sonin.mn
Яг л ийм асуудал тулгарчихаад байна л даа. Монголчууд өв соёлоо бөхчүүд минь тээж ирсэн гээд тэдэнд хайр хишгээ харамгүй хүртээдэг билээ. Бөх гэхээр монгол хүний нэг ааг омогшил хөдөлдөг нь үнэн. Баяр наадмын нэг сүр сүлд нь ч бөхийн барилдаан байсан, байсаар ч…
Гэтэл сүүлийн жилүүдэд үндэсний бөхтэй холбоотой хэрүүл, маргаан улам даамжирч байна. Зүгээр нэг бөхөө барилдуулаад байж чадахыг болив. Ийм байдал саяхан Бөхийн өргөөнд болсон улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит нэгэн барилдааны үеэр улам тод илрэв. Бөхийн барилдааны эхлэл саатаж цаг гаруй үзэгчдийг чилээв. Яасан бэ гэвэл допингийн асуудалд бүдэрсэн зарим бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн гэх шийдвэрээс болсон асуудал маргаан дэгдээв. Нэр бүхий бөхчүүд барилдахаар иржээ. Энэ нь аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Тэд “Бид допинг хэрэглээд шийтгэлийн хугацаагаа дуусгаагүй бөхчүүдтэй барилдахгүй” гэсэн байна. Энэ нь шийтгэлийн хугацааныхаа 70 хувийг эдэлсэн бөхчүүдийг барилдуулахаар шүүхийн шийдвэр гарсантай холбоотой юм. Шүүхийн шийдвэрийг үндэслэн бөхчүүдийн хүсэлтийг авч хэлэлцсэн МҮБХ-ны тэргүүлэгчдийн шийдвэр ч мөн буруу гэж үзснээс тийнхүү эсэргүүцсэн байна.
 
Аварга Ч.Санжаадамбын “Бид бөхчүүдтэйгээ тэмцэж байгаа юм биш. МҮБХ-ны болон шүүхийн хууль бус шийдвэрийн эсрэг зогсож байна” гэснээр барилдааны явц саатуулсан шалтгаан ил байв. Бөхчүүд ерөөс үндэсний бөхөө хөгжүүлье гэвэл шударга байя гэсэн санаа хэлж байна л даа. Хариуцлагыг тооцсон шиг тооц, нэгэнт гаргасан шийдвэртээ бат зогс.
 
Битгий зарим нэгийн эрх ашиг энээ тэрээ гээд дахиад буруу шийдвэр битгий гарга гэж байна. Энэ ч зөв л дөө. Гагцхүү хаана, хэнд хандаж хэлээд байгаа нь тодорхойгүй мэт санагдана. Яагаад гэхээр үндэсний бөх маань өнөөдөр толгойгүй байна шүү дээ. Хоёр холбоотой гэх. Гэтэл тэр холбооны аль аль нь үйл ажлаа бүрэн төгс хийх эрхгүй байгаа. Байнга хэрүүл маргаан хийж байдаг тэдний алдаа завхрал бөхчүүддээ муу нөлөөтэй байна. Зарим бөхчүүд дагах дүрэм журамгүй мэт зан гаргаж найраа хийдэг, барилдааны явц дунд өрсөлдөгчөө дэлсэх, өшиглөх зэргээр танхайрдаг болсон. Энэ байдлыг хэн зогсоох вэ. Лав л үйл ажлыг нь шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн холбоод биш байх шиг. Саяхан МҮБХ-ны гүйцэтгэх захирал улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийхдээ:
 
-Допингод бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх асуудлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар дахин авч хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ. Гэхдээ өмнөх шигээ тэднийг барилдуулах нь зүйтэй гэж дахиад шийдвэрлэж яасан ч чадахгүй л болов уу. Хэрэв барилдуулъя гэх юм бол Улсын баяр наадмаар бөхчүүд эсэргүүцлээ үргэлжлүүлж суулт хийнэ гэж байгаа юм билээ. Тэгэх юм бол наадмыг наадам биш болгоход хүрнэ шүү дээ. Шүүх нь ч шүүх. Хэн нэгний ятгалаг худлаа үгэнд итгээд хууль бус шийдвэр гаргаж байдаг. Түүнийг нь өлгөж аваад шийтгэлийнх нь хугацаа дуусаагүй бөхчүүдийг барилдуулъя гэж байгаа зэрэг нь үндэсний бөх хаашаа яваад байна вэ гэхэд хүргэж байна.
 
Допингтой тэмцэж буй дэлхий нийтийн жишиг бий. Хэн нэг допинг хэрэглэсэн тамирчинд шийтгэл оноогоод зогсохгүй тив, дэлхийн тэмцээнд оролцох багт нь хориг тавих нь ч байдаг. ОХУ-ын баг, тамирчид хүртэл Солонгост болсон наадамд төрийн тугаа барьж жагсах эрхээ хасуулж байсан удаатай. Нэгэнт эрхээ хасуулсан л бол тэр цаг хугацааг баримталдаг зарчимтай. Гэтэл манай бөхчүүд яаж байна элдэв янзын тайлбар хэлдэг, шүүхэддэг, шийтгэлийн хугацаанд барилддаг зэрэг нь том зөрчил юм.
 
Энэ мэтээр бөхчүүдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага гажуудсаар байгааг яалтай билээ. Одоо бий болоод байгаа алдаа, завхрал бөхийг муухай харагдуулж байнаа. Ялангуяа бөхийн холбоо гэх толгой байгууллага нь тодорхой биш нь бүх буруудлын зангилаа болж байна гэхэд хэн ч тийм шүү гэх байхаа. Ер нь “Морь унасан толгойгүй хүн” гэдэг зохиолын үлгэр л энд харагдаад байх юм. Олон түмэн энэ жилийн наадам ямар болдог болдоо л гэж санаа зовонгуй байгааг дамжуулъя. Бөхийн холбоодынхон ер нь хэрүүл, маргаанаас өөрийг бодож байна уу, үгүй юу?
 
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин