sonin.mn
Орхон /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлын хэмжээ буюу  агаарын чанарыг  азотын давхар исэл, угаарын хий, хүхэрлэг хий, тоос, тоосонцор гэсэн дөрвөн  үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт агаар дахь азотын давхар исэл зөвшөөрөгдөх агууламжаас 1.5 дахин их, зарим тохиолдолд 1.8 дахин их, тоос тоосонцорын хэмжээ  2-2,5 дахин давсан үзүүлэлттэй  байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.
Аймаг, орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  жил бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Энэ онд 1000 ширхэг цахилгаан халаагуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр 1000 айлд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгохоор болжээ. Уг ажилд нийт 240  сая төгрөг зарцуулах юм.
 
Өмнөх жилүүдэд айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуурыг олгосон ч иргэд цахилгааны төлбөр их гарсан гээд БОАЖГ-аас төлбөрөө нэхэмжилсэн байна. Иймд юуны өмнө иргэд өөрсдөө хандлагаа өөрчлөх, байшин, гэрээ сайн дулаалах хэрэгтэй гэлээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Баян-Өндөр сум, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран гэр хорооллын  айл өрхүүдэд дулаан алдагдлын судалгаа хийхэд  дийлэнх нь цонх, тааз, хаалга, хананаасаа дулаан алдаж байжээ. Энэ хэрээр тухайн өрхийн түлш зарцуулалт нэмэгдэж хотын агаарын бохирдол нэмэгдсэн байна.  Энэ жил шингэрүүлсэн шатдаг хийн халаагуурыг хэрэглээнд  нэвтрүүлэхээр төлөвлөж  байгаа аж.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг