sonin.mn
Хаана эрх мэдэл төвлөрч байна, тэнд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, хязгаарлагдаж  байдаг.
Монгол Улс нэн даруй төрийн байгууламжийн шинэтгэлийн асуудлыг хэлэлцэхгүй бол улс төрийн намаар дамжин төрийн тогтолцоог эзлэн авч буй "Клиентелизм" болон "популист" бодлого, шийдвэрийн сөрөг үр дагавар  улс төр, эдийн засаг, нийгмийн бүх системээ эвдэж, Үндсэн хуульд тунхагласан үнэт зүйл, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт нуран унаж байна.
Иймээс улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг Үндсэн хуульд дараах зарчмаар  дахин хуваарилах, эрх зүйн үндэслэлийг тогтоох шаардлагатай байна.
 
Швейцарын Зөвшилцлийн ардчиллын зарчимд суурилсан нийтийн танхим,
Ирландын мэргэжлийн зарчмаар байгуулдаг дээд танхим,
Францын Эдийн засаг-нийгэм-байгаль орчны Зөвлөлийн чиг-үүрэг бүхий хараат бус институцийг Монгол улсын Үндсэн Хуулийн төрийн байгуулал бүлэгт нэмж, найруулах саналтай байна.
 
Парламентын засаглалаа төгөлдөршүүлэхийн тулд ямар учраас Үндсэн хуульд Зөвшилцлийн Ардчиллын зарчмыг суулгах ёстой тухай, Яагаад Мэргэжлийн Дээд танхим, Эдийн засаг-Нийгэм-Байгаль орчны Зөвлөл байгуулах шаардлага байгаа тухай товч тайлбарлая.
 
ЗӨВШИЛЦЛИЙН АРДЧИЛАЛ
 
Ардчилал бол олонхийн засаглал гэдэг . Тэгвэл улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд илүү олон нийгмийн бүлэг, давхаргын төлөөлөл оролцож байх тусмаа  ардчилсан нийгэм оршиж байна гэсэн үг юм.
Ард түмэн төрийн эрхийг барьж буйн илэрхийлэл нь нийтийн танхим Засгийн газрын тэргүүнийг сонгодог улс төрийн зарчмаар илэрдэг.
Парламентын засаглалын түүхэнд Засгийн газрыг сонгох  ардчиллын  хоёр хувилбарыг ашиглаж иржээ.
Нэгд, Вестминстрийн (Westminister) олонхийн ардчиллын загвар. Олонхийн ардчиллын загвар гэдэг нь парламентад 50 + 1 гэсэн олонхийн суудал авсан нам Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулахыг хэлдэг. Гол онцлог нь парламентад олонх болохын тулд сонгогдсон гишүүдийн тоо эсвэл намын авсан саналын хувь  50 + 1 гэсэн олонх болох хамгийн бага, доод хязгаар,босго -ыг давсан байх ёстой.
Олонхийн ардчилалд бага санал авсан нам  сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг. Энэ цөөнх болсон талд санал өгсөн сонгогчдын хүсэл-шаардлага төрийн бодлогын гадна гээгдэх үзэгдэл олонхийн ардчиллын сөрөг тал юм.
Энэхүү сонгогчдын тодорхой хэсгийн санал гээгддэг олонхийн ардчиллыг улс төр судлаачид хиймэл буюу бүтээмэл олонхийн  загвар гэж нэрлэдэг.
Хоёрт, Бид өмнө Ардчилал бол олонхийн засаглал гээд, шийдвэр гаргах процесст илүү олон нийгмийн бүлэг, давхаргын төлөөлөл оролцож байвал илүү ардчилсан нийгэм гэж үздэг гэсэн.
Тэгвэл парламентад суудал авсан намууд хамтарч засгийн газрыг байгуулах, түүний  мөрийн хөтөлбөрийг батлах зэргээр байж болох хамгийн дээд (maximum) олонхийг бүрдүүлэх зорилгоор эвсэл байгуулахыг Ардчиллын Зөвшилцлийн загвар  гэдэг.
Өөрөөр хэлбэл, олонхийн ардчиллын загвар нь 50 + 1 бол зөвшилцлийн ардчиллын загвар нь сонгогчдын санал, нийгмийн захиалгыг аль болох гээхгүй төрийн бодлогод тусгах гэсэн хувилбар юм.
Зөвшилцлийн ардчиллын зарчмаар улс төрийн намууд Эвсэл байгуулах олон хувилбар байдаг. Тухайлбал,
Хамгийн цөөн намын эвсэл (Minimal winning coaltion), хамгийн олон намын эвсэл (Surplus majority), хамгийн том хоёр намын эвсэл (Grand coaliton),  хамгийн бага суудалтай намуудын эвсэл (Minority), мөн хамгийн улс төрийн байр суурь, үзэл баримтлал ойр намууд эвсэх гэсэн олон хувилбарыг ашигладаг.
Дэлхий 190 гаруй тусгаар улсаас хөгжлийн түвшнөөр эхний 30 байр эзэлсэн жагсаалтаас парламентын засаглалтай баруун европын 17 улсын 1945-2010 оны хооронд, төв  европын 10 улсын 1990-2010 оны хооронд олонхийн болон зөвшилцлийн аль хэлбэрээр Засгийн газраа байгуулж байсныг судалж үзэхэд дараах харьцуулалт гарч байна.
1945-2010 оны хооронд байгуулагдсан олонхийн болон зөвшилцлийн Засгийн газрын тоон харьцуулалт 
 
Австри, Бельги, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Исланд, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Испани, Швед, Их британи зэрэг 17 улсын 1945 оноос хойш, Болгар, Чех, Эстон, Унгар, Латви, Литва, Польш, Румын, Словак, Словени зэрэг орнуудын 1990 - 2010 оны хооронд судалгаанд хамрагджээ.
Дээрх судалгаанаас ажиглахад нийт 587 удаа Засгийн газар байгуулахад, 85% хувьд нь зөвшилцлийн зарчмаар байгуулсан байхад дөнгөж 15% хувьд нь олонхийн зарчмаар нэг нам дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн байна. Грек 14-өөс 10 удаа, Их Британи 23-аас 22 удаа, Литва 12-оос 6 удаа Засгийн газраа олонхийн зарчмаар байгуулсан нь 50% хувиас давсан гуравхан тохиолдол байна.
Ардчиллын олонхийн загвар онцгойрох, өрсөлдөх, тэмцэлдэх шинжтэй байдаг бол зөвшилцлийн загвар эрх мэдлийг хуваарилах, задлах, хязгаарлахаас гадна оролцуулах, харилцан буулт хийх шинжтэй байдаг утгаараа "хэлэлцээрийн ардчилал" гэж нэрлэдэг. 
Тухайн улсын ардчиллын чанарыг "эрх чөлөө, тэгш байдал, хяналтын тогтолцоо" гэсэн гурван тулгуур, Хууль дээдлэх ёс, Хувь хүний эрх чөлөө, Хэвлэн нийтлэх эрх, Ил тод байдал, Оролцооны тэгш байдал, Сонгуулийн эрх,  Засгийн газрын бие даасан байдал, Хяналт-тэнцвэр, Хариуцлагын хэвтээ тогтолцоо, Хариуцлагын босоо тогтолцоо" гэсэн 9-н дэд үзүүлэлтээр хэмждэг  бөгөөд зөвшилцлийн ардчилал 68.9, олонхийн Ардчилал 56.9 оноо тус тус авчээ.
 
 
Судлаачид зөвшилцлийн ардчиллын сонгодог загварыг Швейцар улсын төрийн тогтолцоо гэж үздэг.
Парламентын засаглалтай бусад орноос ялгарах Швейцар улсын төрийн тогтолцооны онцлог нь Засгийн газрын гишүүдийг парламентаас нэгэнт томилсон бол улс төрийн хариуцлага хүлээлгэх, огцруулах асуудал гардаггүй, энэ харьцангуй бие даасан шинжтэй байдаг. 
Швейцарын парламентын тогтолцоо нь засгийн эрхийг олонхид төвлөрүүлэлгүй, эрх мэдлийг хуваарилах, тараах зэргээр аль болох хязгаарлах зөвшилцлийн загвар юм.
Швейцарын Холбооны Зөвлөлийн (Засгийн газрын) долоон гишүүд нь "Шидэт Жор" (Magic formula) хэмээх 2:2:2:1 гэсэн томьёоны дагуу хувь тэнцүүлсэн өргөн эвслээс томилогдог .
Швейцарын Үндэсний Зөвлөлийн (нийтийн танхимын) 200 суудлын дөрөвний нэгтэй (1/4) тэнцэх суудлыг авсан гурван нам тус бүр 2 төлөөлөл, наймны нэгийг (1/8) авсан намд 1 төлөөлөл хуваарилагддаг байна.
Тухайлбал, 1959 оноос хойш Христийн Ардчилсан нам 2, Социал Демократ нам 2, Радикал Демократ нам 2 төлөөлөл, Ардын намын 1 төлөөллөөс Холбооны Зөвлөлийн (Засгийн газрын) 7-н гишүүд бүрдэж иржээ.
Швейцарын улс төрийн байгууламж нь Аристотелийн "Холимог дэглэм"-ийн гурван чиг-үүрэг, Монтескьюгийн эрх мэдэл хуваарилах зарчмын төгс зохицол бөгөөд "Шидэт Жор" гэсэн өргөмжлөл нь хэтрүүлэг биш юм. 
Олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилал нь ирээдүйд илүү үр ашигтай байна гэдгийг хууль зүйн шинжлэх ухааны профессор Ханс Кельзен 1920 онд " Засгийн газарт ганц бүлгийн сонирхол ноёрхож огт болохгүй бөгөөд олон сонирхол бүхий бүлгүүд нам болон зохион байгуулагдаж сонирхлын тэнцвэрийг хадгалж байх нь зохистой."  хэмээн сануулж байжээ.
 
 
ПАРЛАМЕНТЫН ДЭЭД ТАНХИМ
 
Парламентын доод танхимын эрх мэдлийг дахин хуваарилах эрх зүйн чадамжтай, улс төрийн системийн “Оролт”-оор дамжин ирсэн нийгмийн шаардлагыг хянан - нягтлах чиг-үүрэг бүхий институц бол парламентын Дээд танхим юм.
Парламентын дээд танхимын чиг үүргийн тухай АНУ Үндсэн хуулийн зохиогчдын тайлбар ойлгомжтой энгийн утга төгөлдөр байдаг. 
Тухайлбал, Жеймс Мэдисон АНУ-ын сенатын танхим бол нэгдүгээрт: төрийн эрх мэдэл нийтийн танхимд төвлөрөх эрсдэлийг хязгаарлах, конгрессын дур зоригоороо аашлах эрх мэдлийг хумих "Хашлага" гэж, хоёрдугаарт: гүйцэтгэх эрх мэдлийг хянах "Аргалж"-ийн чиг-үүрэгтэй байгууллага байна гэж тайлбарласан.
Жорж Вашингтон АНУ-ын сенатын танхим бол конгрессын танхимын популист халуурлыг төрийн бодлого, тогтолцооноос тусгаарлагч,  "Хөргөх систем"-ийн чиг-үүрэгтэй  гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Сенатын буюу дээд танхим нь эртний Грек, Ромын үеэс МЭ 17 зууныг хүртэл язгууртан ноёдын танхим байж ирсэн бөгөөд дундад зуунаас уламжлагдан ирсэн Их Британийн Лордын танхим сонгодог жишээ юм. Өнөөдөр  язгууртны төлөөлөл бүхий сенатын танхим хэмжээгүй эрхт хаант засаглалтай цөөхөн улсад үлджээ.
Орчин үеийн улс төрийн тогтолцоонд дээд танхим нь бүс нутгийн, үндэстэн ястны төлөөллийг хууль тогтоох байгууллагад бүрдүүлэх, хуулийн чанарыг сайжруулах, доод танхимын популист бодлогыг хянах, парламентын эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, дахин хуваарилах зорилгоор байгуулагдаж байна. 
Францын хуульч Ш.Л. Монтескью "Хуулийн амин сүнс" бүтээлдээ Хууль тогтоох засаглалын тухай дараах санааг онцлон тэмдэглэжээ.
Доод буюу нийтийн танхимын талаар хэлэхдээ:
"Төлөөлөгчид сонгогчдоосоо ерөнхий нэг заавар, бас үйл ажил бүрээр тусгай даалгавар авдаг байх шаардлагагүй.
Энэ маягаар бол депутатуудын үг нь үндэсний дуу хоолойн цуурай болдог нь үнэн. Энэ нь ажилд эцэс төгсгөлгүй саад учруулж, депутат бүр нөгөөдүүлдээ эрх мэдлээ тулган, хамгийн эгзэгтэй нөхцөлд улс үндэстний хүчин чадлыг хэн нэгний овилгогүй ааш араншингаар тамирдуулахад хүргэдэг.
Төлөөллийн хурлыг мөн л ямар нэг дайчин зоримог шийдвэр гаргуулахаар сонгох хэрэггүй. Төлөөллийн хурал энийг гүйцэтгэх чадвараар маруухан. Харин хууль гаргуулах, баталсан хууль нь хэрэгжиж байна уу, үггүй юу гэдгийг ажиглаж хянаж байхын тулд сонгодог байвал зохино. Энийг л зөвхөн төлөөллийн хурал сайтар гүйцэтгэж чадна."
Дээд буюу сенатын танхимын талаар дараах санаа, бодлоо тодорхой хэлсэн байна.
"Аль ч улсад ...нэр хүндээрээ овойж товойсон хүмүүс байдаг. Хууль тогтооход тэдний хувь нэмэр байвал зохистой. Энэ нь ард олны шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй тусгай хурал байгуулснаар бүтнэ, ард олон ч тэдний шийдвэрийг халах эрхтэй лүгээ адил юм л даа."
"Тийнхүү, хууль тогтоох эрх мэдэл бүхий хуралдаан язгууртнуудад ч, ард олонд ч ногдох болно, аль аль нь бие биеэсээ тусгай зөвлөлддөг хуралтай, ангид үзэл бодол, өөр өөр эрх ашигтай байна." гэжээ. 
Орчин үед парламентын дээд танхимыг “Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөөний баталгаа”  гэсэн үзэл номлол түгээмэл  дэлгэрсэн байна.
Дэлхийн улс орнууд (1) бүс нутгийн төлөөлөл, (2) мэргэжлийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, (3) уламжлалт язгууртны төлөөлөл бүхий гэсэн үндсэн гурван хэлбэрийн дээд танхимтай  бөгөөд зарим тохиолдолд холимог байх нь бий. 
Франц улсын нийслэл Парис хотноо 2000 оны 3 дугаар сарын 14-нд хуралдсан дэлхийн Сенатын танхимуудын форумд 50 гаруй улсын дээд танхимын төлөөлөгчид оролцож, парламентын дээд танхимын 4-н үндсэн чиг-үүргийг тунхагласан байдаг. Үүнд:
хууль тогтоох байгууллагад бүс нутгийн, үндэстэн, хэлтний төлөөллийг бүрдүүлэх замаар   төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх,
холбооны болон орон нутаг - муж улсын хоорондын харилцан уялдааг хангаж, төвлөрлийг  сааруулах,
орчин үеийн эрх мэдэл хуваарилах онолыг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн чанар-бүтээмжийг дээшлүүлэх,
олон нийтийн эрх ашгийг хууль тогтоомж, төрийн бодлого хэлэлцүүлэгт тусгах  гэж тодорхойлжээ.
2017 оны байдлаар дэлхийн 190 гаруй тусгаар улсаас 70 орчим улс нь хууль тогтоох дээд танхимтай бөгөөд холбооны улсууд 100 хувь, нэгдмэл улс орнуудын 1/3 нь парламентын хоёр танхимтай байна.  
Дээд танхимыг эрх мэдлийн хувьд хүчтэй, дунд зэрэг, сул гэсэн хэмжүүрээр ангилдаг бөгөөд хүчтэй дээд танхим нь доод танхимтай эрх мэдлийн хувьд тэнцүү, доод танхимын баталсан хуулийг хүчингүй болгох, эсвэл эцсийн шийдвэрийг хоёр танхимын хамтын хурлаар шийдвэрлэх эрх мэдэлтэй байдаг.
Харин сул эрх мэдэл бүхий дээд танхим нь доод танхимын хууль-шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх болон зөвлөх мэдэлтэй байдгаараа онцлог юм.
Дээд танхим нь төсөв-санхүүтэй холбоотой асуудлыг хэлэлцэх эрхгүй, энэ эрх доод танхимд хадгалагдаг боловч хэрэв зээ доод танхим төсөв-санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол дээд танхим өөртөө татан авч шийдвэрлэдэг тохиолдол байдаг.
Дээд танхимын нэг онцлог бол дэлхийд одоогоор дээд танхимыг тараах тухай заалттай Үндсэн хууль  байхгүй байна. Энэ нь доод танхим болон гүйцэтгэх засаглалын хооронд харилцан тэнцвэр барих, мөн тэднийг хянах дээд танхимын онцгой чиг-үүргээс үүдэлтэй юм.
Харин доод танхимыг Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч нар  дээд танхимтай зөвшилцөн тараах зохицуулалт цөөнгүй байдаг. Энэхүү зохицуулалт нь төрийн механизмыг доод танхимын популист бодлого-шийдвэр гацаахаас сэргийлсэн үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт юм.
Манай улсын парламентын түүхэнд сонгуулийн санхүүжилтийг эс тооцвол өндөр шалгуур босго үггүй нийтийн  танхимаас  баталж байгаа хууль-тогтоомжийн чанар, ажлын бүтээмж жил өнгөрөх тусам уруудсан дүр зурагтай байгаа учраас "Дэлхийн Сенатын форум"-аас тунхагласан 3,4 дүгээр үүрэг бүхий, зохих мэдлэг, мэргэжил, ёс суртахуун, насны шалгууртай дээд танхим байгуулах эсэхээс Монгол улсын цаашдын хөгжлийн зам мөр хамаарна.
Нийтийн танхим нь мөн чанарын хувьд төрийн шийдвэрийн “Эргэх-холбоо”-г улс төрийн системийн “Оролт” хэсэгт төлөөлдөг үндсэн үүрэгтэй учир ямар нэгэн зохих мэдлэг, мэргэжил, насны шалгуур тавих шаардлагагүй байдаг.
Хэрэв нийтийн танхимд сонгогдох төлөөлөгчдөд өндөр болзол, шалгуур тавьж эхэлбэл улс төрийн системийн гадаад “Эргэх-холбоо” тасалдаж, систем хаалттай хэлбэрт шилжин, дарангуй эсвэл цөөнхийн (олигарх) засаглалын хэлбэр тогтоно.
Иймээс нийтийн танхимын төлөөлөгчдийг сонгоход өндөр босго шалгуур тавилгүйгээр үлдээж, зөвхөн сонгуулийн тогтолцоог нь боловсронгуй болгох шаардлагатай юм.
Харин дээд танхим бол энгийн үгээр хэлбэл төрийн оюун ухаан, улс төрийн системийн шийдвэр гаргах үе шатны гол цөм болохын хувьд тодорхой босготой байх нь зүйтэй юм.
Монгол улсын хувьд мэргэжлийн дээд танхимтай байх нь улс орны онцлог, уламжлал, нийгэм-эдийн засгийн хямралыг даван туулах хэрэгцээ шаардлагад нийцнэ.
Манай оронтой олон талаараа төстэй Бүгд Найрамдах Ирланд Улсын мэргэжлийн сенатын танхимын загварыг өөрийн орны онцлог тохируулан нутагшуулах нь хамгийн оновчтой хувилбар байж болох юм.
 
Ирланд Улсын мэргэжлийн Сенатын танхимын гишүүдийг сонгох салбар, холбоо 
 
Ирландын Мэргэжлийн Холбоодын сонгууль нь хуучин БНМАУ-ын Ардын их хурлаас Улсын Бага хурлын гишүүдийг сонгодог байсан шиг эхлээд сонгуулийн Коллегийн төлөөлөгчид салбар, холбоо тус бүрдээ сонгогдож, тэдгээр төлөөлөгчид Сенатын танхимд нэр дэвшигчийг сонгодог тогтолцоо юм. 
Ирландын дээд танхим нь төлөөллийн байгууллага биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Учир нь ард түмний төлөөллийн байгууллага бол нийтийн танхим бөгөөд мэргэжлийн холбоодоос сонгогдсон Сенатын гишүүд ямар нэг салбар холбооны төлөөлөгч  биш, зөвхөн дээд танхимыг бүрдүүлэх чиг-үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр юм.
Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байгааг илэрхийлэх ардчиллын билэг тэмдэг болсон нийтийн танхимыг мэргэжлийн танхимаар солих гэсэн оролдлогууд 20 дугаар зууны эхэнд европын зарим орнуудад бүтэлгүйтсэний учир нь зэрэгцэн орших ёстой байгууллагуудыг нэгийн нөгөөгөөр солих гэсэн туйлшралд оршиж байсан юм.
Мэргэжлийн танхим нь нийтийн танхимыг орлох биш, харин дээд танхимын мөн чанарт тохирох бөгөөд ганц Ирланд улс зөв байранд нь ажиллуулснаар үр нөлөөтэй төрийн институц болж төлөвшсөн байна. 
Сүүлийн үед Их Британийн нэгдсэн вант улс Лордын танхимаа шинэчлэх судалгаа шинжилгээний дорвитой ажил хийж байгаа бөгөөд Ирландын мэргэжлийн дээд танхимыг маш нухацтай судалж байна.
Судлаачид Ирландын Сенатын танхимыг “эрх мэдлийн хувьд сул  болон улс төрийн намын оролцоо, нөлөө багагүй байдаг”  зэрэг хүчин зүйлс мэргэжлийн гэсэн онцлог талын бүдгэрүүлж, ач холбогдлын бууруулсан гэж үзэх нь бий.
Монгол улсын хувьд дээд танхимын гишүүдийг сонгох уу, томилох уу гэдгийг шийдэх дээ өөрийн үндэстний төрт-ёсны институцийн түүхэн уламжлалын онцлогийг харгалзан байгуулбал Сенатын танхимын (сенат - ахмадын зөвлөл гэсэн утгатай үг )  язгуур мөн чанар-агуулгад нийцэх биз ээ.
 
ХАРААТ БУС ИНСТИТУЦ
 
Төрийн ой санамжийн залгамж чанарыг сонгуулийн замаар бүрэлддэг институцээс илүү улс төрөөс ангид, хараат бус институц  тогтвортой "хадгалан" хамгаалдаг.
Сонгуульт байгууллага, албан тушаалтан сонгуулийн дараагийн мөчлөгт (циклд) дахин сонгогдож чадахгүй бол төрийн ой санамжийн залгамж чанар тасрахад хүрдэг аюултай.
Төрийн ой санамжийг хадгалж байдаг дараах  институц байна.
 
1. Хэмжээт эрхт хааны институц
 
 Дэлхийн тэргүүлэгч парламентын засаглалтай гүрнүүдээс Бельги, Дани, Люксембург, Норвеги, Голланд, Испани,Швед, Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Канад,  Япон зэрэг улсуудад хэмжээт эрхт хааны институц уламжлагдан  үлджээ.
Эдгээр орнуудын улс төрийн тогтолцоонд хааны институц нь Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэлд оролцох эрх үндсэн хуулиар хязгаарлагдмал боловч бодит байдалд хаант засаглалын уламжлалд тулгуурласан нэр хүндээ ашиглан төрийн гурван эрх мэдлийг тэнцвэржүүлэх чиг-үүрэг гүйцэтгэх нь түгээмэл юм. Улс орны  эв нэгдлийн бэлгэдлийн хувьд парламентын баталсан хуулийг ёсчлох, нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдыг батлах, санал оруулсан шүүгчийг томилох зэрэг их, бага харилцан адилгүй эрхтэй байдаг.
Хэмжээт эрхт хаан төрийн гурван эрх мэдлийн институцтэй удаан хугацаанд харилцсан туршлага дээрээ тулгуурлан заримдаа улс төрийн хямралыг даван туулах гарц нээх чиг-үүргийг гүйцэтгэж  чаддаг.
Яагаад гэвэл хэмжээт эрхтэй боловч хаан хийгээд түүний институц нь байнгын тогтвортой бүтэц тул асуудалд аль болох улс орны урт хугацааны эрх ашгийг тэргүүнд эрэмбэлдэг байна.
Харин парламентын засаглалтай орны ерөнхийлөгч сонгуульт албан тушаал учир алтан дунджийг баримталсан төвч байр сууриа хадгалах амаргүй байдаг. Учир нь дахин сонгогдохын тулд асуудалд популист байр сууринаас хандах магадлал бага биш.
Иймд парламентын засаглалтай орны ерөнхийлөгчийн эрх мэдлийг улс орны  эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн түвшинд нь хязгаарлаж байх нь нийт улс орны эрх ашигт нийцнэ.
 Хэрэв парламентын засаглалтай орны ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлбэл хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын давхар бүтэц үүсэх бөгөөд системийн онол болон удирдлагын ухааны хувьд зөрчилд хүргэнэ.
 
2. Нийгэм-эдийн засгийн зөвлөл
 
Төрийн ой санамжийн залгамж чанарыг хадгалж парламент болон засгийн газрын үйл ажиллагаанд тусалдаг тусгай байгууллага зарим оронд байдаг.
Тухайлбал, Франц, Ирланд,  Чех, Словени, Люксембург,  Мальт зэрэг улсуудын Нийгэм-эдийн засгийн зөвлөлийг нэрлэж болно.
Жишээ нь Францын Нийгэм-эдийн засаг, байгал орчны зөвлөл ( 2008 оноос өмнө Нийгэм-эдийн засгийн зөвлөл) нь нийгэм, эдийн засаг, байгал орчны чиглэлийн засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гарах, санал зөвлөмж оруулах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй 233 зөвлөхөөс бүрдэг байна. 
Францын Нийгэм-эдийн засаг-байгаль орчны зөвлөл нь дараах салбарын төлөөлөгчдөөс бүрддэг. 
 
Эдийн засаг, нийгмийн салбар, холбоодын 140 төлөөлөл:
 
Ажилтан, ажилчдын 69, 
Аж үйлдвэр, худалдааны 27,  
Газар тариалангийн 20, 
Гар үйлдвэрийн 10, 
Нийгмийн үйл ажиллагааны 4, 
Эдийн засгийн салбарт мэргэжсэн хувь хүмүүсийн 10 төлөөлөл.
 
Нийгэм, бүс - орон нутгийн холбоодын 60 төлөөлөл:
 
Төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг 8   (аялал жуулчлал, экспорт, хоршоолол), 
Газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах хоршоолол 4,
Гэр бүлийн холбоод 10,
Далайн чанад дахь  департмент болон эзэмшил нутгийн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааны 11, 
Оюутан, залуучуудын 4, 
Нийгэм, соёл, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн хүмүүсийн нийгмийн хамгааллын, орон сууц эзэмшигчдийн холбооны 15 төлөөлөл.
 
Байгаль орчин хамгаалах холбоодын 33 төлөөлөл:
 
Байгаль, орчин хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг холбоодоос 18,
Байгал орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн хувь хүмүүсийн  15 төлөөллөөс бүрдэг байна.
 
 
Б. Өлзийбаяр