sonin.mn
1993 онд “Да Хүрээ” захаас эзэнтэй дууны уралдаан зарласан юм. Ийм уралдаан зарласан нь тухайн үед уран бүтээлчдийн чихийг сэртийлгэсэн шинэ сонин үйл явдал байв. Уг нь эзэнтэй дуу зохиох нь манайд эртний уламжлалтай. Алтан овоо, Шилийн богд, Дарьгангаар нутагтай эрийн сайн Нанзадын тухай “Торой банди”, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсом сайдын гэргийн тухай “Жинжий Бадам” гээд олон арван дуу бий. Эзэнтэй дууны 1993 оны энэхүү уралдаанд яруу найрагч, хөгжмийн зохиолчид 108 дуун хүлэг уран бүтээлээ сойсон.
 
108 дуун хүлгээс Д.Данзан, Д.Мяасүрэн нарын “Түшээт ханы Намхай аварга” түрүүлж, Ц.Чимэддорж, Г.Баатарчулуун нарын “Зээ татсан тал” аман хүзүүнд давхилаа. Харин “Сумын заан” шүлгээрээ бүхний танил болсон яруу найрагч Ч.Мягмарсүрэн үгийг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөр аяыг нь зохиосон дуун хүлэг “Манлай аварга” тус уралдаанд гуравдугаар байрт шалгарсан түүхтэй.
Эзэнтэй дууны уралдааныг явуулснаас хойш Хан уулын цэцэг 26 удаа хагдарч, 26 удаа дэлбээлжээ. Уралдаанд гуравт давхиж айрагдсан дуун хүлэг дархан аварга Б.Бат-Эрдэнийн тухай “Манлай аварга”-ыг ард олондоо ардын дуу мэт түгээсэн дуучин нь гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат билээ. Тэрбээр, -“Манлай аварга” дууг гавьяат жүжигчин Х.Үнэнхүү анхлан дуулсан. Дараа нь би дуулсан. Үг ая нь бие биедээ ууссан, тийм гэж тодорхойлоход мань мэтэд нь сайшаах үг дутах том уран бүтээл. Би гайгүй сайн дуулсан юм байлгүй, үзэгч сонсогчид ам сайтай байдаг. Миний найз нөхөд “Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх ёстой гэл үү. Манай Эрдэнэбат ч “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Цэнхэрийн голоор нутагтай”, “Манлай аварга” гэсэн найрын гурван дуутай хүн дээ” гэж хөөрөгдөнө. Тэгснээ “Чи баг, бригадын наадамд барилдвал яасан юм, эрх биш гурав давах байлгүй. Наадамд гурван даваатай гэснээс улс, аймаг, сумынх гэж тодорхой заагаагүй гэж даажигнана шүү дээ. Энэ яах вэ, сайн нөхдийн үг, үнэлгээ. Дээр нэр дурдсан гурван дуу нь миний хувьд уран бүтээл болгон дуулж чадсан, амьдруулж чадсан, шинэ цагийн хэллэгээр хит юм байна, үзэгч сонсогчид ингэж үнэлдэг юм байна гэж амьхандаа баярлаж явдаг даа хэмээн ярьж байна.
 
Дархан аварга Б.Бат- Эрдэнэ нь улсын хэмжээний том наадамд 12 удаа түрүүлсэн. Үүнд, 1988-1990, 1992-1999 онд Улсын баяр наадам, 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан Даншиг наадам. Мөн уламжлалт сар шинийн Цагаан сарын барилдаанд 1989-1998, 2000, 2006 онд нийтдээ 12 удаа түрүүлсэн.
 
Үг Ч.Мягмарсүрэн Ая. Б.Баттөмөр
 
Манлай аварга
 
Хөмсөг дух нь түлхүүхэн 
Хөдлөх босох нь аажуухан 
Өмнөдэлгэрээр нутагтай 
Өсөх идэр, идэр аварга 
Бадмаанямбуу аавтай 
Бат-Эрдэнэ манлай аварга 
Өвчүү чээж нь овгорхон 
Өвдөг тойг нь хонхорхой 
Хэнтий ханаар нутагтай 
Хүдэр хүчит, хүчит аварга
Бадмаанямбуу аавтай 
Бат-Эрдэнэ манлай аварга
Хангардийн гараатай 
Ханилгаа зангаар түшигтэй 
Хангай ханаар удамтай 
Халхын босоо, босоо аварга 
Бадмаанямбуу аавтай 
Бат-Эрдэнэ манлай
 
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин