sonin.mn
МОСКВА. /TASS/. Кубын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлж байсан тус улсын нийслэл Гавана хот дахь цагаачлалын асуудал хариуцсан газраа АНУ-ын Цагаачлал, иргэншлийн алба 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүрмөсөн хаасныг мэдэгджээ. Энэ тухай тус албаны цахим хуудсанд даваа гарагт нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
Мэдээлэлд дурдсанаар, Кубын иргэдэд Мексик улсын нийслэл Мехико хот дахь цагаачлалын газарт визийн үйлчилгээ үзүүлнэ. Гавана дахь газарт урьд нь явуулж байсан виз олгох зарим ажиллагааг Куба дахь Америкийн дипломат төлөөлөгч гүйцэтгэх аж.
Өнгөрсөн оны эцсээр АНУ Куба улсаас дипломат төлөөлөгчдийнхөө 60 хувийг эргүүлэн татаж, виз олгох үйлчилгээгээ зогсоосон байна. Тус улсын Төрийн Департаментын мэдээлснээр, дуу чимээний хортой нөлөөллийн улмаас Гаванад ажиллаж байсан 20 гаруй дипломатын эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.
Цагаачлалын асуудлуудтай холбоотой консулын болон бусад үйлчилгээг өөр газруудад сэргээх боломжийг АНУ-ын Төрийн Департамент болон Цагаачлал, иргэншлийн алба  цаашид судалж хэлэлцэнэ гэж мэдээлэлд дурдсан байна.
2014 оны эцсээр Вашингтон болон Гавана харилцаагаа хэвийн болгох бодлого баримталж эхэлсэн билээ. Гэвч Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа Куба улсыг чиглэсэн бодлогоо чангатгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тухайлбал, худалдаа-эдийн засгийн хоригийг болон Америкийн иргэдийг арлын тус улсад зорчих журмыг чангатгасан байна. Хоёр орны харилцаа дуу чимээний гэж нэрлэдэг халдлагын улмаас улам хурцаджээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг