УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийг 89.8 хувийн саналаар батлав.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан юм.
УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт УИХ-ын даргын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох таван үндэслэлийг заасан байдаг.
Үүнд, нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг чуулганаар хүлээн авсан эсхүл гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болохоор заасан юм. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталснаар УИХ-ын даргын бүрэн эрх дуусгавар болох зургаа дахь үндэслэлийг хуульчилж буй юм.
 
Хуулийг энэ сарын 25-наас мөрдөж эхлэхээр болжээ.
 
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн аж.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдмагц  буюу энэ сарын 25-нд уг саналаа өргөн барих юм аж.
Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан,  Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийв.
 Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг чуулган нэн яаралтай дэгээр хэлэлцэх ёстой. Үүний дараа УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг намрын чуулган хаахаас өмнө шийдэх хэрэгтэй. Учир нь намрын чуулган хаасны дараа ээлжит бус чуулган зарлах цаг үеийн асуудал үүсэх магадлалтай” гэсэн юм.
 
 
П.Энхмандах