sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол Eлсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний Их баяр наадмаар хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш /2019.07.09-10/ Бөхийн өргөөнд бүртгэж эхэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зодоглох 512 бөхийг өнгөрсөн жил МҮБХ-ны маргааны улмаас Спортын төв ордонд бүртгэж байсан билээ. Харин энэ жил Үндэсний Их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн бүртгэлийг ийнхүү Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл 2 өдөр 10:00-18:00 цагийн хооронд болох юм.
Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.
Үндэсний Их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан уламжлал ёсоор болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэж авах юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг