sonin.mn
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос 2019 оны хурдан морины уралдааны нээлт болгож  тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааныг Хүй долоон худагт зохион байгууллаа. 
 
Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.
 
Уралдааны эрлийз дунд насанд уралдахаар бүртгүүлсэн 59 хүлгээс 57 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.
 
1. Төв аймгийн Заамар сумын Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай
2. Өвөрхангай Хархорин сумын Янгүг Содбаатарын хонгор аман хүзүүнд
3. Хөвсгөл аймгийн Их уул сумын Бямбаагийн Мөнхбаярын хээр айргийн гурав
4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цогбаярын Хүрэлтулгын хүрэн айргийн дөрөв
5. Завхан аймгийн Түдэвтэй сумын Гэзэгээгийн Батбаатарын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.
 
Эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдсан юм.
 
Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.
 
1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нийслэлийн алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүү магнай
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь аман хүзүү
3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн зээрд халзан айргийн гуравт
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар айргийн дөрөвт
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Батбаярын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.
 
Их насны морьд 18 км-ийн зайд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.
 
Соёолон насны уралдаанд 117 соёолон бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 7, шүдлэгээгээр 2, өөрсдийн саналаар  9 морь үлдэж, нийт 99  хүлэг гарааны зурхай рүү 14 км-ийн зайд уралдсан юм. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.
 
1. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд
3. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт
5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.
 
Соёолон насны уралдаанд барианд айргийн дөрөвт орж ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан соёолон нь айргийн дөрөвт орсон. Улмаар айргийн тавд хурдалсан морьдыг дахин  хэмжиж шүдлэхэд хязаалан байсан тул хасагдаж, тав болон зургаад хурдалсан морьд нэг байр урагшилж, айргийн таван морь тодорсон юм.
 
Ийнхүү Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан ёслол төгөлдөр, өргөн дэлгэр, морь хүүхэд мэнд сайхан болж өндөрлөлөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр