sonin.mn
Ингэж л асуумаар санагдаад байгаа юм даа. Бөхийн өргөөнд болсон нэгэн томоохон барилдааны хоёрын даваанд улсын харцага Б.Бат-Өлзий, Булганы харьяат аймгийн арслан Э.Сумъяабаттай оноолт таарсан. Барилдаан эхлэнгүүт аймгийн арслан залуу харцагыг юу юуны тухгүй бариа зөрөөн дээр татаж зайлаад тохойлдуулчихсан. Үзэгчид шуугиад явчихсан. Сайхан барилдаан боллоо гээд. Тэгтэл Э.Сумъяабатыг тахимаа авахаар ирэхэд Б.Бат-Өлзий харцага элэг бүсээ тайлахын оронд түүний өвдөг рүү өшиглөж харагдав. Ямар муухай харагдсан гээ. Уг нь Б.Бат-Өлзийг өсч яваа бяртай бол бяртай, ямар ч мэхийг даалгаж хийдэг сайхан бөх гарч ирлээ гэж олон түмэн үнэлдэг байсан болоод ч тэр үү. Түүний гаргасан танхай явдалд тун ч таагүй хандсан. Б.Бат-Өлзий хэлэхдээ: -Нэгэнт тохойлдчихоод байхад дахиад дугтрахаар нь уур хүрээд гэсэн юм.
 
Гэтэл МҮБХ-ныхон, тэнд ажилласан хөлийн цэцийнхэн харцагын танхайралд авсан арга хэмжээ нь давааны шагналыг нь хаслаа гэв. Ганц нэг давааны шагнал шийтгэл мөн үү гэвэл биш ээ. Сүүлд Б.Бат-Өлзий нэг шар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Давааны шагнал бол үнэ цэнэтэй” гэсэн байна лээ. Энэ нь шийтгэл хүлээсэн гэх биш харин ч цаанаа арга хэмжээ авсан гэх нөхдийг даапаалсан мэт санагдсан шүү.
 
Яагаад энэ явдлыг сэргээж ярих болов гэвэл зөрчил гаргасан бөхөд таарсан шийтгэл оноож бусдад сургамж болгоё гэсэн санаа юм. Ер нь бууж өгөх, бөхийн дэвжээнд ёс бус үйлдэл гаргах нь тэр бөхийн хойшдын барилдаанд муу нөлөөтэй байдаг л даа. Өмнө нь барилдаан бүхэнд шахам үзүүр түрүүнд үлддэг Б.Бат-Өлзий тэр явдлаасаа хойш нэг биш урагшгүйтсэн шүү. Дундговьт болсон барилдааны дөрвийн даваанд бас нэг залууд уначихсан. Саяхан бас нэг барилдаанд шөвгөрч чадсангүй. Энэ нь бөхийн тэнгэр харж байгаагийн илрэл байх л даа. Бөхийн ариун дэвжээ бузарлагдах ёсгүй гэж молиго Очирын хэлсэн үгийг бөх бүр санаж яваасай гэсэн дээ үүнийг бичлээ.
 
 
Д.Амар
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин