн хуульчлагдсан үүр уурхай юм уу? Дан муу муухай шунал сувдагтаа идэгдсэн олиггүй хүмүүсийн нэгдлийн орон зай юм уу? Тэгвэл чөлөөт нийгмийг байгуулах, ардчилсан тогтолцоог аврах илүү сайн систем нь юу юм бэ?
Үзэн ядаж, муулан гомдоод байгаа ч яагаад намуудад саналаа өгч, оршин тогтнуулсаар байдаг юм бэ?
 
Өнөөдөр цахим орчин, орон зайд нэгнээ үзэн ядах, хүчирхийлэлд уриалсан хийрхэл галзуурлын түвшинд гаарсан аж. “Бүх намчинг бууд!” гэсэн сэтгэгдэл хүртэл таарах аж. Хэрвээ намын харьяалалтай бүх хүнийг буудвал 1937 оны хэлмэгдүүлэлтээс багаар бодоход даруй 10 дахин буюу Монголын хүн амын 10 хүн тутмын нэгийг устгах болно гэсэн үг. Намын гишүүн гэсэн нэрийдлээр хөдөө алсад, бэлчээртээ яваа адуучинг, дугаар хороонд тэтгэвэрээ хүлээн суугаа тарчигхан амьдралтай өвөө эмээг хүртэл заналхийлсэн болно.
 
Хүмүүс нам гэж үзэн ядаж буй ч хийсвэр зүйлийг үзэн ядаж буйгаа тэр бүр мэддэггүй. Нам гэдэн бол намын гишүүдийн дундаа тавьсан үзэл баримтлалыг хэлнэ. Тэр нь зарчим болохоос биш эзэн бие биш. Харин улс төрийн намуудыг удирдаж байсан, удирдаж байгаа, түүгээр дамжиж эрх мэдэлд хүрсэн, түүнийгээ хэрэгжүүлэх явцдаа алдаа гаргасан бол тийм хүмүүстэй харицлага ярих боломжтой.
Нам бол парламентат ёсны багана. Намуудыг үгүйсгэх нь парламентат ёсыг үгүйсгэнэ гэсэн үг. Тэгээд нэг хүний хүчтэй нударгад орох замаа тавина. Улмаар тэр хүнийхээ хязгааргүй ноёрхол, хувийн үзэмжид таарсан төртэй болно. Тийм нийгэмд хувь хүний орон зай, чөлөөт нийгмийн бүх боломжууд алга болно. Өнөөх чөлөөтэй шүүмжлээд байсан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь хүртэл хумигдана. Юу ч үгүй болно. Тэгээд сүүлдээ тэсвэрээ алдаад, дарлагдаж мөлжигдөөд хувьсгал хийнэ. Дахиад парламентад ёсоо байгуулах гэж бөөн цаг авна, хэдэн үеэрээ хохирно. Хүн төрөлхтөний түүх товчдоо ийм.
Тэгэхээр нөгөө намчдаа яах вэ? Хүчирхийлэлд уриалсан шигээ нухчин дараад илүү сайныг эрж хайх уу? Үгүй дээ, үгүй. Хувь хүн алдаа гаргаж болно, ямагт төгс байх боломжгүй. Гэвч хувь хүний эрхийг дээд зэргээр хамгаалсан нийгэм л нээлттэй ил тод зарчим дээр босдог. Тиймээс бид системээ засах ёстой. Парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний алдаанаас болоод үндэстэн хохирдог биш, дарангуйллын бус тогтолцоотой орон байх ёстой. Түүний тулд улс төрийн намуудын эрх зүйн орчныг шинэчилж, улс төрчдийнхөө ёс зүй, манлайллын зарчмуудад өндөр шалгуур тогтоох хэрэгтэй.
Нам муухай гээд намаас зугтаагаад байвал хэн та нарын хувь заяаг шийдэх вэ? Дарангуйлагч. Нөгөө муу намаас чинь мянга дахин аюултай гэдгийг хүн төрөлхтөний түүх харуулдаг. Монгол шиг цөөн хүн амтай, жижиг эдийг засагтай, бага бууурай орон нэг л удаа тийм хувь заяаруу хальтирвал энэ улс орноос хэчнээн мянгаараа хүмүүс дүрвэн зайлахыг мэдэхгүй. Сири ямар орон байлаа даа.
Улс төрийнхөн, намчид гэж харж буй тэдгээр хүмүүстээ өндөр шалгуур тогтоо. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд мэдлээллийг ил тод байлга. Ялангуяа санхүү мөнгөний асуудал дээр нээлттэй, шилэн, цахим байлга.
Улс төрийн намуудыг муухай гаж зүхээд зугтааж байхад чинь тэд таны оролцоогүйгээр таны ирээдүйг шийдэж байна. Та өөрөө оролцож байж, итгэл үнэмшлээрээ үйлдэл хийж байж гарч болох алдаанаас урьдчилан сэргийлнэ.
Одоо нам гэж хийсвэр ерөнхий зүйлийг үзэн ядах хэрэггүй. Харин аливаа намын нэрээр албан тушаал хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж буй хүмүүсийг ёстой хар цагаан өнгө харгалзахгүй шударгаар илчилж, баримт нотолгоон дээр нь барьж аваад төрийн бодлогоос холхон шиг байлгах хэрэгтэй.
Залуучууд намд орж байна. Бүгдийг яаж сонголтоо хийдэгийг мэдэхгүй. Зарим нэг нь хүн дагаж, зарим нэг нь боломж хайж, зарим нэг нь дарга болох гэж улс төрд ордог байж болзошгүй. Гэхдээ бүгд тийм биш. Нийгэмдээ идэвхтэй байж, ирээдүйдээ зөв эрүүл жишгийг бүтээх гэж итгэл үнэмшлээр энэ талбарт орж буй хүмүүсийн нүүр лүү бүү ус цац! Тэд зүгээр шүүмжлээд суухын оронд нэр төрөө эрсдэлд оруулан байж, тэр муу муухай гээд байгаа талбар луу чинь, фронт руу чинь зориг гарган орж байгаа. Тийм үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй олон хүн бий.
Нэг хулгай гарлаа гэхэд үр хөврөл нь олон жилээр үргэлжилсэн байдаг. Улс төрийн намууд орооцолдсон байдаг. Танай, манай гэлгүй шууд хуулийн дауу шийдээд явах хэрэгтэй. Нэг хулгайг шүүмжлээд ярихаар өмнөөс өөр хулгайн түүх дэлгэж анхаарал сарниулах гэж үзнэ. Хулгайг, бас хэргийг барьцаалдаггүй. Баримт нотолгоо бүрийг нам харгалзахгүй дэлгэх хэрэгтэй.
 
Бид үзэн ядалтын өвчиндөө нэрвэгдсэн байна. Түүний буруутан нь маш олон өнцөг. Толгой муутай хүмүүс тэр шалтгааныг ганц зүйл гэж хардаг. Толгой ажилладаг бол олон шалтгаант үйлдлээр тухайн зовлон нөхцөлдсөнийг харж болно.
 
Гэтэл ихэнх дарга нар өөрсдийн ашиг сонирхлын төлөө нийгмийг турхирдаг, нийгмийг харанхуй байлгахыг, үзэл ядалт, өш хонзондоо хэмлэлдэхийг хүсдэг шиг байна.
Улс төр зөвхөн хилийн дотор явагддаггүй. Хилийн чанадаас ч олон жүжиг дэглэгддэг. Монголчуудыг аль болох эв түнжиггүй байлгах тусам нэр нь унана. Түүхий эдийн үнэ ханш бага байна. Баялаг бүтэхгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарахгүй. Монголд аль болох бодлого биш хэрүүл яригдах тусам зарим улс оронд хэрэгтэй байдаг. Бид түүнийг гадарладаг ч хоорондоо л хэмлэлддэг.
Тэд “ал, цаазал, бууд, барь, хорь” гэдэг үгийн санг цахим орчинд зорилготойгоор түгээж иргэдийн бухимдлыг дэглэдэг. Ядаж байхад манай улсын олхиогүй дарга нар түүнд нь дэгээдэгдэж биенээ хэмлэдэг. Нэрмээс болоод өөрсдөө идэж ууж ЖДҮ цохиж байна. 
Гайгүй эрчүүдийг архичин, аль нэг орны эрлийз хоч өгнө. Гайгүй яваа эмэгтэйд хэн нэгний хамааралтай хүүхэн гэдэг хоч өгнө. Үзэн ядалт ингэж л эхэлдэг. Үзэн ядалт үндэсний дархлаа биш харин хорт хавдарын шалтгаан.
Тэгээд намчдаа буудах ёстой юу? Өөрийн амьдралын алдаа бүхнийг бусдад тохдог хүмүүс бол шулуухан хэн нэгнийг буруутгаж буудахад бэлэн байна. Хэрвээ үнэхээр бууддаг бол дараагийн сум өөрлүү нь чиглэхийг тэд мэддэггүй.
 
АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд