sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулна, огцруулахгүй, УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтээрээ ажлаа өгөх ёстой, өгөх ёсгүй, Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөлөө, үгүй Ж.Батзандан, Л.Болд нар харин С.Эрдэнийг АН-аас хөөх тэмцэл эхлүүлнэ гэх мэт яриа, талцал Төрийн ордноор түгэж, ийм л зөрчлөөр Монголын улс төр амьсгалж буй билээ.
Гэтэл Монгол төгрөгийн Америк доллар, юаньтай харьцах ханш өдөр өдрөөр өсч, өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш  2632 болоод байна.
Монгол бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч, импортлогч орон.
Иймээс ч бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаад худалдааны ашиг гээд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ам.долларын ханштай шууд холбоотой. Ер нь бол жирийн иргэдийн талхны үнэд хүртэл нөлөөлдөг гол зүйл бол долларын ханш юм.
Гэтэл энэ талаар санаа зовж, ярьж, хөөцөлдөж байгаа хүн Төрийн Ордонд цөөхөн байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг л энэ талаар УИХ-ын бүтцийн байгууллагууд дээр тасралтгүй ярьж, сануулж байгаа нь ажиглагдаж эхэллээ.
 
11 сарын 30-нд Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр тэрээр М.Оюунчимэг ам.долларын ханшны өсөлттэй холбоотой асуудлыг хөндсөн нь фракц, бүлгээ ярьж маргалдсан УИХ-ын танхимд содон сонсогдож байлаа.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн л энэ асуудлыг хөндөж: " Би өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Эдийн Засгийн Байнгын хорооны даргад санал тавьсан. Сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом өслөө. Энэ нь бусад хэрэглээний барааны үнэ ханшинд ч нөлөөлж байна. Яагаад долларын ханш огцом өсчихөв? Юу нөлөөлөв? Энэ талаар салбарын хүмүүсийг нь цуглуулж байгаад УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дээр нухацтай ярих хэрэгтэй байна гэсэн асуудал дэвшүүлсэн юм. Энэ бол хүн болгоны санаа зовж буй асуудал юм" гэв.
 
П.Мандах