sonin.mn
Ахмадууд Насны хишгээ авах гэж ургах нарнаас үдшийн бүрий хүртэл банкны үүд сахин, зарим нь ухаан алдан унаж буй зураг, бичлэг олны анхаарлыг татаад байна. Тухайлбал, нэгэн ахмад “Банкинд удаан хугацаагаар дугаарлаж зогсох хэцүү байна. Толгой өвдөж, зүрхээр хатгууллаа. Надад эмч дуудаж өгөөч” хэмээн уйлан ярих нь асуудлыг улам хурцатгав. Мөн нэгэн өндөр настан банкин дотор ухаан алдаж унасан дүр зураг сошиалаар тархаж, банкууд шүүмжлэлд өртөөд байгаа юм. Иймд бид бодит байдлыг сурвалжлахаар Насны хишиг олгож буй ХААН болон Төрийн банкны хэд хэдэн салбараар орлоо. Банкууд, ялангуяа гэр хороололд ойр байрлах салбарууд нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Насны хишгээс гадна халамжийн мөнгө олгож байгаа учраас дараалал ихтэй байгаа нь  энэ аж. Өнөөдөр /өчигдөр/-ийн 12.00 цагийн байдлаар Зуун айлд байрлах ХААН банк Насны хишиг олгож эхлээгүй байсан бөгөөд ахмадууд хүлээгээд сууж байлаа. Учир байдлыг тодруулахад банкны мэргэжилтэн “Одоогоор хэн гэдэг хүнд Насны хишиг олгох тухай мэдээлэл ирээгүй байна. Үдээс хойш орж ирэх байх. Мэдээлэл ирэнгүүт ахмадуудад мөнгийг нь олгоно" гэсэн хариулт өглөө
 
Үүний дараа ойролцоо байрлах Төрийн банкаар орсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тус банк хаалган дээрээ харилцагчдын анхааралд гэсэн зар тавьсан байв. Түүнд энэ оны нэгдүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд иргэд дараалал үүсгэсэн талаар дурдаж, энэхүү нөхцөл байдал Төрийн банкнаас шалтгаалаагүй бөгөөд санхүүжилт орж ирсэн даруйд иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн Капитал болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул Төрийн банк нийгмийн халамжийн мөнгийг иргэдэд ганцаараа олгож буй нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болсон талаар тайлбарласан байлаа. Иймд бид Насны хишгээ авахаар хүлээж буй ахмадуудын сэтгэгдлийг сонслоо.
 
Б.Дамдинсүрэн:-Насны хишгээ авах гээд иртэл өгч эхлээгүй байна. Үдээс хойш өгөх юм ярьж байна. Холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд ярихдаа энэ сарын 20-ноос эхэлж өгнө гэж байсан. Тэгэхээр нь гурав хоногийн дараа ирсэн боловч өгөөгүй л байна. Гэр ойрхон бол хамаа алга. Хол болохоор таяг тулсан би нааш цаашаа явахад хүндрэлтэй юм. Тэтгэвэрт гараад 10-аад жил болж байгаа учраас банкинд данстай бас карттай л даа. Гэтэл түүн рүү оруулдаггүй юм юм билээ. Насыг нь шалгана гээд заавал иргэний үнэмлэхтэйгээ ирж ав гэдэг.
 
Д.Доржханд:-Насны хишгээ авах гэж гурав дахь өдрөө банкин дээр ирж байна. Банкны ажилтан “Дансанд мөнгө ороогүй байна” гэдэг. Гэтэл холбогдох яам, газрын дарга нар банкууд руу Насны хишгийн мөнгийг шилжүүлсэн гэж ярих юм. Зарим дүүргийн банкууд өгч байгаа юм билээ. Хараа, хөл муутай бид банк, гэр хоёрын хооронд олон дахин яваад байж чадахгүй юм. Ирээд банкинд олон цагаар сууж ч чадахгүй. Бүгчимдээд толгой тархи өвдөөд хэцүү юм. Ядаж байхад бие засах өрөө нь цоожтой байдаг. Бид тухайн банкаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид учраас ариун цэврийн өрөөгөө нээлттэй байлгах хэрэгтэй шүү дээ.
 
П.Цэцгээ:-Насны хишгийн санхүүжилт нь орсон банкууд олгож байна. Хоёр хөгшнийхөө мөнгийг авч өгөөд хамт явж байна. Би тэтгэврийн зээл жилийн хугацаатай авсан. Зээлийн хүү буурсан гэж яриад байх юм. Тэр нь бидэнд үйлчлэхгүй юм билээ. Өндөр настнууд тэтгэврийг арван сараар зээлэх эрхтэй байдаг. Арав хүртэлх сараар зээлбэл 12 хувиар бодож өгдөг. Харин түүнээс дээш хугацаагаар авсан тохиолдолд 15 хувиар тооцдог. Би тэтгэврийн зээл нэг жилээр авсан 15 хувиар бодож өгсөн. Банкууд дотоод журмаараа ийм зохицуулалт хийж байж магадгүй. Бид хэрэгцээ шаардлага гараад хүүг нь хүлээн зөвшөөрөөд авсан учраас зөв, буруу гэж шүүмжлээд яах вэ дээ.
 
“САНХҮҮЖИЛТ, МЭДЭЭЛЛИЙН ФАЙЛЫГ БАНК РУУ ШИЛЖҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ОЛГОДОГ”
 
Насны хишгийг одоогоор ХААН болон Төрийн банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд зарим салбарынх нь санхүүжилт болон мэдээлэл нь банкинд ирээгүй байхад ахмадууд дугаарлаж, ачаалал үүсгэжээ. Мөн бусад халамжийн мөнгийг олгож эхэлсэн нь ачаалал үүсэх бас нэгэн шалтгаан болжээ. Харин санхүүжилт нь орсон банкууд Насны хишиг болон халамжийн мөнгийг хэвийй олгож байлаа. ХААН банк Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн тодорхой хороодын оршин суугчдад Насны хишиг, “Цалинтай ээж’’, алдар цолтон болон одонтой ээжүүдийн халамжийн мөнгийг Цагаан сараас өмнө олгохоор болжээ. Энэ сарын 22-ны байдлаар дээр дурдсан дүүргээс Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх салбарт халамжийн мөнгийг олгож эхэлжээ. Тэгвэл зарим салбар нь ямар шалтгаанаар халамжийн мөнгийг олгохгүй байгааг ХААН банкны Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Насны хишиг олгоход холбогдох газраас банк руу хоёр төрлийн зүйл шилжүүлдэг. Нэгдүгээрт, санхүүжилт буюу мөнгө. Хоёрдугаарт, хэн гэдэг хүнд хэдэн төгрөгийн ямар халамж өгөх тухай мэдээлэлтэй файл. Жишээлбэл, иргэн Цэцгээд Насны хишиг, үүн дээр одонтой ээжийн халамж гээд нийт тэдэн төгрөг олгох ёстой гэсэн мэдээллийг тухайн дүүргийн нийгмийн халамжаас банкууд руу шилжүүлдэг. Сүхбаатар дүүрэг дэх салбарт энэ мэдээлэл очоогүй байсан. Тухайн файл өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш очсон тул 15.30 цагийн байдлаар ахмадуудад Насны хишгийг нь хэвийн олгож байна” гэлээ.
Ингэснээр ХААН банкны Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх салбарт дээр дурдсан дөрвөн төрлийн халамжийг иргэдэд хэвийн олгож байгаа гэсэн үг. Харин орон нутгийн хувьд өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг олгож эхлээгүй байна. Гэхдээ санхүүжилт болон мэдээллийн файлыг банк руу шилжүүлсэн даруйд олгох юм байна. Насны хишгийг заавал ХААН, Капитал, Төрийн банкаар авах ёстой гэсэн шаардлага тавиагүй тул ямар банкаар авах тухайгаа хүсэлт гаргахдаа тодорхой бичиж болох юм байна. Энэ жилийн хувьд Цагаан сар нэлээд эрт тохиож байгаа учраас Насны хишгийг түүнээс өмнө өгөхөөр шийдвэрлэж, энэ сарын 22-нд санхүүжилтийг банкууд руу шилжүүлжээ.
 
ЭНЭ ЖИЛ 160 ГАРУЙ МЯНГАН АХМАД НАСНЫ ХИШИГ АВНА
 
Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 65 болон түүнээс дээш насны ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор тусгасан билээ. Үүний дагуу холбогдох хуулийг нь баталж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож эхпээд гурван жил болж байна. Энэ жил 160 гаруй мянган ахмадад олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Статистик тоон мэдээллээс харвал жилд 5-6 мянган ахмад шинээр нэмэгддэг байна. Хуульд заасны дагуу 65-69 настай ахмадад 50, 70-79 настай 80, 80-89 настай 150, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг олгодог. Насны болзол хангасан ахмад настан иргэний үнэмлэхний хуулбарыг өргөдлийн хамт авч харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд өөрийн биеэр хүсэлт гаргах юм. Хэрэв өөрийн биеэр очиж авах боломжгүй, хэвтрийн байдалтай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тэтгэмжээ авах боломжтой. Энэ тохиолдолд итгэмжпэх төлөөлөгчийн  иргэний үнэмлэхний хуулбарыг давхар хавсаргах шаардлагатай юм. Засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжсэн тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж Насны хишгээ үргэлжлүүлэн авах юм байна.
 
ГАДААДЫН ИРГЭДИЙГ ТЭТГЭМЖИД ХАМРУУЛАХААР БОЛЖЭЭ
 
Насны хишиг олгох журмыг 2017 онд баталсан бөгөөд энэ оноос тус журамд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ талаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс тодрууллаа. Тус журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар Насны хишиг авах иргэдийн тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор энэ жилийн төсөвт өмнөх оныхоос нэг тэрбум гаруй төгрөгийг илүү төсөвлөжээ. Журамд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан. ОХУ-ын иргэдийг уг  тэтгэмжид хамруулахаар болсон байна. Тодруулбал. Ахмад настны тухай хуулийн хүрээнд Монгол Улсад хууль ёсоор амьдардаг гадаадын иргэнийг хамруулж болно гэсэн үндэслэлээр хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу өөрийн улсын иргэнтэй адилтгаж ийнхүү гадаадын иргэнд Насны хишиг олгохоор болжээ. Мөн хятад иргэд ч уг тэтгэмжид хамрагдаж байгаа аж. Мөн журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар Насны хишиг авах ахмадуудын материалыг нэгдүгээр сард хүлээн авдаг болжээ. Өмнө нь хоёрдугаар сард хүлээж авдаг байсан юм. Харин улсын баяр наадмын өмнө Насны хишиг шинээр авах ахмадуудын хувьд материалаа өгөх сүүлийн хугацаа зургаадугаар сарын 30-ны өдөр байдаг. Насны болзол хангаж буй ахмадуудын хувьд Цагаан сарын шинийн нэгэн болон улсын их баяр наадмын өдрөөр насыг нь тооцдог байв. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр Цагаан сарын шинийн нэгнээс шинийн гуравны өдөр хүртэл, долоодугаар сарын 11-15-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцдог болжээ. Өөрөөр хэлбэл, оноороо 65 нас хүрсэн ч тэтгэмж олгох үед сараараа хүрээгүй бол Насны хишиг авах боломжгүй гэсэн үг. Ахмадуудын хувьд тэтгэврийн зээлийн хүү толгойн өвчин болоод байгаа. Иймд ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах зорилгоор ХНХЯ арилжааны банкуудтай хамтран ажиллаж тодорхой хувиар бууруулсан. Тодруулбал, 2017 онд тэтгэврийн зээл жилийн 15 хувийн хүүтэй байсан бол өнгөрсөн онд 12 хувь болгосон. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан юм. Гэтэл банкууд шийдвэр гарахаас өмнө авсан зээлийг үлдсэн хугацаанд хуучин хүүгээр нь бодцог гэсэн шүүмжлэлийг ахмадууд хэлж байлаа
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин