sonin.mn
Нэг удаа аав номхон борлог гэж миний унах дуртай бор саарал морийг барьж эмээллэн надад унуулан өөрөө жороо хар морио унаж, миний цулбуураас хөтлөн шогшиж, хаяа хатируулж намайг сумын наадам үзүүлж билээ.
 
Сумын наадам болж буй газар асар майхан алаглаж, таньж мэдэхгүй олон хүн хөлхөж, уяан дээр адуу мал багширсан урьд өмнө үзэж байгаагүй хачин сонин газар байлаа.
 
Тооноор нь хос яндан цухуйсан гэрийн өмнө байшин хэлбэрийн цагаан берзентэн асар дотор бид хоёр орж аав намайг “эндээ байж байгаарай” гэж зогсоож орхиод өөрөө олон хүнтэй цуг гэрийн үүд хавьцаа зогсч байснаа гэнэт харагдахгүй болж гарч ирэхгүй удахаар нь аав алга болчихлоо гэж бодоод уйлж гарлаа. Тэгтэл нэг хүн аав чинь энэ л байна шүү дээ, чи чинь яачихсан эр вэ гэх маягийн юм хэлж намайг дээр өргөн, аргадаад аавыг минь харуулахад сая санаа амарч, уйлахаа больж байсан санагддаг юм.
Түүнээс хойш нэг их удалгүй аав цагаан таваг дүүрэн овоолон хийсэн хуушуур барьсаар олон хүний дундаас гарч ирж байсансан. Хуушуур авахаар хүмүүсийн өмнө зогсч, араас нь олон хүн дугаарласныг, аав минь алга болчихлоо, би төөрчихлөө гэж бодоод сандарсандаа уйлж байсан хэрэг, аав хуушуураа урт вандан ширээн дээр тавьж, ард нь зассан урт модон сандал дээр тухлан сууж, намайг өмнөө суулгаж, хуушуураас сайн идэж ав, одоо бид хоёр мөддөө хоол идэхгүй шүү гэв. Гэвч би хоёр гурвыг идээд л цадаж, аав өөрөө идээд богцноосоо хоёр литрийн бидон гаргаж үлдсэн хуушуураа богцондоо хийж, намайг дагуулан гарч туг далбаа хийссэн олон хүн цугларсан газар очиж, дэргэдээ суулган хүмүүстэй хамт нэлээн удаан сууж билээ.
 
Эргэн тойрноо харвал алс хол томоор дугуйран суусан олон хүний голд дээл хувцасгүй нүцгэн шахуу жижигхэн хүмүүс бие биеэ барин зогсч, ард нь малгай барьсан нэг нэг хүн зогсч, заримдаа чанга хашгиран хонгон дээр нь гарынхаа алгаар тасхийтэл алгадаж байв. Энэ лав зүггүйтсэн хүмүүсийг ингэж баалж залхаадаг юм болов уу гэсэн шүү бодож суулаа, юуных нь залхаалт байх вэ, бөх барилдаж байсныг л тэр үед өөрийн балчирхан оюун ухаанаар тунгааж байсан хэрэг байв.
 
(Манай сумаас аймаг, сумын алдар цолтой олон сайхан бөх төрөн гарснаас өөрийн мэдэх заримыг дурдвал, аймгийн арслан Б.Дагвасамбуу, Б.Ламжав, аймгийн заан Б.Чагдаа, Г.Баасанноров, цэргийн арслан Батсуурь, Хөхрөгч, сумын заан Ч.Сосорбарам, Б.Содномжав (аймгийн арслан Б.Ламжавын ах) нарыг нэрлэж болох байна.
Г.Баасанноров бол манай ангийн хүүхэд бөгөөд миний бие бага сургуульд байхдаа чам шиг хүүг нас тоолон хаяна гэж ам гараад үнэхээр хаядаг байсан ч гуравдугаар ангиас бөх болох авьяас нь тодорч нэг л өдөр хэнд ч дийлдэхээ больж, Монголын залчуучууд-оюутны Анхдугаар их наадмаар, 1959 онд сумандаа болоон хүүхдийн барилдаанд түрүүлж байсан билээ. Аймгийн заан Б.Чагдаа гуай манай Хийтийн голын хүн.  
 
Миний өвөө аав Цэвэгжав гэдэг хүнтэй тэнзэн ташуураар мөрийцөж барилдаад унахаараа ташуураа эмээлийн бүүрэгнээс авч шидээд үг сүггүй морины хар хурдаар давхиад явчихад нь маргааш гэрт нь аваачиж өгч байсан юм гэнэ билээ. Угаасаа тийм хор шартай хүн байсан гэдэг.
 
Хожим намайг нэлээд том болсон хойно Сүмбэр сумын наадам үзэж байхад сумын заан хүү Ч.Сосорбарам нь барилдаж байхад Чагдаа гуай босон харайгаад ...Еэ халаг үгүй тэр Сосорбарамыг ээ, бариад аваач чи гээд л ханцуйгаа шамлаад хашгирч байж билээ. Манай нагац өвөө бол тухайн үедээ бяр тэнхээтэй, хийцтэй яггүй сайн барилддаг, жирийн цагт ямар ч арслан, зааныг хаядаг боловч гагцхүү наадамд зодоглохоороо ахидаггүй одгүй бөх байсан гэлцдэг юм.
Дараа нь аав бид хоёр олон хүнтэй цуг мориндоо мордон явцгааж, нэг толгойн энгэрт очин мориноосоо бууцгаан зарим нь өврөөсөө дуран гарган харж байснаа бас л хашгираддаж, зарим нь мориндоо мордож хөндийн тоос манаруулан давхилдах олон морьдын зүг явцгааж байв. Бараан зүсмийн хоёр морь зуузай холбон онцгой тасран гарч ирснээ нэг нь бараагүй сугаран түрүүлж байсныг тодхон санаж байна. Удалгүй бороо шивэрч, нар гудайн оройны үхэр саахын орчим аав бид хоёр мориндоо дөрөөлж гэрийн зүг хатируулж байж билээ. Тэр үед би 4-5 орчим настай л байсан болов уу, наадам болох үед анх удаа үзсэн сумын наадам санаанаас ер гардаггүй юм. Тэгээд энэ удаа "Аавтайгаа үзсэн наадам" хэмээх шүлгийг наадмын өдөр тэрлүүллээ.
 
Асар майхан алагласан 
Арбулаг сумын наадам 
Алдрай багын үзсэн тэр л наадам 
Наадмын өглөө аав надад 
Номхон борлогийг эмээллэж 
Өөрөө харин жороо харыг унаж 
Өглөөний нарнаар дөрөө харшуулан хатируулав 
Шляпан малгай духдуулсхийн тавьж 
Саарал даавуун дээлээ өмсч 
Шар дурдан бүс ороосон 
Сайхан аавын минь дүр санаанд илхэн байна
Наадамд явахад ээж минь 
Надад зориулж урласан 
Навчин хээтэй хөх тэрлэг 
Нарийхан цэнхэр эмжээр тодхон 
Зуслангаасаа бид хамтдаа гарч 
Зуур замдаа наадамчидтай нийлж 
Зуузай холбон хатируулж 
Цэцэг навч алагласан зуны өглөө 
Цэн хун чуулсан нуурын дэргэдүүр хатируулав
Сумын наадмын уяан дээр 
Шузган дээр багшрах морьдын дунд 
Суман дэлт саарлын дэргэд 
Суран жолоог хантайрч, морьдоо уяв
Барилдах гэгчийг ерөөс мэдэхгүй 
Бөх гэгчийг үзээгүй балчирхан хүү би
Барилцаж авсан хүний хонгон дээр ташхийхэд
Базаахгүй хэрэг хийсэн түүнийг 
Баалж байгаа юм уу гэж ааваасаа асуусан
Аав намайг асарт дагуулан орж 
Араасаа цувран зогсох олны ард орж
Алга болох үед нь айн сандарч 
Аавыгаа дуудан учиргүй чанга уйлахад
Удалгүй аав минь гарч ирээд 
Уйлах хэрэггүй миний хүү 
Амттай хуушуур авахаар 
Аав нь хүмүүсийн ард зогссон юм гэв
Таваг дүүрэн хуушуураас
Тааваараа бид хоёр идэж 
Морьдын уралдаан үзэхээр 
Мориндоо дөрөөлөв 
Барааны газраас морьд хурдалж 
Барианд орох үед хүмүүс хашгиралдаж
Бараан зүсмийн морьд зуузай холбож
Езараагүй тасарсан нэг нь түрүүлэв 
Баяр наадамд очсон хүмүүс 
Барааны дэлгүүрт дугаарлаж 
Наадмын чихэр боов, хуушуур авч 
Наадамд очоогүй хүмүүстээ хувь хүртээв
Баярт явсны дараа барилдах гэгчийг сурч
Багын найз нартайгаа байсхийгээд ноцолдож
Дээл хувцсаа тайлан нүцэглэж 
Дэвж шавж, хонгоо хорстол алгаддаг болов
Унаж яваа морио ташуурдаж 
Уралдъя гэж ухасхийн давхидаг болов
Унааны морьдоо хөлөргөн
Улаан тоос манаруулан давхидаг болов
 
 
В.ТҮМЭНДЭМБЭРЭЛ /Нийслэлийн Хан-уул дүүргийн III хороо, ахмад настан/