sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Торгоны зам-2019” олон улсын авто ралли уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос 2019 оны долдугаар сарын 6-нд гараагаа эхэлж Хятадын Дунхан хотноо долдугаар сарын 16-нд барианд орох юм.
ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр 5007,96 км замыг туулж, уур амьсгалын таван өөр бүсээр өнгөрөх энэ уралдаан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сард болсон "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгч авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг сануулж, уг "Торгоны зам” авто ралли уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулахаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын Ажлын хэсгийн албаны хүмүүст  илэрхийлсэн.
 
 
 
"Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж, уралдааны үеэр ажиллах "Орон нутгийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г гаргаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.
 
 
"Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн юм. Тус уралдааныг ОХУ-Казахстан-БНХАУ гэсэн чиглэлээр зохион байгуулж байсан бол 2018 онд ОХУ болон БНХАУ гэсэн чигэлэлээр зохион явуулжээ. 2019 оны тухайд Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохион байгуулахаар болсон юм.
 
 
Энэ удаагийн раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар 3 өдөр уралдана. Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, зэрлэг ан амьтан, хүн амын нягтаршил бага, нүүдлийн ахуй соёлыг дуранд буулган дэлхий нийтэд цацагдах учраас эх орноо сурталчилан таниулах том боломж гэж болно.
Тухайлбал, 2017 онд энэ уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болон уралдаан болж байгаа бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, тухайн бүс нутагт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлсэн байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг