Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсний дотор миний олзуурхсан нэг эшлэл байв. Юу хэмээвээс:
 
- 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгынхаа эзэн байх болно гэжээ.
 
УИХ-ын дарга М.Энхболдын Шинэ жилийн мэндчилгээнд эшлэл болгох бас ийм мөрүүд байв: 
 
- Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
- Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.
- Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.
 
Дээрхи хоёр эшлэлийг хослуулаад ийм нэг нийтлэл бичих санаа он солигдох мөчид надад гэнэт бууснаа толилуулсу! 
 
“Эрс шинэчлэлийн жил”–энэ бол хоосон уриа лоозон биш, биетэй бодитой хэрэгжих болоод л тэгж нэрлэсэн хэрэг. “Эрс” гэдэг тодотгол нь бүр ч таалагдлаа. Нялцаганахгүй, толгойг ньилэхгүй хандана хэмээн ойлгогдож байна.
Хэрэв хүчирхэг төр, хуулийн засаглал мандана гэж л байгаа бол түүнийгээ юуны өмнө 1.5 сая хүн ардад шууд заналхийлж буй Улаанбаатарын хорт утааг арилгахад чиглүүлье. “Эрс шинэчлэл”-ээ юуны өмнө утаан дээр гаргая. Утаа таригчдад “эрс”-ээр хандая, “эрс” гэсний цаана “өршөөлгүй” гэсэн утга орших болтугай! 
Хэрэв газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржиж л байгаа юм бол түүнийгээ утаа буруулсны төлөөсөнд нийслэлийг орхин хөдөө рүүгээ нүүх хөдөөгийн уугуул иргэдийн эргэж сэхэх өөдлөн дэвжихэд нь чиглүүлье. Өөр гарц алга боллоо хэмээн энд төр-засгаа, нийслэл дэх үй олон нутгийн зөвлөлүүдийг уриалан дуудъя!
 
Гэгээлэг бус баримт: Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Зарим судалгаагаар 90 хувь гэсэн. Дэлхийн Банкны албан ёсны сайтад (worldbank.org/mn/news/feature/2018/06/26/) ингэж бичжээ:
 
- Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах нь гэр хорооллоос эхэлнэ.
- Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын нэг болж, ялангуяа гэр хороололд өвлийн улиралд PM2.5 агууламж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон 24 цагт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 100 дахин илүү байна. 
- Нөхцөл байдал тун ноцтой байгааг харгалзан НҮБ-ын Хүүхдийн Сан агаарын бохирдлын нөлөөг бууруулах зорилгоор яаралтай арга хэмжээ авахыг уриалав гэжээ.
 
 
Итгэл төрүүлэх бас нэг гэгээтэй мэдээ: Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш нүүрс түлэхийг хориглох тогтоол гаргав гээд “2018.02.28”-ны өдрөөр огноолжээ. Тэр мэдээнд өгүүлснээр, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллага  түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглов. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж, 2018 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгав гэжээ.
Одоо болохоо байлаа, гэр хороололд суугчдад “аюулын харанга” дэлдлээ шүү. Хичнээн их тэмцээд, мянга суулт өлсгөлөн зарлаад Налайх, Багануураас шуудайлж ирдэг түүхий нүүрсийг нь төр-засаг түлүүлэхгүй гэж байна. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэж байгаа юм чинь хог хаймар, тоосго, өөр шатдаг элдэв юм түлэхийг чинь бүр хориглох болно. Гэр хорооллынхонд маш их мөнгөн торгууль ногдоно. Хуулийн засаглал хүчирхэг төртэйгээ хавсраад энэ дээр ажиллана, агаар бузарлаж бохирдуулсныхаа төлөө гэр хорооллын утаа суунаглуулагчид нийслэлд байх суух газаргүй болох гэж байна. 
 
Иргэн бүр баялгынхаа эзэн байх болно гээд Төрийн тэргүүн маань айлдчихлаа. Тэр баялгаа хөдөөнөөс шилжин ирээд нийслэлд утаа үйлдвэрлэж буй иргэд нийслэлээсээ олж хүртэх чинь өнгөрсөн. Нийслэлд ирээд аж амьдрал, ахуй нөхцөл, эрүүл мэнд чинь бүр дордлоо гэдгийг эрхбиш ойлгож мэдрэх цаг нь болсон. 
 
Эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн парламентын дарга чинь ерөөжээ. “Өнцөг булан бүрд” гэсэн байна шүү, нийслэлд, Улаанбаатарт гээгүй байна. Хэдийгээр 20 саяын наана цаана зөрүүтэй хэлж бидний толгойг эргүүлсэн ч 67 сая мал сүрэг чинь хөдөө эзнээ хүлээж байна. Хязгааргүй их тал хангайдаа аз жаргалаа цогцлоох үүд хаалга чинь нээлттэй байна. 
Ийм учраас Улаанбаатарыг гамшигт оруулсан гэмээ цайруулаад Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, нэрт хөгжийн зохиолч З.Батсүхийн ая, нэрт дуучин Д.Банзрагч дуулж амьдруулсан «Хөдөө нутаг сайхан» дуугаар уриа цууриа хийж сэтгэлээ жигүүрлэн хөдөө рүүгээ буцагтун! Та нарт Улаанбаатарт ямар ч аз жаргал алга! Зовлонг нь хангалттай амслаа шүү дээ!
 
 
Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан нь хөдөө юм аа хө
 
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө
 
Уулс, үүлс гүнд нь тусах
Усны тунгалаг нь хөдөө юм аа хө
 
Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа хө
 
Цэлмэг тэнгэрийн од тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө
 
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хө
 
Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө
 
Хүчин хүргэж бүл нэмээд
Хүсэм сайхан нутаг юм даа хө!
 
Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.