sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “MGL-1 Fight night” чансаа ахиулах 3 дугаар тэмцээнийг 2019 оны гуравдугаар сарын 02-нд Монголын хөлбөмбөгийн холбооны ордонд зохион байгуулна.
Энэхүү халз тулааны тэмцээний “Оргил тулаан”-ы өрсөлдөгчид нь Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт сувилал”, “Бэхээ дожо” клубын тамирчин Х.Төрбаяр болон “Геомандал” ХХК, ГХХА, “Ширэн бээлий клуб”, “One time club”-ийн тамирчин Э.Ганзориг нар байх юм.
 
 
Х.Төрбаярын хувьд 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ээлж дараалан ялалт байгуулсан ч өөрийн хүсэлтээр оролцохоос татгалзсан. Шоуны сүүл үед шоуны ялагч болсон “Ширэн бээлий клуб”-ын тамирчин Шинэчагтагатай үзэгчдийн хүсэлтээр орж ирж тулалдан, шүүгчдийн саналаар ялагдсан ч үзэгчдийг талцуулж чадсан юм. 2018 онд Эрдэнэт хотод болсон “MGL-1 Finghing championship” 11 дүгээр тулаанд ХСИС-ийн тамирчин Мөнхжинг КО буюу хүнд цохилтоор буулган авч, “MGL-1 Finghing championship” 12 дугаар тулаанд оролцсон ч бэртлийн улмаас тулалдаагүй. Түүний өрсөлдөгч нь Э.Ганзориг 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ялалт байгуулан гарч ирээд, эхний тойрогт ХСИС-ийн тамирчин Ц.Төгсболдод ялагдал хүлээн шоуг орхисон. Тэр холимог тулаанаар эрчимтэй хичээллэж, ОХУ-ын “Байкаль ММА” холимог тулааны тэмцээнд 2 ялалтыг байгуулсан юм.
 
 
“Дэд оргил тулаан”-д 66 кг-д “Энгүй тал” ХХК, “Эрч клуб”-ын тамирчин Ө.Баярмандах, тулаанч Ц.Мөнхсайхан нар халз тулалдана. Ө.Баярмандах нь 2017 оны “Мастер тулаанч шоу”-ны сорил тулаанд ээлж дараалан ялалт байгуулж, улмаар тус шоуны анхны тулаанд ХСИС-ийн Б.Даваанямд ялагдсан. Мөн 2017 оны “MGL-1 Finghing championship” халз тулаанд Ангууч гэгддэг Баттөрд ялагдсанаар түр завсарласан. Тэрбээр 2 жил бэлдсэний эцэст дахин дэвжээндээ эргэн ирж байна.Түүний өрсөлдөгч “Golden gym”, “Golden huur” ХХК-ийн тамирчин, “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн онцлог оролцогчдийн нэг, төмөр шилийг хашраагч Ц.Мөнхсайхан. Тэрбээр 2018 оны сорил тулаанд өөрийн сэтгэл хөдлөлөөр, ямар ч дасгалжуулагч, бэлтгэлгүйгээр оролцоод, 5 минутаар 3 үе бүтэн цагаа дуусгасан. Энэ амжилт нь түүнд итгэл төрүүлж, өөрийгөө дайчлан тулалдахаар шийджээ.
Энэхүү “MGL-1 Fight night” хэмээх ширүүн тулааны үеэр анх удаа охидын тулаан, хүүхдийн тулаан сорил тулаанаар шалгарсан шилдэг тамирчдын тэвчээр хатуужил, хурд хүчийг сорих 11 халз тулаан болно.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг