sonin.mn
Олон нийтийн сүлжээ өнгөрсөн хоёр хоногт “#Pray4Dulguun” гэсэн хаштагаар амьсгаллаа. Учир нь Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, “Этүгэн” багийн шилдэг тоглогч Очбадрахын Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. О.Дөлгөөн 1996 онд төрсөн 23 настай.
 
Түүний амжилтаас дурдвал Монгол Улсын шигшээ багийн тамирчнаар шалгарч өнгөрсөн зун Азийн наадамд оролцсон. Мөн энэ оны оюутны сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогч болж АНУ-ын NВА-гийн хагас финалын тоглолтыг үзэх эрхээр шагнуулсан юм.
 
Тэрээр АНУ-д очоод салхин цэцэг туссанаа мэдэлгүй удсан учраас энэ нь хүндэрч элгэнд нь нөлөөлжээ. Түүний дотор эрхтэнүүдээс бөөр нь ажиллагаагүй болж, бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратад ороод байгаа юм.
 
Түүнийг аврах цорын ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Нийт 750 сая төгрөг хэрэгтэй байгаагаас одоогийн байдлаар хоёр хоногийн дотор 150 сая төгрөгийн хандив цугларсан байна. Үлдсэн мөнгийг олж түүнд туслахын тулд урлаг, соёл, спортынхон хандивын тоглолтуудыг маргааш зохион байгуулах гэж байна.
 
Тоглолтод Big Gee, Ice top, Digital, Ginjin, Thunder гэсэн үе үеийн шилдэг хамтлаг, репперүүд оролцоно. Мөн UB Comedy-гийн хамт олон пүрэв гаригийн тоглолтын бүх орлогоо түүнд хандивлахаар болжээ. Мөн ирэх сарын 1, 2-нд 18:00 цагаас Спортын төв ордонд сагсан бөмбөгийн өнөө цагийн хамгийн шилдэг багууд болох “Хасын хүлэгүүд”, “Ховд шонхорууд”, “Алдар танан гарьд”, “Архангайн дайчид” гэсэн багууд тоглолт хийнэ. Америкт амьдардаг залуус түүний жуулчны визийг өөрчлөн, даатгалд хамруулахыг хичээж байгаа бөгөөд хэрэв бүтвэл 200 сая төгрөг даатгалаас авах боломжтой болох юм байна.
 
 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин