sonin.mn

  
Завхан аймгийн Идэр сумын харьяат, Шинэ Ази группийн бөх улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханыг энэ дугаарынхаа зочноор урьж ярилцлаа. Тэрээр / 2012-11 -26/  Улс тунхагласны барилдаанд амжилттай барилдан их шөвөгт шалгарсан юм.



-Юуны өмнө амжилттай барилдсан танд баяр хүргье?

-Баярлалаа. Наадмаас хойш барилдаагүй байж байгаад Улс тунхагласны ойн барилдаандаа амжилттай барилдан их шөвөгт шалгарсандаа баяртай байна аа. Барилдаан нэлээд өрсөлдөөнтэй, сайхан боллоо. Бөхчүүдийн бэлтгэл сургууль ч жигдэрчихсэн, сайн байна.



-Бэлтгэлдээ хэзээнээс оров?

-Саяхнаас хийж эхэлсэн. Бага зэргийн бэртэл гэмтэл байсан болохоор бэлтгэлдээ орж амжихгүй яваад байсан.



-Наадмын дараа хөдөө орон нутгийн наадамд барилдав уу?

-Үгүй, үгүй. Ганц удаа ч барилдаагүй байж байгаад өнөөдөр л барилдлаа.



-Цолоо батлаад өсөх идэр болчихлоо. Сэтгэгдэл ямархуу байна?

-Тийм ээ, би улсын наадамд 8 жил барилдаж байж улсын цолонд хүрсэн. Жилийн дараа цолоо баталлаа. Өсөх идэр начин гэдэг бол бүх начингуудын магнай хэсэгт гардаг. Ер нь сайхан шүү.



-Өнгөрсөн жилийн тухайд бас л цөөхөн барилдсан санагдана?

-Тийм ээ. Нэг их барилдахгүй байж байгаад бас л 11 сараас барилдаж эхэлсэн. Харин наадмын бэлтгэлийн хувьд манай Завханы бөхчүүд ялангуяа улсын цолтнууд нь бэлтгэл их сайтай байж, сайхан барилдацгаасан. Гончигдамба бид хоёр цолоо батлаад, Баяржавхлан гарьд зургаа давсан. Уламбаяр, Нямсүрэн, Оргил начингууд маань дөрөв давж тавын даваанд унасан. Ер нь бүгдээрээ бэлтгэл нь өндөр хэмжээнд байсан шүү.



-Хаана наадмын бэлтгэлээ хийлээ?

-Сүүж уулын амралтанд гарсан. Сүүлийн хоёр жил Сүүжид гарч байгаа. Өмнө Ёл хадны амралтанд ихэвчлэн хийдэг байсан.



-Өмнө аймгийн арслан байхдаа наадам дөхөхөөр нервтээд байдаг гэж байсан. Энэ жилийн тухайд улсын цолд хүрчихсэн болохоор сэтгэл зүйд өөрчлөлт орж уу?

-Гайгүй байсан шүү. Өмнө улсын цол авчих юмсан гэж бодоод жаахан нервтдэг тал байсан байх. Энэ жил харьцангуй тайван байсан. Жил болгон л начны тааварт нэр ороод л яригдана. Бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад энэ жил л болчих болов уу гээд л зүтгэдэг байсан. Бодож явахад болдог юм байна. Болсныхоо дараа бүр цолоо баталдаг юм байна /инээв/. Цаашдаа сайн барилдаж цолоо ахиулна гэж бодож байгаа.



-Начин болсон үеийн чинь сэтгэгдлийг уншигчдадаа хүргэж амжаагүй болохоор тэр наадмынхаа даваануудыг одоо эргээд нэг дурсвал сонин байх болов уу?

-Хоёрын даваанд Төв аймгийн арслан Ж.Батбилэгийг даваад, гуравт манай нутгийн ах Бат-Амгалан начин авсан. Дөрөвт    Сэлэнгийн Ё.Баянмөнх начинг, тавд Ө.Даваабаатар харцагыг даваад начин болсон доо. Зургаад Г.Эрхэмбаяр арсланд унасан.



-Олон жил зүтгэж байгаад хүссэндээ хүрэхэд ямархуу санагдсан бэ?

-Начин болох сайхан шүү дээ. Бөх барилдаж байга хүн болгоны мөрөөдөл нь улсын цолонд хүрэх байдаг. Мэдээж олон жил бодож хүсч явсан болохоор баярлалгүй яахав. Цаашлаад цолоо баталсан болохоор бүр сайхан.



-Цол авсан, цолоо баталсан хоёрын алинд нь илүү баярласан бол?

-Хоёуланд нь л баярласан /инээв/.



-Хажуунаас харахад цолоо батлахдаа бүр их баярлах шиг санагдсан...?

-Жилийн дотор цолоо баталсан л даа. Тийм болохоор мэдээж сайхан байсан. Бэлтгэлээ л сайн хийгээд явж байхад юманд хүрдэг юм байна л гэж боддог. Аймгийн арслан байхад хаана л барилдаан болно тэнд л барилдаж байдаг байдаг байлаа. Ер нь барилдаан алгасахгүй их барилддаг байсан шүү.  Аймаг цэргийн цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрөөд л явдаг байсан. Одоо цолоо ахиулахын төлөө сайхан барилдана даа.



-Нээрээ таныг цагаан сарын барилдаанд их одтой гэлцдэг?

-Яагаад ч юм цагаан сараар гайгүй барилдчихдаг юм. Аймаг цэргийн цолтнуудын цагаан сарын барилдаанд хоёр удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн. Бас томчуудын цагаан сарын барилдааны их шөвөгт шалгарч байсан юм байна.



-Залуус маань улсын цол авахаараа барилдах нь цөөрчих тал байна. Энэ цолны үүрэг хариуцлагаас болоод байна уу, эсвэл сэтгэл ханачихдаг юм болов уу?

-Миний хувьд жижиг сажиг бэлтгэл гэмтэл байгаад байсан болохоор барилдахгүй удчихлаа. Хүн харахад зүгээр яваад байгаа хэрнээ цаанаа ямар нэг зүйл болохгүй бол барилдаж болдоггүй тал бий. Намар бэртэл гэмтлээ нэлээд сайн эмчлүүлсэн. Биеийн байдал их гайгүй болж байгаа. Цаашдаа барилдаан алгасахгүй тогтмол барилдана аа л гэж бодож байгаа.



-Энэ жилийн наадмын даваануудаас тавын даваанд цолоо баталсан барилдаан тань их сонирхолтой болсон шүү?

-Дөрөв давчихаад байж байтал Ганбаатар гарьд амалсан. Барилдааны үндсэн цаг дуусаад шодоход гарьдын талаар буусан. Би барьц сонгуулчихаад үнэнийг хэлэхэд азаар л давсан даа /инээв/.



-Та хоёр өмнө бас хоёр дээр таарч байл уу?

-Тэгсэн. Ганбаатарыг харцага болдог жил хоёрын давааны нугалаанд таараад би бас унаж байсан. Ер нь бид хоёр чинь их олон таарч барилдсаан, залуу бөх байхаасаа эхлээд.



- 3ургaад  Баяржавхлан гарьд таныг амлах гэж байгаагаа хэлсэн үү?

-Хэлээгүй, хэлээгүй. Тав давчихаад сууж байтал чамайг Баяржавхлан гарьд амлалаа л гэсэн. Хэн хэнийхээ барилдааныг сайн мэдэх болохоор намайг авсан байх.



-Нутгийн бөхчүүдийн хооронд яриа хөөрөө орчихлоо гэж зарим хүмүүс ярьж байсан?

-Яриа хөөрөө гэхээр зүйл байгаагүй ээ. Хүмүүс биднийг нэг нутгийнх болохоор тэгж хардсан байх. Харгүй сайхан барилдаж байгаад л би дөрвөн хөллөөд, тэгээд уначихсан.



-Өвдөг чинь газар арай хүрэлгүй босчихвуу гэмээр санагдсан. Сүүлд бичлэг харахад ч тэгж харагдаад байсан?

-Тиймэрхүү зүйл байсан байж магадгүй.



-Харамсалтай биш үү?

-Харамсаагүй ээ. Бид чинь ах зах, том цолтой бөхөө хүндэтгэнэ. Нутаг орон, уул ус, ард түмэн гээд бүгд л харж байгаа.



-Гэхдээ бас нэг сайхан цол дэргэд чинь ирчихсэн байсан даа?

-Харин тийм л дээ / инээв/. Гэхдээ ямар нэг яриа хөөрөө, энэ тэр байгаагүй шүү гэдгийг л дахин хэлье. Цаашдаа бэлтгэл сургуулиа сайн хийгээд сайхан барилдана аа.



-Бас чамгүй олон жил улсад барилдаж, тавын даваанд хүртэл унаж байлаа. Улсын цолонд хүрч чадахгүй өнгөрөх вий гэсэн бодол төрж байв уу?

-Наадмаар уначихсаны дараа бол төрнө шүү, тийм бодол. Энэ жил бас л мултарчихлаа, дахиад 365 хоног шүү гээд л...Харин нутаг явж амарч ирээд  бэлтгэлээ хийхээр дахиад үзмээр санагдаад зүтгэж гарна шүү дээ. Би ер нь тайван талдаа хүн шүү дээ. Нэг их айхтар удаан  шаналаад байдаггүй.



-Аймгийн арслан байхдаа улсын заан цол таалагддаг гэж байсныг чинь санаж байна. Одоо тэр цолны төлөө зүтгэнэ биз дээ?

-Тийм ээ. Заан их сайхан цол. Заан цол авах юмсан гэсэн мөрөөдөл надад бий. Мэдээж тэр цолны төлөө бэлтгэлээ л сайн хийе.



- Таны  шуудганд хүрвэл тун халгаатай гэдэг?

-Би ч анхнаасаа л тийм золгооны , шуудaгны барилдаантай байсан л даа. Одоо харин бүх бөхчүүд шуудагнаас барилддаг болж. Золгох уу, золгоё л гэдэг болсон байна. Тийм болохоор шуудагны барилдаанд давуу гэж хэлж болохгүй  болжээ. Яахав, шуудагнаас голлож барилддаг нь миний хүчний бэлтгэл түлхүү хийдэгтэй л холбоотой болов уу.



-Хүчний бэлтгэлдээ нэлээд ач холбогдол өгөх үү?

-Аа, ер нь арай л түлхүү хийчих гээд байдаг юм. Долоо хоногийн 2-3 өдөр нь хүчний бэлтгэл хийгээд үлдсэнд нь дэвжээний бэлтгэл хийдэг. Ер нь зав байвал өглөө оройдоо хүчний юм хийчих сонирхол их байдаг юм.



-Шуудагнаас барилдах чинь бас гартаа бядтай хүний барилдаан гэдэг байх шүү?

-Тийм л гэсэн. Миний хувьд гартаа жаахан тамиртай байж магадгүй ээ.



-Оюутан цагаа нэг дурсаач. Танай байрны нэг тасгаас олимпийн аваргаас эхлээд бүгд алдар цуутай бөхчүүд болсон сайхан түүх бий шүү дээ?

-Анх 2002 онд Завхан аймгийн Идэр сумаас Аварга сургуулийн оюутан болоод ирж байлаа. Дорнодын Ж.Гансүх начин бид хоёр нэг анги. Хоёрдугаар курсээсээ Мөнхбаатар арслан бид гурав нэг өрөөнд амьдарч эхэлсэн. Арслан тэр үед улсын начин цолтой байсан. Бидний араас Түвшинбаяр, Энхбат хоёр орж ирсэн. Ингээд л тавуулаа амьдардаг байлаа.

 

Тийм мундаг дөрвөн хүнтэй нэг өрөөнд амьдарч байсандаа одоо би их бахархаж явдаг юм. Нэг нь дэлхийн тамирчин, нөгөө нь төрийн наадмын түрүү бөх, нөгөө хоёр нь улсын начингууд. Би хамгийн сүүлд нь цол авсан. Энэ жил Энхбаттайгаа хамт цолоо баталлаа. Тэр хэдээрээ би их омогшдог юм. Үнэхээр сайхан.



-Анх бөх болох сонирхол, хүсэл тэмүүлэл юунаас үүдэлтэй вэ?

-Би айлын бага, дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Ах нар маань гэртээ байнга л барилдаж ноцолдоно. Би хоёр ахыгаа дийлэхгүй ээ. Бөхийн анхны “А” үсгийг хоёр ахаасаа суралцсан гэж болно. Манай суманд их сайн барилддаг ах дүү Энхбаяр, Ганзориг гэж хоёр бөх байсан. Тэд нар шиг бөх болох юмсан гэж мөрөөддөг байлаа.

 

Зургаадугаар ангид байхдаа ерөөсөө л бөх болъё, бөхийн сургуульд оръё гээд аймгийн төв ороход манай хүргэн ах намайг талийгаач а.а Юнрэн багш дээр дагуулж очоод шавь оруулж байв. Нэг жижиг цэнхэр хадаг барьчихсан. Тэгж л бөхийн гараагаа эхэлсэн дээ. Бөхийн секц дотроо хамгийн бага нь хүн болгонд зарагдаад л гүйж байдаг байсан.



-Биеэр жижгэвтэр хүүхэд байсан юм уу?

-Жижгэвтэр хэрнээ махлаг таргандуу хүүхэд байсан /инээв/. Бас секцэнд явдаг, барилдах дуртай хэрнээ барилдаанд бараг гардаггүй. Юнрэн багшиинхаа секцэнд гурван жил яваад тэгээд хот руу “Аварга" сургуульд оюутан болж ирсэн дээ.

 


-Айлын бага хүүхдүүд эрх байдаг?

-Эрх зан бий, бий /инээв/



-Хоёр ахыгаа дийлдэггүй байсан гэсэн үү?

-Тийм. Аав маань биднийг барилдуулна. Би хоёр ахдаа байнга л унана. Би чинь их шартай, унахаараа уйлна. Манай ээжийн аав барилддаг байсан юм билээ. Ер нь бяралхуу хүн байсан гэж ээж маань ярьдаг юм. Далан кг-ийн гурилыг хоёр сугандаа хавчуулаад л явчихдаг байсан гэсэн. Манай аав жижгэвтэр талдаа, харин ээж маань том шүү.



-Идэр сум байгаль цаг уурын хувьд нэлээд хатуу, өвөрмөц газар гэдэг байх аа?

-Манай сум хангай газар л даа. Байгалийн үзэсгэлэн цогцолсон. Мод ихтэй, дөрвөн уулын дунд байдаг юм. Өвөлдөө их хүйтэн, зундаа бас сэрүүхэн талдаа. Ан гөрөө элбэг. Би ч Идэрийн голын хөвөөнд л өнждөг хүүхэд байлаа. Аав маань Завханы Баянтэс, ээж Нөмрөг сумынх. Идэрийн хөрөө рам гэж байсан. Тэнд манайх суурьшиж, би тэнд төрж өссөн.



-Бөх барилдаад авсан хамгийн анхны чинь шагнал урамшил юу байсан бол?

-Оюутан байхдаа Нөмрөг сумын наадамд очиж барилдаад нэг айрагны хул байнд авсан. Одоо ч манайд бий.



-Өсвөрт барилдаж байсан билүү?

-Барилдаж байсан. 1998 оны өсвөр үеийн улсын аваргад Завханаас ирж барилдаад 12-р байранд орж байсан. Тэгэхэд Ж.Гансүх начин түрүүлсэн юмдаг. Гарьд Ганбаатар, начин Лхагвадорж гээд одоогийн бөхчүүдээс нэлээд олон хүүхэд орж байсан. Дараа нь Говь-Алтайд болсон УАШБ-нд оролцож 5-р байранд ороод тэгээд л нас хэтрээд улсын аваргаас мултарсан даа.



-Хааяа шантрах уу?

-Шантардаггүй юм аа. Хүн дуртай юмныхаа төлөө явж байгаа болохоор ямар ч үед зүтгээд л байдаг юм билээ. Хийдэг ажил бэлтгэл болохоор ажлаа тасалж байгаагаас ялгаагүй юм даа.



-Аймгийн цол авсан наадмуудаа бас нэг дурсвал...?

-2001 онд аймгийнхаа наадамд очиж барилдан тавын даваанд унаад 2002 онд аймгийн начин болсон. 2003 онд Юнрэн багш маань Ховдын наадамд намайг дагуулж очоод барилдуулсан түрүүлчихсэн. Их л баярлаж байлаа.



-Таны барилдаан онцлог?

-Би ч золгооны барилдаан их хийдэг хүн дээ. Одоо хүн богон золгож барилдах сонирхолтой болохоор гарангуутаа бариа зөрөөн дээр юм хийж үзээд болохгүй бол золгоно, тэгээд барьц сонгоно. Доод цолтой бөхтэй нэг их удахгүй давалцахыг боддог юм.



-Ямар мэхийг ихэвчлэн хийдэг билээ?

-Шуудагнаас л барилдана даа.



-Мэх онцолж нэрлүүлэх гээд байна л даа?

-Хааяа хутгах гээд л байдаг юм. Гэхдээ тийм ч сайн чаддаггүй юм аа/инээв/.



-Анх л хийдэг байсан унаган мэх гэвэл...?

-Би хүүхэд байхдаа талладаг байсан. Одоо хааяа хийнэ ээ.



-Барилдаан таардаггүй бөх бий юу?

-Гайгүй дээ. Бүгдтэй нь л давахдаа даваад, унахдаа унаад өгөө аваатай л явдаг.



-Үеийнхнээсээ хэнтэй хамгийн олон таарч барилдсан бол?

-Аймгийн арслан байхдаа Ө.Бат-Орших харцагатай их олон барилдсан. Цол авснаасаа хойш харин таарч барилдаагүй л байна.



-Гэр бүлийнхээ тухай?

-Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. Баянтэс сумын уугуул. Татварын ерөнхий газар ажилладаг.



-Барилдахаа болихоор юу хийнэ гэж боддог вэ?

-Дасгалжуулагч мэргэжлээрээ л ажиллана гэж боддог. Хүүхдүүдтэй л ажиллана даа.



-Багш нарынхаа тухай?

Анхны багш маань Юнрэн арслан, Бат-Эрдэнэ аварга багш маань байна. Оюутан болоод Б.Адъяахүү багшийнхаа удирдлаганд тогтмол бэлтгэл хийж ирсэн. Одоо нутгийнхаа бөхчүүдтэй л ихэвчлэн зөвлөлдөнө дөө. Бас Баасандорж заантай нэлээд ярилцана. Бид хоёр бас их найз шүү дээ.



-Дуу хууранд хэр вэ?

-Ёстой маруухан даа.



-Бөхчүүдийг энд тэнд явахаар нь дуулуулах гээд байдаг юм шиг байгаа юм?

-Тулсан үед ганц дуу дуулна аа /инээв/.



-Монгол бөхийн өнөөгийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одоо бөхчүүдийн амьдрал ер нь сайхан болчихсон шүү дээ. Бөхийн хөгжил ч мундаг болсон. Наад зах нь бөхийн тоо маш олон болж. Удахгүй танхимын барилдаанд 512 бөх зодоглохоор болж байх шиг байна. Залуусын барилдааны ур чадвар ч их өссөн. Нэг хүн барилдаан болгонд дараалаад түрүүлээд байх боломж хомс болсон байна.



-Танай аймаг улсын наадмаас арай өмнө баяр наадмаа хийсэн байсан. Та очиж барилдсан байх аа?

-Барилдсаан, барилдсан. Наадам маань сайхан болсон. Манай Завханы Ганбаатар гэж залуу түрүүлсэн шүү дээ.



-Сүүлийн жилүүдэд аймгийн наадмыг улсын цолтнууд очиж үймүүллээ гэж ард түмэн дургуйлхдаг болж. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Хүмүүс “Улсын цолтнууд наадам үймүүллээ, мөнгө төгрөг өглөө, авлаа” гээд л ярьцгаадаг юм билээ. Бидний хувьд аймагтаа очиж барилдаад нутгийнхаа дүүг дэмжих зэрэг зүйл байдаг. Иймэрхүү зүйл монгол бөхөд аль эртнээс л байсан шүү дээ. Тэрнээс биш мөнгө төгрөг аваад унаад байсан зүйл бол байхгүй.



-Тиймэрхүү дэмжлэгийг дагаад мөнгө төгрөгний яриа дуулдаад л байх юм?

-Харин тийм яриа гардаг л байх л даа. Нутаг орныхоо гайгүй барилддаг залууст туслалаа гэхэд нутаг орныхон ч дуртай л байдаг шүү дээ. Заавал мөнгө төгрөгний асуудалтай үүнийг хольж хутгаад байх дэмий л байх



Идэр сум бөх ихтэй юу?

-Яг одоо энд барилдаж байгаа нь гэвэл Д.Батжаргал арслан байна. Аймгийн начин Батжаргал байна. Бас 2-3 аятайхан барилдчихаар хүүхдүүд бий. Тэд нартаа өөрийн сурсан мэдсэн зүйлээ хэлж өгөөд    өөрийн хэмжээний бөх болгочих юмсан гэж боддогюм.



-Та Идэр сумаас төрсөн хэд дэх улсын начин бэ?

-Улсын начин цолтой гэвэл байдаггүй юм аа. Би анхных нь. Харин улсын арслан “урт гарт” Маамын Лхагвагаас эхлээд арслан заанууд бий шүү.



-Лхагваа арслангийн барималыг их нандигнадаг гэж сонссон юм байна?

-Завхан аймгийн спорт хорооны үүдэнд М.Лхагва арслангийн хөшөөг босгосон юм. Тэр хөшөөний нээлтийн үеэр Лхагва арслангийн жижиг баримлын хөшөөг надад өгсөн юм. Тэрийг бурхан дээрээ залаад их хүндэлж, дээдэлж явдаг.



-Заан цуглуулдаг гэлүү?

-Яг цуглуулдаг гэж хэлж болохгүй юм аа. Заанууд бий. Гэхдээ гэрийн чимэг маягаар 30-40 орчим заан бий шүү.



-Адуу малтай хэр ноцолдох вэ?

-Багадаа морин дэл дээр л өссөн. Хотод ирээд сургууль соёлын мөр хөөгөөд ирэхээрээ аяндаа хөндийрөөд... Зун амралтаараа очихоороо адуу малтай нэг их ноцолдоод ч байхгүй юм. Харин Идэрийн голоосоо загас барих дуртай.



-Жаргалсайхан гэж хувь хүнийг та өөрөө тодорхойлвол?

-Хүмүүс л сайн хэлэх байх даа. Өөрийн бодлоор жаахан шартай л хүн дээ. Гэхдээ бүх зүйлд биш зөвхөн спортод шүү.



-Санаанаас гардаггүй дурсгалтай барилдаан гэвэл?

-Анх улсын цолтой бөх хаясан минь их дурсгалтай санагддаг юм. Оюутан байхдаа Д.Эрдэнэбат зааныг анх давчихаад их баярлаж байж билээ. Би улсын том цолтой бөх хаячихлаа гээд л...



-Хааяа өөртөө бардах, эрдэх үе байх уу?

-Байхгүй, байхгүй. Ер нь нягт, хашир талдаа барилдаантай хүн шүү дээ.



-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таныг дэмждэг олон үзэгчийн итгэлийг дааж амжилттай барилдан цолоо ахиулаад дахин манай уншигчидтай уулзана гэдэгт итгэлтэй байна?

-За баярлалаа. Дараа шинэ сайхан цол аваад ирж яриа өгнө өө. Энэ дашрамд бөхдөө хайртай монгол түмэндээ Улс тунхагласны мэнд дэвшүүлье. Намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийн хамт олондоо, Төрбаяр захиралтай Шинэ-Ази группийн хамт олондоо үргэлж баярлаж талархаж явдгаа улааажилья.

 

С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх ”