sonin.mn
Марафон гүйлтийн спортын ОУХМ, ахмад тамирчин, бэлтгэл ахмад Ч.Цогоотой ярилцлаа. Тэрээр сурахад оройтдоггүй гэдгийг өөрийн биеэр залууст үлгэрлэж яваа нэгэн мэт санагдсаныг тэмдэглэе.
 
Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
 
-Би 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд. Манайх өнөр бүл л дээ. Эцэг, эхээс наймуулаа. Багадаа уртын харайлтаар хичээллэдэг, их хуур, баян хуур, аман хуур зэрэг хөгжим тоглодог, их төлөв даруу зантай хүүхэд байсан гэж намайг манайхан ярьцгаадаг юм. Төв аймгийн Зуунмод хотод бүрэн дунд боловсрол эзэмшиж 1971-1974 онд Хилийн цэргийн барилгын хороо буюу Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаасан. Түүнээс хойш тус ангид болон Барилгын цэргийн анги, салбаруудад офицероор дэвшин ажиллах болсон доо. Зэвсэгт хүчинтэй холбогдох болсон түүх гэвэл товчхондоо ийм.
Тухайн үеийн ЦЕДС-ийн ерөнхий цэргийн курст 1980-1981, Барилгын мастер техникчийн курст 1987-1988 онд суралцаж төгссөн. Улс төрийн дээд сургуульд 1991-1993 онд суралцаж, улс төр судлаач мэргэжлийг эзэмшсэн. Чухамдаа улс төр судлаач, ерөнхий цэргийн мэргэжилтэй гэсэн үг. 1971-1991 оныг хүртэл 20 гаруй жил Зэвсэгт хүчний анги, салбаруудад алба хаалаа.
 
Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцдог нь барилгын цэргийн онцлог юм даа...
 
-Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох, мөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хууль, тогтоомжийг хэрэгжүүлж, улс орны аюулгүй байдал болон байлдааны бэлэн байдлыг хангахын төлөө ажилладаг хосолмол үүрэгтэй нь бидний онцлог. Миний хувьд Эрдэнэтийн хар зам, Дарханы мах комбинат, цементийн завод, Улаанбаатар хотод мебелийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтуудад гар бие оролцож л явлаа.
 
Марафон гүйлтийн спортод хэзээнээс хөтлөгдөв?
 
-Барилгын цэрэг байхаасаа л гүйдэг байсан, одоо ч бас гүйсээр л. Цаашид ч гүйсээр л байна. Миний амьдралын марафон үргэлжилсээр байна. Тэтгэвэрт гарснаас хойш ИНЕГ-т аюулгүй байдал, хамгаалалтын албанд 10 гаруй жил талбайн хяналтын эргүүл, ээлжийн ахлагчаар ажилласан. Ингэхдээ 20-30 гаруй хүн хариуцаж ажиллана. Бас л гүйх, биеийн тамирын дасгал сургуулилт хийх гээд хагас цэргийн зохион байгуулалттай, өндөржүүлсэн бэлэн байдалтай. Зэвсэгт хүчинд байхдаа байнгын гүйлтийн бэлтгэлтэй байсан ч уралдаан, тэмцээнд оролцоод байх зав чөлөө хомс байж. Тиймээс ажилдаа л анхаарлаа хандуулдаг байлаа.
 
Та нийтдээ хэчнээн тэмцээнд орж, ямар амжилт үзүүлсэн бэ?
 
-Марафоны 90 шахам тэмцээнд оролцож 60 гаруй шагналт байр эзэлсэн байдаг юм. Анхны олон улсын тэмцээн 2008 онд Турк улсад зохиогдсон “Энх тайвны гүйлт” гэсэн олон улсын марафон байлаа. Тэмцээний дараа хүнээс сонсох нь ээ би 250 гаруй марафончдоос 50 дотор багтсан юм билээ. Энэ нь надад их урам өгсөн шүү. Янз бүрийн насны хүмүүстэй эн зэрэгцэж гүйсэн надад нас бол ердөө тоо юм байна гэж л бодогдсон.
 
Марафонч хүний зорилгыг амьдралын ямар философитой адилтгаж болох вэ?
 
-Чухамдаа марафон гүйлтийн тамирчин хүн байр эзлэх бус, гараанаас гарсан л бол барианд орох, өөрөөр бол эхэлсэн зүйлийнхээ эцсийг үзэх ёстой гэсэн амьдралын философийг л мөрдлөг болгодог.
 
Танд энэ спортоор идэвхтэй хичээллэх боломж их хожуу нээгджээ дээ...
 
-Сүүлийн 20 гаруй жил марафоноор идэвхтэй хичээллэж байна. Одоогоор Хэт холын марафон гүйлтийн холбооны ахмадын зөвлөлийн даргын болон Чингэлтэй дүүргийн Монголын мастеруудын холбооны биеийн тамир, спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Голдуу 21, 42 км-ын марафонд л гүйж байна.
 
Тэмцээн, уралдаанд өөрийгөө хэрхэн бэлдэж, юунд голчилж анхаардаг вэ?
 
-Марафон гүйлтийн тамирчин тэмцээний үед хэд хэдэн зүйлд анхаарах нь зүйтэй. Хамгийн чухал зүйл бие, сэтгэл зүйгээ бэлдэх явдал. Зориулалтын, биед эвтэйхэн хувцас, хэрэглэлтэй байхаас гадна аль болох хөнгөн хооллох хэрэгтэй. Ачаалал үүсгэж, бие организмыг хүндрүүлэхээр хоол хүнс урт хугацааны бэлтгэлийг “алж орхих” нь бий. Хэт холын марафончдод зурган маршрут дээр ажиллах чадвар зайлшгүй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл гүйх орон, газраа сайтар судалж, маршрутын дагуу байрлах секторууд дээр цаг алдалгүй очиж дараагийн бэлтгэлээ хангаж байвал сайн.
 
Та байнгын бэлтгэлтэй юу, эсхүл тэмцээн болох сургаар түүндээ зориулж бэлтгэл хийж байна уу?
 
-Байнгын бэлтгэл сургуулилттай. Өвлийн улиралд зохиогддог тэмцээн ховор учраас өөрийгөө сэргээж, биед суулт үүсэхээс сэргийлдэг. Долоон буудлаас Цэргийн амралт, Буянт-Ухаагаас Төв аймаг хүртэл олон маршрутаар гүйдэг л дээ. Би хүний асаргаанд орж, хэн нэгэнд төвөг, садаа болчихгүй юм сан гэсэндээ өөрийгөө эрүүлжүүлж байгаа нь энэ марафоноор хичээллэж байгаа явдал юм шүү дээ.
 
Таныг урамшуулдаг зүйл юу вэ?
 
-Шантрах үе хүн бүрт л бий, хэний өмнөөс, юуны төлөө гүйгээд байгаагаа л ухаарах хэрэгтэй. Нэгдүгээрт би цэргийн алба хаасан, хоёрдугаарт эр хүн. Халшраад байвал хэн болж хувирах юм. Гараанаас гарсан бол барианд л ор гэсэн марафоны зарчим бий шүү дээ. Марафон бол бусадтай биш өөртэйгөө тэмцэлддэг спорт. Уулын 50 км, 24 цагийн марафон зэрэгт тасралтгүй гүйж л байна. Зарим хүний санаанд багтахад хэцүү л дээ. Биднийг гүйж байхад хүмүүс ажилдаа явна, ажиллана, цайлна, орой унтана гээд амьдрал өрнөж л байна. Харин би гүйж байгаа нь бас л амьдарч, ажиллаж байгаагийн нэр юм.
Залуу тамирчид няцна, шантарна, эрүүл мэндийн хувьд тохирохоо байчихна, ахмад тамирчид үе мөч нь өвдөнө, нуруу, өвдгөөр нь хатгана. Асуудлууд байна уу гэвэл байна. Гэхдээ л бие биеэсээ суралцаад л явдаг. Ахмадууд нь залуустаа үлгэр жишээ болно, урам зориг өгнө, залуусаасаа ч суралцана шүү дээ.
 
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ, гүйхээс өөрөөр...
 
-Хөгжим тоглох дуртай. Баян хуур, их хуур, аман хуур, төмөр хуур, хулсан хуур зэрэг хөгжмөөр ая тоглочихно. Ер нь би урлаг, уран сайхантай ч ойрхон хүн. Соёлын тэргүүний ажилтны цол, тэмдгээ хамгаалах хэрэгтэй биз дээ. Хөгжмийн мэдрэмж, багахан авьяасыг ээжээсээ өвлөж авсан гэж боддог.
 
Ээж тань урлагийн хүн байсан юм уу, гэр бүлийн тань талаар цухас хөөрөлдье...
 
-Аав маань олон жил намын ажил хийсэн. Харин ээж маань асрагч, тогоочоор ажиллахаас гадна шанзыг сонсголоороо тоглодог унаган авьяастай хүн байлаа. Ээжээсээ л тэр авьяасыг нь өвлөсөн байх.
 
Ахмад тамирчны нүдээр залуусыг харвал...
 
-Монголд хэт холын марафоныг хөгжүүлэхэд залуусын оролцоо их чухал. Сүүлийн жилүүдэд тэдний идэвх, санаачилга нэмэгдэж байгаа. Оролцооны тухайд бол нэг ийм. Харин гүйлтийн тухайд бол хэлэх хэд хэдэн зүйл бий. Зогсолт хийж, явц удааширч байгаа зарим тамирчдыг би үгээрээ, эсвэл үйлдлээрээ ташуурдаад өгнө шүү дээ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл маань залуу тамирчдад нэгийг бодогдуулдаг юм шиг ээ. Залуу тамирчид аливаад хүлээцтэй ханддаг, хүний хэлсэн үгийг ойлгодог, хүлээж авдаг, ер нь их чих зөөлөнтэй болсон юм билээ. Тэдний яриагаар бол гүйлт дунд миний залууст өгдөг зөвлөгөө хоосон номлол төдий зүйл ч бас биш бололтой дог. Цогоо ахаа та намайг бахардчих гээд эсвэл суултанд орчих гээд байгааг яаж мэдэв ээ гээд баярлаж, талархаж байсан тохиолдол ч бий дээ.
Аль ч спортод гэмтэл, бэртлээс болж өөрийн амжилтын буухиа нэг л өдөр зогсож болно. Зохион байгуулалт муутайгаас болж хэт их ачаалал үүсдэг. Энэ нь залуу тамирчдад бэртэл, гэмтэл, ахмадуудад харвалт үүсгэх эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг байгаасай гэж хүсэж байна.
 
Одоогоор та хаана харьяалагдаж байна вэ, бэлтгэл сургуулилтаа хийгээд л уралдаан тэмцээнээсээ кайф аваад амьдарч болохгүй гэж үү?
 
-Би одоо 66 настай. Өдий насан дээр ийм хөнгөн шингэн байгаагийн ач тус нь марафон. Таарч тохирох ажил байвал хийгээд л байна даа. Бие минь зүгээр ээ. Ер нь биологийн нас маань, шинжлэх ухааны үүднээс бол 10 км-т гүйхэд хангалттай юм билээ. Монголын хэт холын марафоны ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажилтай, мөн Монголын мастеруудын холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар, хорооны удирдах зөвлөлийн гишүүн. Сэтгэл байхад болно л гэж боддог. Одоогоор миний бие дийлэхгүй гэхийн зовлон алга даа хө. Долоо хоногтоо 2-3 удаа гүйгээд байвал бие эрүүлжээд, зөв хэмнэл тогтчихдог юм билээ. Гэхдээ ахмадууд бид чинь хэт их ачаалал авч болохгүй. Би ч дурандаа л гүйж яваа нэгэн.
 
Марафон гүйлтийн спортыг биеийн гэхээс илүүтэй оюуны фитнес гэж ойлгодог. Таны хувьд?
 
-Мартана гэдэг зүйлийг ёстой мартаж, хол хаясан. Оройхон унтаж, эрт босдог болсон, аливаад их мэдрэмжтэй, зохион байгуулалт сайтай. Гол нь эрүүлээр сэтгэдэгт л ач тус, үр нөлөө нь оршиж байгаа байх.
 
Ахмад тамирчдад Хэт холын марафоны холбооны зүгээс хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
 
-Ахмадууд, тэр дундаа 60-аас дээш насныханд тодорхой дэмжлэг, урамшуулал үзүүлдэг байхыг хувийнхаа зүгээс холбооныхоо хамт олонд илэрхийлдэг. Тэд ч соргогоор хүлээж авдаг л даа. Гүйж өөрсдийгөө дайчилсных нь төлөө өргөмжлөл, батламж зэрэг тодорхой урамшуулал олгодог. Мөн холбоонд гишүүнчлэлтэй тамирчдынхаа зарим нэг тэмцээн, уралдааны төлбөрөөс нь хөнгөлөх эсхүл бүрэн чөлөөлөх нь ч бий.
 
Таныг уг спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
 
-Нэг их сайхан ч хүлээж аваагүй л дээ. Хөгшин хүн марафонд гүйнэ гэхээр ямар л олигтой санагдав гэж. Эхэн үедээ их л дургүй байсан. Гэхдээ зөв юманд дурласан гэдгээ харуулсан. Одоо бол өөр болсон, гэр бүлийнхэн маань дэмжиж байна.
 
Та юугаар бахархдаг вэ?
 
-Төр, засгийн болоод Хэт холын марафоны холбооноос намайг үнэлж шагнасан эдгээр гавьяа, шагнал, гэр бүл, үр хүүхэд, өөрийгөө олоход тусалсан марафоны спорт гээд энэ бүхэн л миний бахархал.
 
Та энэ спортыг амьдралын марафон л гэж хэлэх гээд байна уу даа, марафоноос танд үлдэж байгаа зүйл гэвэл...
 
-Амьдралын утга учир нь гүйхгүй л бол хэцүү. Миний хувьд гүйж байж л бүх зүйл байрандаа орсон мэт санагддаг. Анхандаа өөрөөсөө зардал гаргаад энд тэндхийн тэмцээнд оролцоод явахад амар байгаагүй юм. Гэхдээ л тэр бүгдэд шантарч байсангүй. Одоо харин бие минь эрүүл, дархлаа суусан. Өвөлдөө ханиад, хатгаа тусаад байдаггүй шүү. Үүнийг ч гэрчлэх хүмүүс олон бий.
 
Ойрын хугацаанд болох ямар тэмцээн угтаж байна вэ?
 
-Дөрөвдүгээр сарын сүүлчээр Дархан хотод зохиогдох 21 км-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн бий. За тэгээд дулааны улирал ирж байгаа юм хойно, олон л тэмцээн хүлээж байна.
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе...
 
-Монголын хэт холын марафоны хамт олон, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр, Монголын мастеруудын холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар хорооны удирдлага болон гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө аз жаргал, эрүүл энхийг хүсье.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин