sonin.mn
Монголын улс төр тэр чигээрээ холион бантан болж, ажиглаж буй олон нийт ч, оролцон тоглож буй улс төрчид ч учраа олохоо болив. Хэлбэрийн хувьд 60 тэрбумын М.Энхболд, ЖДҮ-ийн У.Хүрэлсүх хоёр өрсөлдөн тэмцэлдэж буй мэт харагдавч агуулгын хувьд МАНАН системийг толгойлохын төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөж байна. Үзэгдлийн хувьд МАН-ын болон АН-ын дотоод хямрал задрал болж буй боловч мөн чанарын хувьд МАНАН бүлэглэл уналт нуралтын шатандаа орж, Үндсэн Хуулиа өөрчлөх замаар төрийн байгууламжийн шинэ хэлбэр бий болох, болгох бүх талын боломж, нөхцөл бүрдээд байна.
 
У.Хүрэлсүхийн амлалт ба боломж
 
У.Хүрэлсүх Засгийн Газраа авч үлдэхийн тулд “төрийг цэвэрлэнэ”, “намыг цэвэрлэнэ”, “авилгачдыг зайлуулна”, “Үндсэн Хуулийн өөрчлөлт хийнэ” гэх зэрэг маш олон зүйл амласан. У.Хүрэлсүх эдгээр амлалтаа хэрэгжүүлэх талаар ойрын үед тодорхой алхам хийх нь гарцаагүй. Энэ нь тун зөв чиглэмжтэй хэдий ч чухам энд түүний эмзэг тал оршино.
Наад зах нь МАН-ын Удирдах Зөвлөлийн бараг 90 хувь, Намын Бага Хурлын бүрэлдэхүүний лавтайяа 70 гаруй хувь нь М.Энхболдын болон бусад бүлгийн “мэдэлд” буй. Одоо бол энэ тоо ихээхэн цөөрсөн нь мэдээж боловч У.Хүрэлсүхийн эсрэг зогсоход хангалттай хүч.
Мөн МАН-ын Удирдах Зөвлөл тэр чигээрээ УИХ-ын гишүүдээс бүрдэж нам төр хоёр бүрэн давхцаж буй тохиолдолд У.Хүрэлсүх МАН-ыг ганцаараа, дур зоргоороо “цэвэрлэх” боломж маш бага гэсэн дүгнэлт гарна.
Цаашдын амжилт олохын тулд У.Хүрэлсүх намын даргын хувьд “намаа сахилгажуулах” ёстой. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх амлалт өгөх замаар өөрийн гэсэн бүлэг бүрдүүлж, үүний хариуд нам дотор “бослого гаргахгүй” гэсэн ам тангараг нэр дэвшихийг горилогчдоос авах нь гарцаагүй. Өмнө нь олон удаа амжилттай хэрэглэж ирсэн энэ арга маш их их үр дүнтэй нь батлагдсан зүйл. Одооноос эхлээд У.Хүрэлсүхийн үүдэнд дугаарлах хүмүүсийн тоо асар их нэмэгдэж байна. Энэ нь түүний давуу тал юм. Бүрэн амжилт олохын тулд У.Хүрэлсүх ойр дотны “ойрын хүрээллийн” 3-5 хүн сонгож авсан тохиолдолд л амжилт олох боломжтой. Харин энэ нь их хэцүү…
Учир нь У.Хүрэлсүхийг хоёр талаас нь шахаж, чангааж байгаа. Нэг дэх нь Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын “хууччуулын бүлэг” түүнд асар их нөлөө үзүүлж, далдаас удирдаж байгаа. Хоёр дахь нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, А.Ундраа нарын “залуучуудын бүлэг” маш их идэвхижиж түүнд нөлөөлж байгаа. У.Хүрэлсүхийн өөрийнх нь нас залуу боловч “улс төрийн нас” нь маш хөгшин учраас “хуучуулын бүлэг”-тэй салшгүй дотно холбоотой, нөгөө талаас “залуучуудын” бүлгийг дэмжихгүй бол тэднээс дэмжлэг авах боломжгүй. Хэрэв тэр “хууччуулын бүлэгт” түшиглэвэл У.Хүрэлсүх системийг “цэвэрлэж” чадахгүй, улмаар хэлсэн амандаа хүрч чадахгүй. Харин тэр “залуучуудын бүлэгт” түшиглэвэл түүний бодлого, үйл ажиллагаанд “үе солигдох” өөрчлөлт гарна. МАН дахь залуучуудын бүлгийг дотор нь “барууны баримжаат” болон “монгол баримжаат” гэж хоёр хувааж болно. Хэрэв Барууны баримжаа давамгайлбал МАН бүх юмаа Баруунаас асууж, тэдний заавар зөвлөгөөг үг дуугүй дагадаг 1990-ээд оны эхэн дунд үеийн АН-тай төстэй болно.
У.Хүрэлсүх “хууччуулын” болон “залуучуудын” бүлгийн дунд “хавчуулагдсан” бөгөөд эл байдал нь түүнийг шийдвэр гаргахад ихээхэн хүндрэл учруулж байна.
У.Хүрэлсүх сонголт хийхдээ аль нэг бүлгийг “гомдоовол” тэдгээр бүлгүүд нэгдэж байгаад У.Хүрэлсүхийн эсрэг дайралт хийж, түүний Засгийн Газрыг унагах хувилбар бэлэн байгаа. Ямар ч гэсэн Засгийн Газрын эсрэг “хоёр дахь дайралт” хийх оролдлого ирэх тун удахгүй эхлэх нь гарцаагүй. Энэ нь Ц.Хүрэлсүхийн хамгийн том зовлон, хамгийн эмзэг тал болно.
Учир нь эдгээр том жижиг гэмт хэрэгтнүүд дотор У.Хүрэлсүхийн талын маш олон хүн байгаа. Хэрэв бүх буруутнуудыг шийтгэнэ гэвэл Засгийн Газрын эсрэг хүчин нэгдэн нягтрах болно, хэрэв шийтгэхгүй байвал ард түмэн У.Хүрэлсүхийг шахаж огцруулна. Энэ нь ойрын үед МАН дотор нэлээд том зодоон хямрал болохын баттай дохио юм…
 
М.Энхболдын гүрийлт ба нөөц боломж
 
Эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн Газар унасан, сая Засгийн Газрыг унагаж чадсангүй. Нийслэлийн засаг дарга Су.Батболд суудлаа өгөв. М.Энхболдыг өөрийг нь огцруулах хөдөлгөөн өрнөж, түүнийг огцруулах нь бараг гарцаагүй болов. Өнөөдөр гэхэд УИХ-ын 4 гишүүн суулт зарлаж, 40 гишүүн М.Энхболдыг эсэргүүцэж УИХ-д бойкот зарлаж байна. Ингээд М.Энхболдын бүлэг голлох рольд тоглох бүх боломжоо алдаж байна.
Дараагийн УИХ-ын даргад Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа ба эдгээрийн аль аль нь “хууччуулын” бүлгийн төлөөлөгч болно. Хэрэв Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол УИХ дахь бүлгээ нэгтгэж чадах боловч МАН доторхи хагарлын эх булаг болж хувирна.
Гэвч М.Энхболд тэсгэл тэвчээр сайтай, цохилт даах өндөр чадвартай, удаан хугацааны сунжирсан байлдаан хийх боломжтойг мартаж болохгүй.
М.Энхболд тэнэг болоод суудлаа өгөхгүй гүрийгээд байгаа юм биш, МАНАН бүлгийг нэгтгэн удирдах өөр хүн МАН-д байхгүй болоод зүтгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл М.Энхболд суудлаа өгөх л юм бол МАН болон төр, намыг бүхэлд нь тогтоож, торгоож буй сүлжээ бүхэлдээ эвдэрчих гээд болж өгөхгүй байгаа юм. Нөгөө талаас МАН-ын дээд хүрээллийн доторх уур амьсгалаас үзэхэд тэдний олонхи нь У.Хүрэлсүхийг МАН-ыг цаашдаа удирдаж чадах хүчтэй лидер гэж үзэхгүй байгаад хамаг зовлон нь буй…
МАН доторхи бүлэглэлүүдийн хүч тэнцэж, аль нэг нь дангаараа ялах боломжгүй болсон тохиолдолд М.Энхболдын бүлгийн үлдэгдлээс тусламж авах хувилбар байгаа. Ямар ч гэсэн М.Энхболдын ард байгаа олигархи том бүлэглэлүүд хэвээрээ, мөн улс орныг хэрсэн сүлжээ хэвээрээ байгаа нь чамлалтгүй их хүч юм. МАН-ын зарим бүлэг Засгийн Газрын эсрэг “хоёрдахь дайралт”-ыг зохион байгуулахаар одооноос эхлэн ярилцаж байгаа ба харин үүнийг М.Энхболд толгойлох эсэх нь тодорхойгүй…
Энэ мэтчилэн МАН, АН доторхи зөрчил тэмцэл ямраар ч өрнөлөө гэсэн МАНАН-гийн харгис мөн чанарыг өөрчилж чадахгүй. 
 
МАН-ын байдал 
 
Хэдийгээр У.Хүрэлсүх ялсан мэт боловч МАН доторхи түүний байр суурь тийм ч баттай биш. Нөгөө талаас намын дарга У.Хүрэлсүхийг хурдан сольж эхлээд МАН-д, улмаар МАНАН-д голлох байр суурь эзлэхийн төлөө олигархи бүлгүүд зүтгэж байна. Ямар ч гэсэн ойрын үед МАН доторхи тэмцэл, өрсөлдөөн улам ширүүсэх нь гарцаагүй. МАН доторхи энэхүү тэмцэл өрсөлдөөнд улс орныг сүлжиж хэрсэн төрийн болон намын сүлжээг эзлэн авсан бүлэг нь ялалт байгуулна. Одоо У.Хүрэлсүх шинэ Их Хурал хийж МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын бүрэлдэхүүнийг шинэчилж, “өөрийн мэдлийн” сүлжээ бий болгох ёстой ба ингэж чадахгүй бол ялагдана. Энэ нь тийм ч хялбар ажил биш…
Одоо МАН-д нөлөө бүхий дараах бүлгүүд байна. Үүнд: 1. У.Хүрэлсүхийн бүлэг, 2.М.Энхболдын бүлэг, 3. “Хууччуулын” бүлэг, 4. “залуучуудын” бүлэг орно.
У.Хүрэлсүхийн бүлэг хүчирхэгжиж буй боловч бүрэн бэхжиж амжаагүй, М.Энхболдын бүлэг ялагдаж суларсан боловч хүч нөөц нь дуусаагүй, “Хууччуулын” бүлэг санаачлага авах гэж далдуур зүтгэж байгаа, “залуучуудын” бүлэг эрх мэдэлд хүрэхийг шууд санаархаж буй.
МАН-ын хүлээн аваад буй “Зөвлөлдөх ардчилал” гэсэн “шинэ” онол-үзэл суртлыг Ф.Эбертийн сан, Бүгд Найрамдахчуудын хүрээлэн, Азийн сан, Швейцарын Хөгжлийн агентлаг зэрэг гадаад байгууллагууд ихэд дэмждэг ба Г.Занданшатарын “зөвлөлдөх ардчилал” нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон удаагийн хурал хийж, санал асуулга явуулсны санхүүжилтийг гадаадаас хийдэг гэж үзэх бүрэн үндэстэй.
 
Үнэндээ бол М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хооронд зарчмын болон мөн чанарын ялгаа байхгүй бөгөөд тэдний хооронд МАН-ын, улмаар МАНАН-гийн толгойлогч болох гэсэн өрсөлдөөн тэмцэл л явагдаж байна. 
 
Ямар ч гэсэн МАН дотор “үе солигдох” үйл явц болж, шинэ залуу улс төрчид гарч ирэх үйл явц болж байна.
Үүний улмаас ойрын үед МАН доторхи тэмцэл өрсөлдөөн ширүүсэх ба энэ нь: 1. УИХ тарах, 2. Засгийн Газар унах, 3. МАН тарах, хуваагдах гэсэн үр дүнд хүргэх маш өндөр магадлалтай.
 
АН-ын байдал
 
Саяхан АН Их Хурлаа гэнэт бөгөөд сүр дуулиан багатай хийж, Ж.Амаржаргал, З.Нарантуяа, Д.Пүрэвдорж нарыг намын дэд даргаар томилов. Энэ нь АН эв нэгдэлтэй байгааг харуулж чадахгүй юм. АН-д одоогийн байдлаар С.Эрдэнээгийн “Баянгол”, З.Энхболдын “Шонхор”, Н.Алтанхуягийн “жижиг Алтангадас”, Х.Баттулгын “МоАХ”, Ц.Элбэгдоржийн “Барууны” фракциуд өрсөлдөж байна. Фракци хоорондын шилжилт явагдаж байгаа боловч мөн чанар, агуулга нь өөрчлөгдөөгүй.
С.Эрдэнэ намын дарга болмогцоо “Шонхор”-оос салж, бие даасан “Баянгол” фракци байгуулах гэж оролдсон нь төдийлөн үр дүнд хүрч чадахгүй, бусад нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
АН доторхи фракцуудын зөрчил МАН-аас ч илүү хурц бөгөөд эвлэршгүй. С.Эрдэнээ намын дарга хэвээрээ үлдэх гэж, З.Энхболд, Н.Алтанхуяг нар намын дарга болох гэж, Ц.Элбэгдорж буцаж ирэх гэж зүтгэж байгаагаас болоод АН хагарлын ирмэг дээр ирэв. Энэ нөхцөлд Ц.Элбэгдорж ахин улс төрд орж ирэх үлэмж их аюул бий.
Саяхан Засгийн Газрын төлөө санал өгсөн Ж.Батзанданг намаас хөөж, Лу.Болд намаас гарсан нь АН задрах эхний алхам болно. АН УИХ-д бүлэггүй болсон нь улс төрийн ихээхэн том алдаа, гарз хохирол юм.
АН-ын дарга С.Эрдэнээ намаа “сахилгажуулах” гэж чармайн оролдож буй боловч АН хэд хэд болон салах задрах нөхцөл нэгэнт бүрдээд байна.
Ц.Элбэгдорж АН-д буцаж ирж, “намаа аврагчийн” дүрд тоглохоор зүтгэж эхэлсэн ба С.Эрдэнээгээр дамжуулан ажиллаж эхлэв. Эхлээд С.Эрдэнээ намаа бэхжүүлэхийн тулд Н.Алтанхуягийг намын дэд даргаар урьсан боловч тэр татгалзжээ. Ц.Элбэгдорж эргэж ирэх сураг сонссон Лу.Болд намаасаа гарчээ. Лу.Болдод ийм үйлдэл хийх зөвлөгөөг Н.Алтанхуяг өгчээ. Ингээд АН С.Эрдэнээ-Ц.Элбэгдоржийн бүлэг, бусад бүлэг гэсэн 2-3 хэсэгт хуваагдах төлөвтэй болов. Асар удахгүй тэдний зөрчил ил гарах нь дамжиггүй…
 
Х.Баттулгын хүлээлт ба үйлдэл 
 
Х.Баттулга эхлээд улс төрийн системийн шинэчлэл буюу реформ хийнэ, Үндсэн Хуулийг өөрчилнө гэдгээ зарласан. Харин энэ нь чухам ямар агуулгатай, яаж хэрэгжүүлэх ёстойг тэр тайлбарлаагүй. Дараа нь УИХ тар гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүнд нь УИХ тарахгүй гэсэн хариу өгсөн.
Үүний дараа УИХ-ын болон Засгийн Газрын хямралт дажин эхэлсэн ба энэ нь Х.Баттулгад таатай боломж, нөхцөл бүрдүүлжээ. Тодруулбал, М.Энхболдтой хийсэн байлдааны сүүлчийн мөчид У.Хүрэлсүх түүнээс дэмжлэг хүссэн байна.
Одоо Х.Баттулга УИХ тар гэсэн шаардлагаа дахин тавих нь гарцаагүй. Учир нь Монголын олон нийтийн 80-аас дээш хувь нь УИХ тарахыг дэмжиж байгаа. Энэ нь амжилттай болбол Х.Баттулга намуудын тухай болон сонгуулийн тухай хуулиудыг хөндөж, шинэчлэнэ.
Хэрэв эдгээр алхмуудад намуудын зүгээс саад тотгор учруулбал Х.Баттулгад улс төрийн намуудыг тараах хуулийн боломж бий. Хэрэв Ерөнхийлөгч намуудыг тараах санаачлага гаргавал ард түмний 90-ээс дээш хувь түүнийг дэмжинэ. Ер нь бол одоо байгаа намуудыг (МАН, АН, МАХН болон бусад) тарааж, улс төрийн шинэ намууд үүсэх гарааны ижил нөхцөл бүрдүүлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм. 
М.Энхболдын талд туйлбартай зүтгэж байсан цагдаа, шүүх, АТГ зэрэг хууль хүчний байгууллагуудын зарим нь таг дуугай болж, зарим нь Х.Баттулга болон У.Хүрэлсүх нарын “үгийг сонсох” болж байна. Энэ үйл явц цаашид өргөжих нь гарцаагүй…
Гэвч энэ нь Х.Баттулгын бүх ажил ямар эсэргүүцэл тэмцэлгүй амжилт олно гэсэн хэрэг биш. Одоогийн байдлаар Х.Баттулгын хувьд “Ерөнхийлөгч юу хийх бол ?” гэсэн нийгмийн хүлээлт үүсээд байгаа хэдий ч тэр таг чиг байна.
Ард түмний энэ хүлээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга зөв хариулт өгвөл тэр амжилт олох нь гарцаагүй, харин буруу хариулт өгвөл түүний бүтэлгүйдэл эхлэх нь бас л гарцаагүй…
 
Өрнөл
 
Дээр дурдсан үнэлэлт дүгнэлтүүд бидэнд ил харагдаж буй хэлбэр, үзэгдлийн талыг түлхүү барьсан бөгөөд ийм “хэлбэрийн” анализаас хийсэн үнэлэлт дүгнэлт худал, буруу биш боловч агуулга, мөн чанарын талуудыг бүрэн гүйцэд тооцоогүй учраас өрөөсгөл, учир дутагдалтай гэдгийг цохон дурдаж байна. Одоо асуудлын энэ талыг товч авч үзье:
Үнэндээ бол одоо болж буй хямралт, тэмцэлт үйл явдлууд нь МАНАН системийн дотоод зөрчил, тэмцлээс үүдэлтэй, харин энэхүү зөрчил тэмцэл нь бүх эрх мэдлийг гартаа авч, улмаар бүх баялгийг дангаараа хянах гэсэн МАНАН-гийн бүлгүүдийн өрсөлдөөнөөс үүсэлтэй. 
Энд монголын олон түмний оролцоо, нөлөөлөл тун шалихгүй. Манай олон нийт их л сайндаа АН, МАН-ын аль нэгийг дэмжих, МАНАН-гийн аль нэг бүлгийг “сайн”, нөгөөг нь “муу” гэж дүгнэх хязгаарын дотор л байдаг ба түүний хүрээнээс халин гардаггүй.
Энэ нөхцөлд манай улс төрийн хямрал, тэмцлийн үйл явцыг бүхэлд нь МАНАН-гийн бүлэглэлүүд тодорхойлж, залан чиглүүлж байдаг. Энэ үйл явц олон жилийн турш огт өөрчлөгдөхгүй явж ирсэн юм. Одоо ч гэсэн манайхан М.Энхболд, У.Хүрэлсүхийн гэсэн, МАН-ын болон АН-ын гэсэн хоёр тал болон маргалдаж мэтгэлцэж байгаа нь үүний тод нотолгоо болно. “Энэ хоёр чинь ямар ч ялгаагүй, адилхан МАНАН” гэж хэлэх мань мэт судлаачийн үгийг шал тоохгүй, мэдэмхийрч цэцэрхэнэ…
МАНАН бол систем гэдгийг манайхан бүүр түүр ойлгодог боловч энэ нь улс орныг бүхэлд нь ороож хэрсэн, маш нарийн механизм бүхий аварга том сүлжээнээс бүрддэг гэдгийг цаг ямагт мартдаг. Гэтэл МАНАН систем энэхүү сүлжээнийхээ ачаар амь бөхтэй оршин тогтож байдаг. МАН болон АН-ын анхан дунд шатнаас бослого, эсэргүүцлийн үнэр ч гарахгүй байгаа нь үүний хөдөлшгүй нотолгоо болно.
МАН-ын болон АН-ын сүлжээ бол бие даан амьдрах гайхам чадвартай, том системээ нөхөн төлжүүлдэг шимт хөрс юм. МАНАН системийг шинэчлэн өөрчлөх гэвэл энэхүү сүлжээг хамгийн түрүүнд эвдэх ёстой. Энэ нь тийм ч хялбар асуудал биш…
Ямар ч гэсэн өнөөгийн хямралт үйл явц МАНАН-ын дотоод сүлжээнд ноёрхохын төлөө тэмцлээр тодорхойлогдож байна. Энэ нь шинэ зүйл огт биш. Хэдэн жилийн өмнө Н.Алтанхуяг “том” МАНАН-гийн эсрэг бие даасан “жижиг” МАНАН байгуулах гээд бүтэлгүйдсэн. Одоо У.Хүрэлсүх бас л ийм оролдлого хийж байна. МАНАН-гийн дотоодын энэ тэмцэл өрсөлдөөнөөр систем эвдрэхгүй, бас өөрчлөгдөхгүй. Үүнийг бид 30 шахам жилийн туршлагаасаа сайн мэднэ.
Шуудхан дүгнэхэд МАН, АН, МАХН болон түүний адилтгал болсон бусад намуудыг бүгдийг нь тарааж, шинээр үүсэх бүх намуудад гарааны ижил нөхцөл бүрдүүлж баймаажин МАНАН систем болон сүлжээг эвдэх боломжтой. Энэхүү боломжийг бодит байдал болгох Монголчууд бидэнд үлдсэн цорын ганц зам мөн. Ийн үйлдэж чадвал улс төрийн шинэ шударга систем бүрэлдэх, бүрэлдүүлэх дардан зам нээгдэх нь гарцаагүй…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?