sonin.mn
"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр өрсөлдөж байна. Буудлага, биллиардын тэмцээнүүд өнгөрсөн амралтын өдөр болсон бол гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд болж байна. Гар бөмбөгийн тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ юм. Баг тамирчдаа оролцуулсан та бүхэндээ баярлалаа" хэмээн онцолсон юм. Дашрамд дурдахад, буудлагын төрөлд ЗХЖШ-ын баг нэгдүгээр байр, ЦЕГ-ын баг хоёрдугаар байр, ТЕГ-ын баг гуравдугаар байр эзэлсэн бол биллиардын төрөлд ЦЕГ-ын баг нэгдүгээр байр, ХХЕГ-ын баг хоёрдугаар байр, БХЯ-ны баг гуравдугаар байрт шалгарсан юм. Гар бөмбөгийн тэмцээний аваргууд үдээс хойш тодрох ажээ.
 
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин