sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод  болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэлээ.
 
Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд 53 хүүхэд оролцож, нэг ГРАНД ЧАМПИОН, 16 ЧАМПИОН, 20 АЛТАН ЦОМ, 10 МӨНГӨН ЦОМ нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд:
 
“Олон улсын чанартай тэмцээнд 2012 оноос хойш оролцож, амжилт нь улам өссөөр байгаад талархаж байна. Цаашдаа ч та бүхний гаргах амжилт нэмэгдэх байх. Нийгэмд хар бараан мэдээлэл ихтэй байгаа энэ үед та бүхний амжилт гэрэл, гэгээ нэмж байна.
Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм.
Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амлав.
Мөн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номтой болгож буй багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрсдийгөө танилцуулж, гаргасан амжилтынхаа талаар ярьж өгсөн юм. Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийн эцэг, эх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай оюуны спортын хөгжлийн асуудлаар ярилцав.
Тухайлбал, “Toya” хүүхэд хөгжлийн академийн захирал Т.Туяа “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын оюуны спортыг дэмжин биднийг хүлээн авч уулзсанд баярлалаа. Би математикийн багшаар 36 дахь жилдээ, соробан сампин заагаад 10 гаруй жил болж байна. “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс чансаагаараа дэлхийд 1-т бичигдсэн. Маш олон хүүхдэд цом хүртлээ. Баяртай байна” гэсэн юм.
Мөн Д.Бадамгарав “Би хоёр ихэр хүүгээ 5 настайгаас нь хичээллүүлсэн. Анх удаа тэмцээнд яваад хүүхдүүд маань амжилт гаргасанд баяртай байна. Гэхдээ хэдхэн багш, эцэг эхийн толгойн дээр санхүүгийн маш их дарамт ирдэг. Бор зүрхээрээ хүүхдүүдээ авч яваад өндөр амжилт гаргадаг байсан. Энэ амжилт өсөж дэлхийд нэгт бичигдэж байна. Ирэх жилээс эхлэн таниас тодорхой хэмжээний дэмжлэг авч уралдаан, тэмцээнд оролцох болсондоо туйлын баяртай байна” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цээжил тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчидтай дурсгалын зураг авахуулав.