sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан батлуулсан УИХ-ын даргыг чөлөөлөх хууль  энэ сарын 25-наас хэрэгжиж эхэллээ. Гишүүдийн олонх нь  парламентын скиперийг чөлөөлөх хүсэлт гаргавал түүнийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг заалтыг УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд тусгасан юм.  Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд ажлаа хэзээ өгч, түүний оронд хэн томилогдох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ-аас олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийсэн. Үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
УИХ-ын даргыг чөлөөлөхөөр 39 гишүүн гарын үсгээ зуржээ
 
УИХ-ын даргыг чөлөөлөх хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барилаа. Гэвч энэ асуудлыг баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэнгүй. Учир нь аливаа хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний  дараа хүчин төгөлдөр болдог дэгтэй. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон юм. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Энхболд, Ц.Нямдорж, Н.Цэрэнбат, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Х.Баделхан, Ч.Улаан, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн, Б.Сарангэрэл, Ө.Энхтүвшин, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Г.Солтан, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Батзориг, Н.Учрал, Ж.Ганбаатар, С.Батболд, Л.Энхболд, Х.Болорчулуун, С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Я.Санжмятав, Д.Мурат нар гарын үсгээ зураад байна.
 
М.Энхболд: Цагаан сараас өмнө хуулийн хүрээнд ажлаа өгнө
 
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрээр “Төрийн мэдээлэл” сэтгүүл 28-ны даваа гаригт хэвлэгдэн гарна.  Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас эхэлнэ гэсэн үг юм. Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна” гэлээ. Үүний дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал ямар процессын дагуу явагдах вэ гэдэгт тайлбар өгөв.   УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх мягмар гариг буюу маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.
 
Дараагийн дарга хэн бэ?
 
УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөх нь бараг л тодорхой болчихлоо.  Гэхдээ МАН-ын зовлон дуусах болоогүй. Одоо нам дотор дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэдэг яриа ид өрнөж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж,  Ө.Энхтүвшин гээд парламентад олон жил сонгогдсон тулхтай гишүүдийн нэр ч нэлээд дээгүүр яваа.  Ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн тохиромжтой хувилбарт яригдаж байгаа юм билээ. Нөгөө талаар тэмцэл өрнүүлж буй залуу гишүүдээс ч сонгогдох магадлал байгаа юм.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын нэг нь дараагийн УИХ-ын дарга болно” гээд хэлчихсэн удаа бий. Ийнхүү Их хурлын даргын төлөөх сунгаа энэ долоо хоногжин яригдах нь байна.
 
“С.Мөнхчулууныг батламжлаагүй байна”
 
НИТХ энэ сарын 16-нд хуралдаж, Хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ.  Ерөнхий сайд ажлын 14 хоногт багтан хариуг нь өгөх учиртай. Хуулиараа нэг удаа буцаах эрх У.Хүрэлсүхэд бий. С.Мөнхчулууны хувьд анхнаасаа У.Хүрэлсүхийн захиалсан хүн биш байлаа. Тиймээс батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт С.Мөнхчулууныг батламжлахгүйгээр намаас хөөх гэж байгаа асуудал ч яригдаж байв.  С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй, буцаавал энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Ингэхдээ НИТХ өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, С.Мөнхчулууныг хотын даргаар дахин сонговол  Ерөнхий сайд өөрчлөх боломжгүй болно. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байна.
 
АТГ: С.Баярцогт “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байхдаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн
 
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан хэргүүдийн явцыг танилцуулсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт зургаан хүнийг яллагдагчаар татжээ. Хамгийн сүүлд гэхэд  Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин цагдан хорих шийдвэрийг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Прокурорын  байгууллагаас  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.   Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр зурахдаа Сангийн сайд асан С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байжээ.  Энэ мэдээллийг АТГ-аас мэдээлэл хийхдээ баталлаа. АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Сангийн сайд асан С.Баярцогт  Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.  Харин гэрээг үзэглэсэний дараа өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан болох нь тогтоогдсон” гэв.
 
УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татсан
 
ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалтын явцыг мөн танилцуулсан. Прокуророос УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна. Хоёр гишүүн тогтоолтойгоо танилцаж гурван гишүүний тогтоолыг танилцуулах ажиллагаа явагдсан ч хүлээж аваагүй гэж байв. УИХ-ын Тамгын газраас хоёр гишүүн томилолттой, өвчтэй учраас танилцах боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн талаар АТГ мэдээллээ.  Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан  УИХ-ын нэр бүхий 23 гишүүн шалгагдаж байгаа гэдэг нь худлаа гэдгийг хэлж байв.
 
Оффшороос 74.9 сая доллар орж, иржээ
 
Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85.9 сая ам.долларыг байршуулж байсныг тогтоожээ. Үүнээс 74.9 сая ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн байна.   Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж иржээ. Оффшорын хэрэгтэй холбогдуулан “Петровис”- ийн Ч.Даваанямыг шалгаж байгаа гэлээ. 20 сая орчим ам. доллар хоёр ААН-ийн дансаар хоёр удаа орж иржээ. Ийнхүү мөнгө угаагдсан байж болзошгүй байдал тогтоогдсон учир үүнийг мөрдөн шалгах ажиллагааг Прокурор шүүхийн хяналтын дор явуулсан гэсэн. Мөн оффшортой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баярт хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин