sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Ц.Цогзолмаа сайд Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллаж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан ту огцруулах нь буруу хэмээлээ. Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн Засгийн газрын гишүүдийн олонх буюу 14 нь УИХ-ын гишүүн байгааг дурьдлаа. Түүнчлэн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дээрх гишүүд нэгдсэн хуралдаанд тогтмол оролцох хэрэгтэй хэмээсэн юм.
Мөн үеэр Ц.Цогзолмаа сайд, “Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсныхаа төлөө би сайдын хувьд ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн. Тиймээс намайг огцруулах саналыг дэмжиж өгөөсэй гэж хүсч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан бол маш том салбар. Энэ салбарын үйл ажиллагаа улс төрөөс болж саатах ёсгүй” гэлээ.
Түүнчлэн Ё.Баатарбилэг гишүүн, “Ц.Цогзолмаа сайд салбарынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байсан. Төсөв мөнгөний сааталтай байсан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарын цалинг өсгөхийн төлөө шударга ажиллаж ирсэн” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:Монцамэ агентлаг