sonin.mn
(Санал, хэлэлцүүлэг)
 
Аль ч улсын үндэсний спорт тэмцээнүүдэд уламжлал ба шинэчлэл бий. Монголын үндэсний бөхөд ч эрт үеийн  уламжлал гүн шингээстэй байдаг. Энэ нь монгол үндэсний бөхийн барилдааныг орчин үеийн спортын төрлөөс илүү тусгаарлаж уламжлалт наадмын шинжийг тод илэрхийлж байдаг.Монгол бөхийг уламжлалын дагуу наадам цэнгээний хэлбэртэй байлгах уу? Аль эсвэл дэлхий нийтийн спортын нийтлэг хэмжээнд хүргэх шинэчлэлийг хэрэгжүүлэх үү? гэдэг асуудал бидний өмнө байна.
 
1. “ГАРАА, ДЭВЭЭ, ШАВАА”
 
Бөхийн барилдаан эхлэхэд барилдах бөхчүүд дэвжээн дээр эрэмбэ чансааны дарааллаар цувран гарч гараа, дэвээ, шаваа үзүүлэх нь наадам тэмцээний сүр хүчний уламжлалт хэлбэр юм. Бөхчүүд тугийн зүг дэвэх үед залуу бөхчүүд том цолтой буюу ахмад бөхөө өмнөө хүндэтгэн гаргаж дэвээ шавааны үүргээ гүйцэтгэдэг. Чансаа доогуур буюу амлуулсан бөх ахмад бөхчүүдийн өмнө аливаа үйлдэл түрүүлж хийхийг цээрлэдэг. Монгол бөх барилдахаар гарахдаа малгайгаа өмсөж гарна. Энэ нь Монголын хаад ноёд малгайн дээрээ тогосын өд ба үнэт чулуу шигтгэсэн зэрэг дэвийг харуулсан титэмлэг гоёл зүүж хүндэтгэлийн арга хэмжээнд малгай өмсдөг байсантай холбоотой.
 
Бөхчүүд ч гэсэн нилээд хожмын үеээс цол чансааг илтгэсэн малгайн тэмдэг ба тусгай тэмдэглээт хос бүч зүүж заншсан. Бөхчүүд барилдах үедээ тэр хүндэт малгайгаа засуулдаа үлдээх бөгөөд засуул давсан бөхийн малгайг хүндэтгэлтэйгээр өмсгөнө.
 
 2.“ЗАСУУЛ”
 
Энэ сэдвийг засуул гэж чухам хэн вэ? гэдэгээс эхлэх нь зүйтэй. Эрт үеээс нутаг нутгийн бөхийн галууд байгуулагдаж ахмад настай ба сайн бөхчүүд тус тусын галыг дасгалжуулан удирдаж байжээ. Галын ахлагч бөхөө барилдахаар гарахад нь малгайг нь авч эсрэг бөхтэйгөө хэрхэн барилдах аргыг зааж зөвлөж гаргадаг байсантай холбоотойгоор засуул бий болжээ. Энэ нь өнөөгийнхөөр багийн дасгалжуулагч юм. Гэтэл орчин үед барилдах бөх болгон нэг засуултайгаар дэвжээнд гарч тэр нь барилдаан дуусан дуустал бөхчүүдтэйгөө хамт талбайд зөвлөгчийн үүрэг гүйцэтгэн гүйлдэж байгаа нь монгол бөх үзэгчдийн сонирхлыг эрс бууруулдаг. Үзэгчид бөхийн барилдааны талбарт малгай барин гүйлдэх засуулуудыг бус чухамхүү барилдаж байгаа бөхчүүдээ илүү чөлөөтэй харахыг хүсдэг. Засуул заримдаа бөхийн барилдааны хөлд ширвэгдэн ойчиж мөнөөх хүндэтгэлт малгайг нь шороотой хутгах нь цөөнгүй. Барилдааны эцэст засуул шүүгчийн үүрэг гүйцэтгэн өөрийн зассан бөхийг давсан гэж зарга хийж байгаа нь бүр ч зохисгүй.
 
Орчин үед засуул байх хэрэгтэй юу? үгүй юу? шүүгчийн үүргийг хэн гүйцэтгэх вэ? зэрэг асуудлуудыг Монгол бөхийг спортлог болгохын үүднээс хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй санагдана. Монгол бөхийн барилдаанд дэвжээнд нэгэн зэрэг олон бөх гардагтай уялдуулан засуулуудыг дэвжээний гадна талаас хяналт тавьж шийдвэрлэх туслах шүүгч болгох боломжтой.
 
3.”ШҮҮГЧ ба ЦЭЦ” 
 
Эртний уламжлалаар монгол бөхчүүд давсан унасанаа өөрсдөө бие даан шийдвэрлэж байгааг өөрчлөх шаардлагатай. Зарим үед хоёр бөх хоёулаа зэрэг дэвэн маргалдана. Энэ нь монгол бөхийн спортлог шинжийг алдагдуулж байгаа нэг хэлбэр болно. Бөхчүүдийн хэн нэг нь унасанаа хүлээж элэг бүсээ тайлсан буюу хөлийн цэц ба шүүгчийн шийдвэр гарсаны дараа тахим авах өгөх ёсыг гүйцэтгэж малгайгаа өмсөн туг тойрч байваас зохилтой. Хэрэв даваа унаа маргаантай бол цахим дүрсийг удаашруулан харуулж баталгаажуулж байваас зохилтой.   
 
 4. “ХҮНДЭТГЭЛИЙН ЖАЯГ”                   
                
Барилдсан бөхчүүд даваа унаагаа ёсчилдог тахим авах өгөх хэлбэрийг уламжлал шинчлэлийн хүрээнд шинчлэх шаардлагатай санагдана. Унасан бөх нь элэг бүсээ тайлж ялагдсанаа хүлээж болох боловч хэн нэгнийхээ суган доогуур бөхийн гарч хонгон дээр нь алгадах нь хүндэтгэлийн төгс зохистой хэлбэр биш. Зарим тохиолдолд хаясан бөх нь баруун гараа өргөж тахим өгөх бөхөө эхэмсгээр хүлээн зогсох, тэр ч байтугай зарим унасан бөх тахимаа өгөхөөс илт цаараглан зугатаах зэрэг зохисгүй үйлдэл цөөнгүй харагдана. Зүй нь барилдаан маргаантай гэж үзсэн бөх цэцийн зүг дохиогоор хандаж эцсийн шийдвэрийг хүлээвээс зохилтой. Унасан бөх элэг бүсээ тайлан өрсөлдөгийнхөө зүг хоёр гарын алгаа дээш харуулан сунгаж дахин давахын бэлэгдэл илэрхийлэн бөхийвөөс  хүндэтгэлийн төгс илэрхийлэл болмоор санагдана.
 
5.“ЦАГ ХУГАЦАА”
 
Монгол бөх цаг хугацааны тодорхой хязгаарлалт доор барилддаг байх ёстой.Барилдах гэж гарч ирсэн бөх дэвжээн дээр өөрийн дураар сэлгүүцэж, сандал тавиулан амарах тэр ч байтугай ус ундаа авчруулан ууж тухлах, өрсөлдөгч бөхөөсөө илэрхий зугатан зайлах, барьц өгөхөөс татгалзах, өөрийн дураар эмч рүү дахин дахин явах,хэрүүл маргаан өдөөх зэрэгийг дүрмээр хориглох шаардлагатай.
 
6.“ҮЗҮҮР ТҮРҮҮ”
 
Үзүүрлсэн бөх элэг бүсээ тайлахгүй тэр ч байтугай түрүүлсэн бөхтэй хамт туг тойрч байгаа нь чухамдаа би унаагүй гэсэнтэй ялгаагүй санагдана. Тэр бусад давааны адилаар элэг бүсээ тайлж тахимаа өгч туг тойрохгүй байх нь зохистой.
 
7.”ЦОЛ ЧИМЭГ”
 
Монгол бөхийн одоогийн олгож байгаа цол чимэгт доорхи өөрчлөлт оруулах нь зүйтэй санагдана.
# Өнөөгийн цэргийн наадамд оролцож байгаа бөхчүүдийн чансаа аймгийн наадмаас илт дээгүүр тул цэргийн наадмын цолтнуудыг аймгийн наадмын цолтнуудаас дээгүүр эрэмблэх.
       # Улсын наадамд 2 дараалан 4 давсан бөхчүүдэд улсын начин цол олгож байх.
        # Улсын наадамд 2 дараалан 5 давсан бөхөд харцага цол олгож байх.
         # Улсын наадамд 2 дараалан 6 давсан бөхөд заан цол олгож байх.
          # Улсын наадамд 2- оос дээш удаа 7 давсан бөхөд гарьд цол олгох.
           # Улсын наадамд 2 -оос дээш 8 давсан бөхөд арслан цол олгох.
ЭНЭ МЭТ МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААНЫ УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛЫГ НИЙТЭЭРЭЭ  ХЭЛЭЛЦЭЖ ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. БӨХ СОНИРХОГЧ ТА БҮХНИЙГ ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДВЭХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
 
 
Бөх сонирхогч Л.Лхагва