sonin.mn
2014 он. Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 2 жил орчим ажилласан ч  "Аз жаргалтай Улаанбаатар" гэх мэт өндөр төсөвтэй  атлаа ач холбогдол багатай арга хэмжээ зохиосныг эс тооцвол олигтой хийсэн зүйлгүй байв. Намынхан нь ч төдийлэн дэмжихгүй байлаа.
Иймээс ч тэрээр тухайн үед МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татжээ. 
Ингээд түүний хөнгөн хийсвэр, хариуцлаггүй үйлдлээс болж 2014.09.08-нд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй мөнөөх бичлэгийн уг шалтгаан билээ. 
Уг бичлэгтэй холбоотойгоор Ц.Сандуй улс төрийн хариуцлагаа хүлээж, 2017 оны 9-р сард НИТХ-ын тэргүүлэгчдийн, 10 сарын 27-нд Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа тус тус чөлөөлөгдсөн юм.
 
Харин Европийн хэд хэдэн оронд ийм жишиг байдаг гэх мэтээр "60 тэрбум"-ын схем танилцуулж байсан Г.Доржзодов гэгч ямар ч хариуцлага хүлээгүйгээр үл барам өөрийгөө гэрч хэмээн нэрлэдэг билээ. Мөн  Ц.Сандуйгийн зөвлөх, Г.Доржзодовын танил гэх А.Ганбаатар нь ямар нэг хариуцлага хүлээгээгүй.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ынхан ч уг сэдвээр улс төр хийж,  хувийн нэр хүндээ өсгөхийг оролдож байна.
Гэвч эдний анзаарахгүй байгаа нэг зүйл нь "60 тэрбум"-ын хэрэг гэгчийг бодитой гэж үзвэл зөвхөн М.Энхболдод бус МАН-д бүхэлд нь хариуцлага тооцох ёстой хуулийн үндэслэл юм.
Учир нь уг "60 тэрбум"-ын бичлэгт гэгчид оролцсон хүмүүс нь тухайн үеийн МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга хоёр.
Ер нь улс төрийн намыг тухайн намын удирдлага л төлөөлдөг. Иймээс ч аливаа намын удирдлагуудын үйлдэл, мэдэгдэл бол тухайн намын үйлдэл, мэдэгдэл болдог.  Л.Оюун-Эрдэнэ гэдэг ч юм уу? ганц хоёр гишүүн эсрэг байр суурьтай байсан нь ямар ч хамаагүй.
МАН-ын удирдлага буюу МАН л "60 тэрбум"-ын схемтэй танилцсан гэж дүгнэнэ.
Тэгвэл "60 тэрбум"-ын бичлэг нь Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалт дахь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ" гэсэн хэсгийн заалтад зүйлчлэлийн хувьд тохирч байна.
Ийм үйлдэл бодитой хийсэн, өөрөөр хэлбэл МАН-ыг тараах хууль зүйн үндэслэл болсон "60 тэрбум"-ын бичлэг гэгч үнэн болохыг МАН-ын дарга У.Хүрэлсүх 2018 оны 11 сарын 23-нд,  МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан 2017 оны 8 сарын 18-нд тус тус албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.
Тэр бүү хэл Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2017 оны 8 сарын 18-нд мөн л уг бичлэг эвлүүлэг биш хэмээсэн юм.
 
Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд 2014 онд төрийн албыг зарах замаар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан схем боловсруулсан үйлдэл үнэн  бодит болохыг МАН-ын өнөөгийн удирдлагууд албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна.
Энэ тохиолдолд хуулийн дагуу "төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан" Монгол Ардын Нам гэгчийн үйл ажиллагааг зогсоож, тараах эрх нь Улсын Дээд Шүүхэд нээгджээ.
Монгол улсад хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй.
Иймээс ч улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнөө албан ёсоор удирдлагууд нь хүлээн зөвшөөрч буй Монгол Ардын Намын үйл ажиллагааг зогсоож, тараах шийдвэр гаргах эсэхийг, бүр тодруулбал Улсын Дээд Шүүх Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж чадах эсэхийг хамтдаа харцгаая.
Монголд хууль хүн бүрт тэгш үйлчилдэг нь үнэн л юм бол МАН-ыг тараах ёстой.
 
М.Гал
 
 
 
 

 

Гэрэл зургийг Ч.Явуухүү