sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн хүүхдээс А хүрээний томуугийн H1N1 вирус илэрчээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 26 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин их байгаагаас ачаалал нэмэгдэж өнөөдрийн байдлаар 55 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тасгийн өрөө тасалгаа, орны тоо хүрэлцэхгүй байгаа тул дотор, чих, хамар, хоолойн тасгийн зарим өрөөнүүдийг ашиглаж байгаа гэнэ. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 10 хүүхдээс энэ сарын 18-ны өдөр  дээж авч, Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд явуулахад дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрч, бусад хүүхдүүдийнх сөрөг буюу эдгэрэх шатандаа байгаа нь тогтоогджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, доктор Т.Серикжаны тайлбарласнаар энэ төрлийн томуугаар өвчилсөн хүүхдүүдийг орон нутагт эмчлэх бүрэн боломжтой бөгөөд шаардагдах эм, вакцины нөөц хангалттай, бусад хүүхдүүдээс тусгаарлах шаардлагагүй ажээ.  
 
 Ө.Нурболат
 
Montsame news agency