sonin.mn
ПРАГА. /РИА Новости/. Хятадын “Huawei” болон “ZTE”  компанийн  бүтээгдэхүүн болон технологиуд нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Чехийн Үндэсний кибер аюулгүй байдлын газар мэдэгдсэний дараа тус улсын Засгийн газар “Huawei” компанийн эсрэг арга хэмжээнүүдийг авчээ. Үүнтэй холбоотойгоор Хятад улс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Чехийн Ерөнхийлөгч Милош Земан мэдэгдсэн байна.
Чехийн Засгийн газрын зарим гишүүний үзэж байгаагаар, “Huawei” компанийн эсрэг кампанит ажлын дараа Хятад улс хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд эдгээр нь хэд хэдэн салбарыг хөндөж магадгүй байна. Тухайлбал Чехийн автомашин үйлдвэрлэгч “Škoda Auto” компани болон "PPF" хөрөнгө оруулалтын бүлгийн ашиг сонирхлыг хөндөж магадгүй байгаа аж.
Өнгөрсөн 11 дүгээр сард “Škoda Auto” автомашины компани Хятад улсад хөрөнгө оруулалтын  томоохон гэрээ байгуулсныг Земан сануулан дурджээ. Түүнчлэн Чех улсад 5 дугаар үеийн өндөр хурдны сүлжээ буюу 5G сүлжээг бий болгох тухай “Huawei” болон “PPF” компанийн хооронд байгуулаад удаагүй байгаа гэрээ цуцлагдаж болзошгүй байгааг ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг