sonin.mn
2019 оны 1 сарын 16-нд НИТХ хуралдаж,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгосон билээ.
Санал хураалтанд нийт 43 төлөөлөгч оролцсоноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар болсон юм.Гэвч түүнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болгохгүй байх сонирхол МАН-ын зарим улс төрчдөд байгаа нь нэгэнт ил болсон.
Сошиал медиагаар түүнийг зохион байгуулалттайгаар харлуулж буйгаас эхлээд НИТХ-ын удирдлага ЗГХЭГ- руу дутуу материал явуулах, тэр бүү хэл Ерөнхий Сайд ч түүнийг батламжлахгүй байх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Энэ бүхнийг хөндлөнгөөс дүгнэхэд С.Мөнхчулуун гэх төрийн албанд 10 гаруй жил ажилласан энэ залуу харьцангуй нэр цэвэр, хий багатай нэгэн юм гэж болохоор байна. Учир нь бүхэл бүтэн эрх баригч бүлэглэл түүнийг харлуулах гэж хайгаад хайгаад С.Мөнхчулуун нь төрийн алба хашихдаа эрх мэдлээ ашиглан, "идсэн уусан"  гэх юм олдоогүй тул хадам ээж, дүүтэй нь холбоотой асуудлыг л хүчээр дэвэргэх гэж үзэж байна. Бүр аргаа бараад залуу байхдаа хамгаалалтын алба ажиллуулж, шөнийн клубын такс тасалж байсан гэж хүртэл ямар ч утгагүй зүйлээр гутаах гэж байх шиг. Арай л машин барихдаа хурдаа хэтрүүлж байсан маш муу хүн  гэж муулах нь холгүй байна.
 
Тэгвэл С.Мөнхчулуун гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулт эрцгээе.
 
С.Мөнхчулуун нь  Төрийн удирдлагын магистр, төрийн удирдлагын доктрант. 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
 
2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн юм. 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байна.
 
Ч.Явуу