sonin.mn
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, “Хутагтын хурд” МСУХ хамтран Монголын хурдан морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хурдан морь уяж сойх үйлсэд өөрийн оюун ухаан, хүч хөрөнгөө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах, тэдний алдар хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн “Шигшмэл хурд-2019” хаврын бүсийн хурдан морьдын уралдааныг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн харьяалалтай уяачдын их нас, соёолон, хязаалан насны морьдыг уралдуулж, зохион байгууллаа. 
 
 
Соёолон насны уралдаанд нийт 54 хүлэг мордсоноос Алтанширээ сумын н.Өсөхбаярын хонгор морь түрүүлж, Иххэт сумын Л.Энхбатын зээрд морь аман хүзүүдэж, айргийн гуравт Айраг сумын н.Мөнгөнүлэг сартай хээр морь, айргийн дөрөвт Иххэт сумын Ө.Балчинхүүгийн Сартайзээрд морь, айргийн тавд Сайхандулаан сумын Э.Гэндэнсүрэнгийн хүрэн зээрд морь,
Хязаалан насны уралдаанд 42 морь уралдсанаас Алтанширээ сумын Оюунтулгын зээрд буурал морь түрүүлж, Эрдэнэ сумын Г.Батсайханы шарга морь аман хүзүүдэж, айргийн гуравт Мандах сумын Энхтайваны будан, айргийн дөрөвт Иххэт сумын Д.Түмэндэмбэрэлийн цавьдар, айргийн тавд Сайншанд сумын Т.Батгэрэлийн хул морь,
Ихнасны уралдаанд 72 морь уралдсанаас Эрдэнэ сумын Г.Батсайханы буурал морь түрүүлж, Дэлгэрэх сумын О.Батжаргалын зээрд морь аман хүзүүдэж, айргийн гуравт Сайншанд сумын О.Саруулбаярын хонгор, айргийн дөрөвт Замын-Үүд сумын Ж.Бямбацогтын халиун, айргийн тавд Иххэт сумын Н.Ононгийн хонгор морь хурдаллаа.
 
 
Мөн энэ удаагийн уралдаанаас эхлэн “Алтан азарга” шилжин явах алтан цомыг гардуулж байгаа бөгөөд Алтанширээ сум хамгийн олон айраг түрүү авч, алтан цомын эзэн боллоо.