sonin.mn

Яг одоо МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордондоо хаалттай болж байгаа. Эрх баригч хүчний зодоон буюу хагарал өнөөдөр нэг тийш болно гэх хүлээлт олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол Ардын Намын дарга  У.Хүрэлсүх  бага хуралд тавьсан илтгэлдээ : “Би нэг хүсэлтийг  Бага хуралдаа оруулж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг хүсч байна. Бага хурлын гишүүд шийдэж өгнө үү” гэжээ. Харин намын даргынхаа дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ ажлаа өгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн  байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр : "Би намын даргыг өгөхөд хууль хяналтын байгууллагуудын хүрээнд энэ асуудлаа шийдчихсэн, хүлээлгэж өгсөн.  2016 оны  зургадугаар сарын эхээр энэ яриа хөөрөө гарч. Энэ яриа хөөрөө гарсан байсан ч бид 65 суудал авч, амжилт гаргаж байсан. Аравдугаар сарын 19-нд орон нутгийн сонгууль болоход бас л “60 тэрбумын” яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгийн 234 суманд, нийслэлийн есөн дүүргээс зургаан дүүрэгт бас ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойш бүх үйл явдлуудыг нам хэрэв сонгуульд амжилт гаргахгүй бол “60 тэрбум”-аас боллоо гэдэг үнэлэлт дүгнэлтийг өгөөд байгааг би гайхаж байна.

Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч “60 тэрбум”-ыг цэгцэлнэ гэж ярьж, сонгуульд ялж, ялалт байгуулсан. Өнөөдөр манай нөхдийн дундаас бас “60 тэрбумын” асуудлыг ярьж байна. 2016 оны зургаадугаар сараас хойш 11 сар хүртэл гурван удаа 2017 оны наймдугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэл хууль хяналтын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгосон. Хүний нэр төрд халдсан байна гэдэг үнэлэлт дүгнэлт гаргасан, дүүргийн болон шүүх прокурорын шийдвэрүүд гарсан байсан. Энэ бол би МАН-аас 60 тэрбум гэдэг яриаг салгаж хууль эрхзүйн үндэслэл нь тавигдсан гэж ойлгож байна. Бидний нүүрэн дээр батга мэт наалдсан байсан энэ зүйл биднээс салах боломж бололцоо байсан. Харамсалтай нь бид өөрсдөө аваад хаячихсан тэр хатиг, батгаа эргүүлж өөрснөө авч нүүрэндээ наасан.

 

Одоо өнөөдөр энэ зааланд сууж байгаа хүмүүс тэр 60 тэрбумын схемээр хэн нь хэнд хэдэн төгрөг өгөөд албан тушаалд томилогдсон юм бэ, тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг тэр 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр, хүнээс мөнгө төгрөг авч ийм ажил албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө ч хэлж байсан, одоо ч бас хэлж байна.

Намын шийдвэр гарлаа ажлаа өгч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд би намын даргад нэр дэвшилгүй, дараагийн хүнд нь тамгыг гардуулж шилжүүлж явсан. Би яг өөрийн амрыг хараад энэ хэл амнаас хол байя гэж бодвол энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй, гэхдээ өнөөдөр цаг нь биш. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх гээд байгаа энэ нөхцөл байдал, манай намын дотоод нөхцөл байдал, энэ ЖДҮХС-аас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед бол хүндрэл бэрхшээл асуудлаас зугатааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дагуу ёс журмын дагуу асуудлууд шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд би бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэгэн асуудал дээр байр суурь ганцаардах явдал ч байгаа. Үүнийг бодох ёстой асуудал гэж би боддог. Ингээд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье" гэжээ.