sonin.mn

Узбекистан улсын Ташкент хотод дэлхийн оюуны спортын холбооноос зохион байгуулсан цээж бодолтын олон улсын тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академи, “Язгуур” бага сургуулийн дөрвөн тамирчин гурван насны ангилалд түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медалийн эзэн болж үнэмлэхүй ялалт байгуулав. Хамгийн бага насны ангилалд З.Сийлэн аваргалж, М.Гэгээн-Оюун удаах байрт шалгарсан юм. Түүнчлэн 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медалийн эзэн боллоо.

 

Тэмцээнд 360 тамирчнаа манлайлан “Үнэмлэхүй аварга” болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарчээ.

 

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар зургаан настай З.Сийлэн тодорлоо. Учир нь, тэр 0,1 секундийн давтамжтай дэлгэцэд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон юм. Энэ удаагийн тэмцээнд Монголыг баг тамирчид бүгд медалийн тавцанд гарч зорилгоо бүрэн биелүүллээ.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин