sonin.mn
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд 90 хүүхдийг спорт өрөлтийн дугуйланд үнэгүй сургаж байна. Тус газар  Монголын Оюун ухааны академийн Хөвсгөл аймаг дахь салбартай хамтран “Спорт өрөлт”-ийн дугуйланг шинээр нээн хүүхдүүдийг дэмжин ажиллаж байна.
Хүүхдүүд дугуйланд суралцсанаар хоёр гарыг тэнцвэртэй ашиглах чадварт суралцах, хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх, хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдрын хувьд эрүүл байх, гар, нүдний зохилдлогоог сайжруулах, олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ.
 
Мөн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх, түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох, мэдрэмжийг дээшлүүлэх, орон зайг зохицуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортын зан чанарыг төлөвшүүлэх, олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох, өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл ажээ.
 
Б.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг