sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ажлаа дүгнэж, уламжлал ёсоор хэөлэлийн бага хурал хийсэн байна. Тэрбээр Кремлийн тэргүүнээр томилогдсон 2001 оноос хойш 14 дэх удаагаа хэвлэлийн хурал хийсэн нь энэ юм. ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн бага хурал гурван цаг 45 минут үргэлжилж, 41 асуултад хариулжээ. Ерөнхийлөгч В.Путин хурэлцэн ирсэн 1700 сэтгүүлчээс нэр заан сонгож, түүнд тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ. В.Путинд ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн 16 төлөөлөл, алслагдмал тойргийн 17 сэтгүүлч, мөн гаднын хэвлэл мэдээллийн найман байгууллагын төлөөлөл асуулт тавьж, Кремлийн албан ёсны сайтад нийтэлснийг тоймлон хүргэе.
 
-Та үндэсний шинэ төслүүд хэрэгжүүлэхээ өнгөрсөн тавдугаар зарласан. Эдгээр төслийг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Нэгэн цагт ОХУ эдийн засгийн өсөлт, үзүүлэлтээрээ дэлхийд тавд жагсч, иргэдийн худалдан авах чадвар, ДНБ-ий үзүүлэлтээр тэргүүлж байсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гадна дотнын эдийн засгийн сөрөг үзүүлэлт, эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан энэ байдал дордон, буурсан хэдий ч бид эдийн засгаа эргээд хөл дээр нь босгож, хүчирхэг эдийн засаг бүхий дэлхийн томоохон улс гүрний нэг байх болно. Бид энэ чиглэлд үндэсний хэмжээний олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр чиглүүлж, тодорхой ажил хийж эхлээд байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Би энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан. Бидэнд нээлт хэрэгтэй. Бид шинэ технологийн бүтцийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
-Та Д.Медведевийн Засгийн газрын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байна уу? 
 
-Тийм. Д.Медведев гайхалтай баг бүрдүүлсэн. Засгийн газар сайн ажиллаж байгаа.
 
-Керчийн асуудлыг та юу гэж дүгнэх вэ. Украины талаар байр сууриа илэрхийлнэ үү?
 
-Орос, Украины харилцаа ихэнхдээ хоёр улсын гэхээс илүүтэй гуравдагч талын нөлөөгөөр муудсан. Мөн Украины төр засгийн эрхэнд гарсан улстөрчдийн дайсагнасан бодлого нөлөөлж байна. Тиймдээ ч Украинтай холбоотой аливаа асуудлыг дэлхий нийт дэвэргэж харах болсон. Үүний нэг том жишээ нь Керчийн хоолойд болсон явдал юм. Энэ бол Украины зүгээс бидний эсрэг цэвэр өдөөн хатгасан, турхирсан явдал гэж харж байна. Яагаад аливаа асуудлыг ийнхүү томруулж, дуулиан шуугиан дэгдээж байгаа нь ойлгомжтой. Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Тиймээс хамгийн их анхаарал татаж байгаа Оростой холбоотой гол асуудал бүрт хэрхэн хариу барьж, цээжээ дэлдэх нь тухайн нэр дэвшигчид хамаатай нь ойлгомжтой. П.Порошенко энэ үүргээ онц биелүүлж байгаа.
 
-Орос, Японы энхийн хэлэлцээрийн талаар тодруулъя. ЗХУ, Японы 1956 оны тунхаглалд үндэслэн энхийн хэлэлцээрийг шуурхай байгуулахыг та Ерөнхий сайд Шинзо Абэтэй Сингапурт уулзахдаа зөвшөөрсөн. Хоёр улсын хооронд газар нутгийн маргаан бий. Та энэ бүхнийг шийдвэрлэх талаар ямар бодолтой байна вэ?
 
-Аюулгүй байдлын асуудлууд маш чухал. Үүнд энхийг сахиулах гэрээ байгуулахад чухал ач холбогдолтой. Окинава аралд АНУ-ын цэргийн бааз удаан хугацааны турш байрлаж буйг бид мэднэ. Энхийн гэрээ байгуулах, газар нутгийн маргаанаа шийдвэрлэх нь бидний ойлгомжгүй, хаалттай сэдэв байсаар ирсэн. Окинава мужийн захирагч нь Засгийн газрынхаа байр суурийг бэхжүүлж, өргөжүүлэхтэй холбоотой зарим шийдвэрийг эсэргүүцэж байгааг би мэднэ. Энхийн гэрээ байгуулсны дараа юу болохыг бид мэдэхгүй. Пуужингийн хамгаалалтын системийг байрлуулах төлөвлөгөөтэй байгаад санаа зовж байна. АНУ-ын пуужингийн системийг би хамгаалалтын зэвсэг гэж боддоггүй. Энэ бол АНУ-ын стратегийн цөмийн чадавхын нэг хэсэг юм. Бид Япон улстай энхтайвны гэрээ байгуулахыг чин сэтгэлээсээ хичээн, чармайж байна. Ерөнхий сайд Абэ надтай санал нэг гэдэгт итгэлтэй байна. Манай улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Орешкин Япон улсад албан айлчлал хийсэн. Оросын мах, махан бүтээгдэхүүн, түүний дотор шувууны махны экспортыг нэмэгдүүлсэн. Бусад салбарт ч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.
 
-Их Британитай харилцаагаа сэргээх бодол бий юү?
 
-Бид Их Британитай харилцаагаа сэргээхийг хүсч байгаа. Харин үүний тулд бидний хооронд үүссэн хий хардалт, үл ойлголцол, гаднын сөрөг нөлөө зэргээс ангижрах шаардлагатай. БРЕКСИТ бидэнд ямар үр дагавар авчрах вэ гэдэг нь чухал. Гэхдээ энэ бол бидний толгой гашилгах, анхаарал хандуулах асуудал биш.
 
-Орос, Хятадын харилцааны хэтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?
 
-Орос, Хятад хоёр эдийн засгийн салбарт хамтран ажиллах төдийгүй аюулгүйн байдалд ч саналаа нэгтгэнэ. Хоёр улс идэвхтэй хамтран ажиллах нь олон улсын нөхцөл байдлын тогтвортой хөгжилд ашигтай. Энэ жил хоёр орны худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол маш амжилттай үзүүлэлт, хоёр орны харилцаа, харилцан итгэлцлийн үр дүн юм. Орос, Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлээд зогсохгүй олон улсын хэмжээнд ч дэлхийн нийтийн эрүүл, тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Энэ нь хоёр орны харилцан итгэлцлийг хөгжүүлсний үр дүн. Хятад улсын хувьд тогтвортой, урьдчилан төсөөлөх нь маш чухал.
 
-Та дэлхийг захирахыг хүсдэг үү?
 
-Бид дэлхий нийтийг захирахыг хүсч байгаа штаб хаана байрлаж байгааг мэднэ. Гэхдээ тэрхүү штаб нь Москвад байрладаггүй гэдгийг та бүгд мэдэж байгаа.
 
-Зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг хэрхэн хардаг вэ?
 
-АНУ, ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах талаарх олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарсан. Энэ нь Вашингтон олон улсын гэрээ тохиролцоог үл хүндэтгэж, улс орнуудыг ийнхүү дураар авирлаж болох мэтээр буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа ч энэ бол нэг талт, хоёр талт гэрээ буюу олон улсын хэмжээний гэрээ хэлцэл гэдгийг санаж, үүрэх хариуцлага байгаа гэдгийг ч мартаагүй байх. Бид улс орныхоо аюулгүй, халдашгүй байдлыг ямар нэгэн байдлаар хангах, хамгаалах болно. Харин энэ тохиолдолд барууны орнууд, Америк, Европын тал энэ бүхнийг эхлүүлснээ марталгүй санахыг анхааруулъя. Дараа нь араас нь олон юм ярих хэрэггүй. Бид ямар ч тохиолдолд хэн нэгэнд дээрэлхүүлэхгүй. Ер нь хүн төрөлхтний хувьд улс орнууд пуужин, зэвсэглэлээр хөөцөлдөж Эхлэх ч ямар нь сайн үр дагаварт хүргэхгүй.
 
-Танд гэрлэхийг хүсдэг эмэгтэй бий юү?
 
-Таны асуултад би хариулсан гэж тооцож болно. Эцсийн дүнд журамтай эр хүний хувиар би хэн нэгэнд гэрлэх санал тавих л байх.
 
-Тэтгэврийн хуулийн шинэчлэлийг эргүүлэн татах болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
 
-Ард түмний дунд төдийлөн дэмжлэг авахгүй, ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг эргүүлэн татахад ямар нэгэн байдлаар энэ хуульд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай. Хугацаа шаардах ч улс орон зайлшгүй энэ асуудлаар өөрчлөлт хийх болно. Тэр үед бид хуулийг эрс өөрчлөх хүндхэн цаг үетэй тулгарч болзошгүй.
 
-Байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх үү?
 
-Өргөн уудам нутаг дэвсгэр бүхий эх орон минь байгалийн баялаг, тэр дундаа байгалийн хийгээр баян улс орон. Байгалийн хий бол бидний үнэт зүйл ба шавхагдашгүй баялаг. Бидэнд бүх улсыг нийлүүлснээс ч их хэмжээний асар их нөөц байна. Тиймээс зөв зарцуулалт, зөв бодлого байхад бидэнд айх зүйлгүй.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин