sonin.mn
Монгол төрийн уламжлал, залгамж чанар нь олон улсын хэмжээнд улс төрийн шинжлэх ухааны бие даасан өвөрмөц судлагдахуун болтлоо хөгжсөн зүйл.
Уг зүйлийн уламжлалын бодит жишээ болсон нэг ажлыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүчээ болон хэрэгжүүлсэн. VIII Богд Жавзандамба тэртээ 1911 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хаан болсныхоо дараа ахмадуудад хишиг тарааж байсан уламжлалыг давтаж тэрбээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр 2016 оны долоодугаар сард тохоон томилогдсоноосоо хойш зургаан сарын дараа 2017 оны эхээр ахмадуудад “Насны хишиг” олгох болсон. Ж.Эрдэнэбат анх өөрийн тэргүүлдэг Засгийн газрын хуралдаанаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж “Насны хишиг” өгдөг болох асуудлыг хэлэлцүүлж дэмжүүлсэн. Түүний сэдэл санаачилгаар УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлж батлуулсан уг хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар насны хишгийг олгох журмыг 2017 оны нэгдүгээр сарын 25-нд батлан, түүнээс хойш хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 
 
Үүнд жил бүр:
 
-65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг
-70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг
-80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг
-90 болон түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно. Одоо Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газрын өнгөн дээр манай орны нийт 125.126 өндөр настан “Насны хишиг” авч байгаа. Дашрамд дурдахад, ахмадууд хишиг мөнгөө хоёр хувааж Үндэсний их баяр наадам, Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан гардаж буй.
Тэртээ XX зууны эхээр монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносон улс болохоо зарлан VIII Богд Жавзандамбыг эзэн хаанаар өргөмжлөхөд тэрбээр нэг удаагийн хишиг тараах зарлиг буулгаж, 70-80 настан бүрт гурван лан буюу дөрвөн унци мөнгө, 80- 90 настан бүрт зургаан лан буюу найман унци мөнгө, 90-ээс дээш настан бүрт есөн лан буюу 12 унци мөнгө олгож байсан түүхтэй.
Бэлэг авсан ахмадуудад хайрласан Богдын нэг удаагийн хишиг-гурван лан мөнгө нь 1912 оны өвөл нийслэл Их Хүрээний малын захаас 45 тэмээ, зургаан лан нь 90 тэмээ, есөн лан нь 135 тэмээ худалдаж авч болох ханштай байжээ. Харин Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газраас одоо өгч байгаа “Насны хишиг” мөнгөөр энэ өвөл нийслэлийн хүнсний "Хүчит шонхор” захаас нэг удаа тэмээний мах 15-75 кг-ыг худалдан авч болох ханштай байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас өгч байгаа “Насны хишиг” нь VIII Богд Жавзандамба хааны нэг удаагийнхаас жил тутам олгох давтамжаараа давуу талтай юм. Нөгөөтэйгүүр XX зууны эхээр малын үнэ одоотой харьцуулахад дэндүү төсөр хямд байсныг бодолцох хэрэгтэй байх.
 
Нэмэлт тодруулга:
 
“Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэлсэн. Шинээр гэдэгт иргэний үнэмлэхэд бичигдсэн огноогоороо 2018 оны долоодугаар сарын 10 гэхэд 65 хүрсэн ахмадууд хамрагдана. Эдгээр өндөр настан нэн даруй Цагаан сарын шинийн нэгнээс өмнө бүртгүүлбэл уг баярын үеэр “Насны хишиг”-ээ авах эрх нээгдэнэ. Амжилгүй Цагаан сарын дараа бүртгүүлбэл ирэх зуны Үндэсний их баяр наадмаар авах болж хугацаа алдана гэдгийг анхаарна уу. Шинээр бүртгүүлэх ахмадууд харьяа дүүрэг, хорооныхоо Нийгмийн халамжийн асуудал хариуцсан ажилтанд хандаж ажлаа бүтээгээрэй. Харин урьд өмнө нь “Насны хишиг” авч байсан хүмүүс дахин бүртгүүлэх шаардлагагүй юм.
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин