sonin.mn
Бөхийн тухай ном хэвлэлд “ерөнхий” хэмээгч Самбуу арсланг 1914 онд төрсөн гэж бичиж ирсэн боловч үнэн нь 1919 онд төрсөн билээ. Энэ тухайд Түүхийн төв архив, Цэргийн түүхийн архиваас үзэж баталгаажуулсан болно. Тэрээр одоогийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хан-Өндөр уулын өвөр дэх Могойн дэн гэдэг газар Бадарчийн гэр бүлд төржээ. Эцэг Бадарч нь нас барсны дараа тэр үеийн заншлаар том хүү Даш өрхийн тэргүүн болж, ахаараа овоглосон бөгөөд Самбууг цэрэгт явсны дараа тэднийх бүл ах “Туяхан” хэмээх Санжийг бараадан айлсаж ээж Дуламжав, дүү Нармандал, Ширнэн, Сонинпил нарын хамт амьдарч байжээ. Удалгүй ах Даш нь цэрэгт нас барсан учир дүү нар нь Самбуугаар овоглох болжээ. Самбуу, ах Санжийг даган залуугаасаа ойр зуурын наадамд барилдаж, морь уяж өссөн байна. Самбуу 1939 онд 20 настайдаа цэрэгт татагджээ. Тухайн үеийн шаардлагаар Цэргийн ерөнхий сургуульд элсүүлэн авсан ажээ. Тэр үед тус сургуулийн захирал байсан улсын заан Б.Баярхүү суралцагчдын дунд уралдаан тэмцээн их явуулдаг ялангуяа, бөхийн барилдаан олон удаа зохиодог байсан нь Самбууг бөх болоход нөлөөлжээ. Энэ үед цэргүүдийг наадамд барилдуулахыг хоршлодог байжээ. 1943 онд энэ хорио тавигдаж Самбуу улсын наадамд анх барилдаж тавын даваанд Ширчингийн Даш зааныг, зургаагийн даваанд Хас-Очирын Өлзийсайхан арсланг давж улсын начны болзол хангаад долоогийн даваанд Ж.Цэвээнравданд унажээ. 1944 онд тавын даваанд Самданжигмэдийг, зургаагийн даваанд Баатарын Төрбаг арсланг давж улсын зааны болзол хангаад наймын даваанд Гялдангийн Цоодолд унажээ. Самбуу төгсөөд сургуульдаа үлдэж бага д хлэгч цолтой ажиллах болөв. 1945 оны үед тус сургуулийн захирлаар “сонс” хэмээн алдаршсан Д.Гомбосүрэн ажиллаж байсан бөгөөд суралцагчид болон багш, ажилтнуудаа савлуурт хичээллүүлдэг байсан гэдэг. 1945 онд тавын даваанд Дагвацэрэн зааныг, зургаагийн даваанд Самданжигмэдийг давж, долоогийн даваанд Цоодолд дахин унажээ.
 
1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ой болж 1024 бөх барилдсан бөгөөд түүний дотор улсын аварга дөрөв, арслан 20, заан 47, начин 47 буюу улсын цолтой 118 бөх барилджээ. Энэ наадамд Самбуу тавын даваанд Дүгэржавыг, зургаагийн даваанд Яндагсүрэнг, долоогийн даваанд Ёндонг давж, наймын даваанд Балбар заантай тунаж барилдан давж дөрөвт үлдэн улам нэмэх арслан цол хүртжээ.
 
Есийн даваанд Чимэд-Очирт унажээ. Самбуу 1946 онд салаан дарга, дэслэгч цолтой болжээ. Удалгүй Лхасүрэн хэмээх бүсгүйтэй сууж Бөхбат гэдэг хүүтэй болжээ. Наадам болохоор зодоглосоор 1947 онд дөрвийн даваанд Дорнодын Дондовын Учралд унажээ. 1948 онд тавын даваанд Ванчинсүрэн зааныг, зургаагийн даваанд Баасанжавыг давж долоогийн даваанд Цэвээнравдан арсланд дахин унажээ. 1952 онд тавын даваанд Зундуй зааныг, зургаагийн даваанд боохой хэмээх Данзан арсланг давж, долоогийн даваанд Б.Түвдэндоржаваргад унажээ. 1953 онд тавын даваанд Өвгөнийг давж, зургаагийн даваанд Найдандорж начин тунажээ. 1954 онд тавын даваанд Ядмаад унажээ. 1955 онд тавын даваанд Хөвсгөлийн Самбуунямын Баасанд унажээ. 1956 онд Цэргийн ерөнхий сургуулийг татан буугдахад Самбуу халагдаж Баянчандмань сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад удалгүй шилжиж Батсүмбэрийн Үдлэг-Баянголын эхэнд сууршин мал маллахын зэрэгцээ ногоо тарьж амьдарч байжээ. Тэгээд 1956 оны наадамд хоёрын даваанд Гүндсамбууд унажээ. 1957 онд Архангайн Эрдэнэмандалд очиж дүү нараа авчирснаар ар гэрийн шалтгаанаар барилдаагүй өнжжээ.
 
1958 онд гурвын даваанд Гүндсамбуу, 1960 онд гурвын даваанд барилгын баазын Ламжавт, 1961 онд дөрвийн даваанд Цэвээнравдан аваргад гурав дахиа унажээ.
1963 онд хоёрын даваанд 024 дүгээр ангийн Хүгээд унажээ. Ийнхүү Самбуу арслан улсын наадамд 21 жилийн дотор 18 жилд нь барилдахдаа гурван удаа нэг, хоёр уцаа хоер, хоёр уцаа гурав, дөрвөн уцаа дөрөв, нэг уцаа тав, таван уцаа зургаа, нэг уцаа найм нийт 72 уцаа давжээ. Тэгэхдээ Халзан, Баасанжав, Пүрэв, Яндагсүрэн начин, Ёндон, Балбар, Ванчинсүрэн заан, Өлзийсайхан, Төрбат, Самданжигмэд, Данзан арслан гэсэн өндөр цолтой хүчит бөхчүүдийг давж байжээ. Гүржав, Жанчивдорж, Ядмаа, Баасан нарт тавын даваанд унаж начин цолд хүргэжээ. Тэдний зарим нь заан цолд хүрсэн юм билээ. Ийнхүү “ерөнхий” хэмээн ажлынхаа газраар алдаршсан Дашийн Самбуу арслан олон жилийн наадамд өндөр цолтой бөхчүүдтэй барилдаж давж, унаж явсан алдарт бөх билээ. Самбуу арслан Батсүмбэрт амьдарч байхдаа Хөдөлмөрийн баатар Пүрвээгийн удирдсан ногооны бригадад ажиллаж байсан бөгөөд таван улаа яварга бодж байв. Энэ бригадаас Хөдөлмөрийн баатар гурав, улс, аймаг, сумын аварга 108 төрсөн ажээ. Самбуу арслан зав чөлөөндөө морь уяж, орон нутаггаа айраг, түрүү авч байжээ. Нутгийн алдарт дуучин Пунцаг гуайтай найр наадамд уригдан дуулдаг байсан гэдэг
 
Самбуу арслангийнд 1955 онд хүү Болд, 1959 онд охин Хишигт, дараа нь охин Хишигжаргал, Хишигдэлгэр төржээ. Одоо түүний ач, зээ 10 гаруй, жич зээнцэр 20 гаруй болоод байна. Нэгийг хэлэхэд тэднийг улсын арслангуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд урьж оролцуулж байвал зүгээрсэн гэж бодогддог.
 
Эрдэнэмандал сум байгуулагдсаны 90 жилийн ойгоор түүний сүрлэг хөшөөг дүү болох М.Энхбаяр бүтээж сумын төвд босгосон бөгөөд Ж.Даваасүрэн миний бие “Самбуу арслан” гэсэн номыг бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон билээ. Бөх судлаачид тэр номоос ашиглаж бөхийн түүхээ баяжуулж байгаа биз ээ гэж найдаж байна.
 
 
Ж.Даваасүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин