sonin.mn
Туялзуур сэлэмний мастер У.Маргад-Эрдэнийг Арлын Японыг зорих гэж байхад нь цөөн хором ярилцлаа.
 
-Япон руу ямар тэмцээнд оролцохоор явж байна вэ?
 
-Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явах гэж байна.
 
-Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан уу?
 
-Өмнө нь дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
 
Насанд хүрэгчдийн улсын аварга, өсвөр үеийн залуучуудын УАШТ-д түрүүлж байсан. Мөн А, Б, С зэрэглэлийн тэмцээнд түрүүлж олон медаль хүртэж байсан. Туялзуур сэлэмний спортын мастер цолтой.
 
-Яагаад энэ спортыг сонирхох болов?
 
-Өөрийнхөө хүсэл эрмэлзлээрээ сонирхож, хичээллэж эхэлсэн. Ганцаарчилсан спорт олимпийн нэг төрөл болохоор анх хараад л таалагдсан. Нэг л дотно цаанаасаа нэг тийм Монгол хүний дайчин чанар, сэлэм барих арга ухаан байгаа юм шиг санагдсан. Нөгөөтэйгүүр, өрсөлдөгчийнхөө техникийг нарийн тооцоолдог, хурд шаарддаг гайхалтай спорт.
 
-Туялзуур сэлэм зарим спортоос юугаараа давуу талтай юм бол?
 
-Биеийн бүх хэсгээс оноо авч хоорондоо тулалддаг. Гол нь ганцаарчилсан спорт мөн иж бүрэн хамгаалалтын хувцастай байдгаараа давуу талтай.
 
-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
 
-2014 оноос хойш таван жил болж байна. Ер нь энэ спортдоо бүх амьдралаа зориулна гэж бодож байгаа. Өөрөө тулалдаж байгаад хөгшрөхөөрөө олон мундаг шавь төрүүлж тэднээрээ бахархаад сууж байх нь миний мөрөөдөл. Энэ спорт надтай салшгүй холбоотой.
 
-Шантрах үе гарч байв уу?
 
-Шантрах үе гарч байсан. Хичээллэж эхлээд удаагүй байхдаа хожигдож, хожих үе олон гарч байсан. Тэр бүхэнд шантраад болъё гэж бодож байсан ч тусалж дэмждэг хүн болгонд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.
 
-Таныг оюутан гэж сонссон. Хаана ямар сургуульд сурч байгаа вэ. Цаашид энэ спортоороо дагнах уу эсвэл мэргэжлээрээ ажиллах уу?
 
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эдийн засгийн II курст орно. Хоёуланг нь хослуулна. Туялзуур сэлмээрээ дагнаж байгаад дасгалжуулагч болж хажуугаар нь мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа.
 
 
 
М.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин