sonin.mn
Судлаач Д.Ганхуягийн эрхэлдэг ganaa.mn блог 3 сая хандалттай болжээ. Уг бахархалт үйл явдлыг тохиолдуулан эрхэм ах, судлаач Д.Ганхуягтаа баяр хүргэхийн сацуу ажлын өндөр амжилт, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.
 
Хүндэтгэсэн: Sonin.mn 
 
Өнөөдөр миний ganaa.mn блог 3 сая дахь хандалттай болов. 2008 онд Датакомын Д.Энхбатаар заалган байж блог нээж байсан минь саяхан л санагдана. Би “Ганхуяг” гэж нэр өгөх гэтэл Д.Энхбат “ganaa.mn” нь дээр гэж ятган байж энэ домен нэрийг авахуулсан билээ. Юм мэддэг хүн арай алсыг хардаг нь үнэн байж…
Блог нээснээ таньдаг мэддэг хүмүүс, шавь нартаа зарлаж заавал уншаарай гэсэн аман даалгавар өгнө. Тэгээд сахиад суучихна даа…Эхэнд үедээ өдөрт 20 хүн хандвал хагартлаа баярладаг байж билээ. Одоо бол өдөрт 500-аас доош хүн хандвал бараг уурлах шинжтэй. Хүн амархан давардаг гэж үнэн юм билээ…
Ингээд бичээд л байлаа, бичээд л байлаа…Зарим үед сард 12-14 өгүүлэл бичиж байсан галзуутай үе бий. Нэг хэсэг бараг өдөр тутмын сонин шиг ажиллаж байж арай гэж амжилт наашаа эргэсэн гэж би боддог.
Олон нийт эхэндээ огт тоохгүй байв, дараа нь магтаал, доромжлол хоёр зэрэг ирэв. Сүүлдээ байнгын уншигч дэмжигчидтэй болж, хандалтын тоо тогтмол ихэсдэг юм билээ.
Сүүлийн үед миний блогийг оюутан сурагчид хичээл номондоо өргөн ашиглах болж, олон хүн лавлах байдлаар ашигладаг болсон нь энэ хугацаанд гарсан чанарын өөрчлөлт болно. Одоо бол өдөрт 500-2000 хүн хандах болсон нь нэг хүний эрхэлж буй блогийн хувьд чамлахааргүй үзүүлэлт.
Миний блогт миний бичвэрээс гадна Ф.Гегель, Л.Фейербах, И.Кант, Л.Н.Гумилёв, Роберт Даль, П.Сорокин, М.Вебер нарын сонгодог онолчдын бүтээлийн орчуулгууд нэлээд бий. Мөн шинжлэх ухаан гэсэн бүлэгт онолын болон онол-арга зүйн шинжтэй цөөнгүй бүтээлүүд байдаг.
Миний бичвэр ч гэсэн улс төрийн болон нийгмийн анализ, онолын шинжилгээ гэсэн олон хэсэгтэй. Ямар ч гэсэн 2000-2018 оны, зарим тохиолдолд түүнээс өмнөх үеийн анализ шинжилгээ байгаа болохоор миний блог ямар нэг утгаар Монголын улс төр, нийгмийн үйл явцын нэн шинэ үеийн хронологийн үүрэг гүйцэтгэж чадна гэж бодож байна. Учир нь би бүтээлээ он сар өдөр, эзэн, хөдөлбөргүй баримт, фактын үндсэн дээр бичдэг учраас улс төр, нийгмийн үйл явцын лавлагаа болох бүрэн үндэстэй юм.
Хүмүүст, ялангуяа залуустаа системийн ерөнхий онол, системийн шинжилгээ, сиэнергетик, хаосын онол болон шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйн талаар анхдагч мэдлэг олгох гэсэн миний чин хүсэл ganaa.mn блогоор дамжин ямар нэг хэмжээгээр биелсэн гэж бодож байна.
Ганц хүний блог 3 сая хандалттай болно гэдэг бол Монголын түвшинд дээд үзүүлэлтдээ орох байх. Ийм амжилтад хүрэхэд намайг дэмжсэн, шүүжилсэн, хэрэлдсэн бүх хүний хувь нэмэр оролцсон гэж дүгнэх нь шударга хэрэг болно.
Ингээд ganaa.mn блогийг 3 сая дахь хандалтад хүргэж, энэ бүх хугацаанд надтай хамт байсан уншигч Та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?