Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэллээ.
 
 
“Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг урьж байна.  Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион явуулах эрхийг олгосон явдалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг зохион байгуулах хорооны даргын хувьд талархалтай, маш их баяртай байгаагаа илэрхийлье. Тэмцээнд оролцогч тамирчид та бүхэн эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье” гэж хэллээ.
 
 
Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцох юм. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчид хүчээ үзэх юм.
 
 
Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстан улсын тамирчин Улукбек Жолдошбеков, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Туркменистан улсын тамирчин Довлетмурат Оразгылыджов зэрэг өсч яваа шилдэг тамирчид дэвжээнээ зодоглоно.
 
 
“U23” Азийн тивийн аварга шалгаруулах бөхийн тэмцээн энэ сарын 24-ныг дуустал “Буянт Ухаа” спортын ордонд болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.