sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгож, Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдсон түүхтэй. Өнгөрсөн 106 жилийн түүхэнд Монголын ард түмэн 30 Ерөнхий сайдын нүүрийг үзэж, 30 хүн Засгийн газрыг толгойлсон байх юм. Эдгээр 30 Ерөнхий сайдуудаас хамгийн их дуулиан тарьж, хамгийн их олны дэмжлэгийг авч, хамгийн том асуудал сөхөж гаргаж ирсэн хүн нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.  Өмнө нь Засгийн газар унаж, Ерөнхий сайд нарыг суудлаасаа буухыг уухайлан дэмждэг байсан олон хүн энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой хэмээн дэмжиж байна.
 
Сошиал орчинд иргэд У.Хүрэлсүхийг дэмжиж, парламентад суудалгүй 14 намын дарга нар түүнийг эхлүүлсэн ажлаа дуусгахыг зөвлөж, МАН-ын залуучууд, ахмадууд уриалга гаргаж, мэдэгдэл хүргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өмгөөлөв. Өнгөрсөн цаг үеийг эргээд харахаар  эрх мэдлийн буулган дор бүгдийг захирч, шашин төрийг хослон баригч хэмээн алдаршиж байсан Н.Энхбаярыг, эдийн засгийн мэдлэгээрээ толгой цохиж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргалыг, этгээд хэрнээ бусдын анхаарлыг өөр дээрээ байнга татаж чаддаг С.Баяр гээд 1990 оноос хойш засаг толгойлсон 15 Ерөнхий сайд нараас хэн ч У.Хүрэлсүх шиг олны дэмжлэгийг авч чадсангүй. 
 
Омголон, шазруун, хурц араншинтай, хэн нэгнийг даган аядуу зөөлөн байж, аль эсвэл тал засан зусардаж сураагүй У.Хүрэлсүх өөрийн гэсэн харизм, бас өөрийн гэсэн хатуу зарчимтай. Түүнд С.Баяр шиг эцэг эхийн дэмжлэг, нэр сүр, эсвэл Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр шиг тойрон хүрээлэгч байгаагүй. Жирийн нэг жолоочийн хүү, Монголын улс төрд хөл тавьсан цагаасаа эхлэн улс төрийн намын удирдагч нарын булхай, луйвар, шударга бус үйлдлүүдийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Залуу улс төрчид цаашид өөрийнхөө замыг засахын тулд том даргын цүнх барьж, эсвэл явдаг “АТМ” гэдэг нэр зүүтлээ дарга нарыг мөнгөөр угжиж, аажимдаа дарга нарын утсан хүүхэлдэй болон хувирч байгааг зүгээр нэг хараад суухыг хүсээгүй. 
Тэртээ 1997 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо л үүнийгээ байнга илэрхийлж, тэр үед намын дарга нарын харцаар хөдөлдөг, дагаж бөхөлздөг, үүнийхээ төлөө албан тушаалыг шагнал мэт гардан авч, өнөөх шагналынхаа хариуг барихын тулд юу ч хийхээс буцдаггүй байсан У.Барсболд тэргүүтэй намын чинээлэг залуучуудтай шөргөөцөлдөж эхэлсэн. У.Хүрэлсүх 2007 онд Монголын Зүүний хүчний холбоог байгуулж, намын шинэчлэлийн асуудлыг сөхөн гаргаж ирсэн. МАХН-д /хуучин нэрээр/ Н.Энхбаярын гэх том тойрон хүрээлэл үүсч, нам О.Цолмон хэмээх хатан хаантай болж байгааг хэн ч У.Хүрэлсүх шиг зоригтой хэлж чадаагүй. МАХН-ын залуучууд дээш өгсөхийн тулд О.Цолмон хатагтайд бэлэг сэлт, архи дарс барин гүйцгээж, хошуугаа худалдан, үнэнээ алдаж явах тэр цагт У.Хүрэлсүх л ганцаараа бүхнийг УИХ-ын чуулган дээр зарлаж орхисон. 
Тухайн үед О.Цолмон хатагтай УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гэртээ дуудаж авчраад үүрэг өгсөн юм гэнэлээ. Даргын эхнэрт долигнож чаддаггүй У.Хүрэлсүх  чуулганы  хуралдаан дээр Намбарын Энхбаяраас “Монголын төрийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу” хэмээн асууж, нүүрийг нь улалзуулсан. Үнэнийг асуусныхаа төлөөсийг ч тэр төлж, хандивын пургон машиныг Хөвсгөл аймгийн МАХН-ын хороонд аваачиж өгснийхөө төлөө ял хүртэл сонссон.
Энэ хэрэг У.Хүрэлсүхийг мохоогоогүй, харин ч улам хурцалж, Монголын цагдаа, шүүх, хууль хяналтын байгууллагыг эрх баригчид гар утасныхаа товчлуураар удирдаж байгааг биеэрээ мэдэрсэн хэрэг. МАХН-ынхан 1990 оноос хойш нэрээ солих, уугуул нэрээ сэргээх гэж оролдож, хэн ч зориглож чадахгүй байхад У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тэр  хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч,  олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаалаа хүссэн үедээ орхиж, хүлээлгэн өгч “сурсан” нэгэн. Тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайдын суудлаас сайн дураараа татгалзаж чадсан. У.Хүрэлсүх гэж ийм л хүн. Тэр анх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо л “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч тэр  концессын гэрээ, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны мөнгө, Эрдэнэтийн наймааны хэргийг сөхөж гарган, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг оролдож байгаа.
 
 Зарим хүн “У.Хүрэлсүх зөвхөн намынхантайгаа эв эвдэрч, идэж уусан гэдэг хэрүүл тарьж байна” хэмээн өнгөцхөн бодож байж магадгүй юм. Та андуурч байна. У.Хүрэлсүх намтай бус, намынхаа гишүүдтэй бус, Монголын улс төрд нүүрлээд байгаа олигархиуд, тэдний харцаар хөдлөн хэнд ч, ямар ч ял оноож, хэнийг ч, юунаас ч мулталж чаддаг, шударга ёсыг мөнгөөр арилжсан, хууль хяналтын байгууллагатай тэмцэж эхлээд байгаа юм. Монголын улс төрд 20-30 жил бугшсан албан тушаал, хээл хахуулиас үүссэн бэтгийг хагалж, идээ бээрийг шахах гэж, төрд шургалсан олигархиудын багийг хуулж хаях гэж оролдсныхоо төлөө Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх намынхаа тэрбумтнуудад ад үзэгдэн буланд шахуулж байна. УИХ-ын 75 гишүүн хоёр хуваагдаж, М.Энхболдыг дэмжих, эсвэл У.Хүрэлсүхийг хамгаалах уу гэдгээ шийдэж ядан, зарим нь энэ тэмцлээс ашиг хонжоо хайж, зарим нь албан тушаал горилон гүйлдэж байна. Харин ард түмэн У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. У.Хүрэлсүхийг зогсоох хүч одоо байхгүй. Тэр няцаж, буцаж, аль эсвэл үзэл бодлоо худалдаж, хэн нэгнээс айж эмээхгүй улс төрч гэдгээ өнгөрсөн 28 жил нотолчихсон юм.