sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо уран сайхны гимнастикийн 37 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /IX.16-22/-д манай тамирчид анх удаа оролцлоо.
 
1963 оноос эхлэн зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 62 орны 312 гимнастикчид ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн байна. Харин манай улсаас уран сайхны гимнастикч Хашбатын Хулан, Цогтбаярын Саруул нар дасгалжуулагч М.Булган, Ц.Тунгалаг нарын удирдлага доор ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьжээ.
Уран сайхны гимнастик 1984 оны Лос Анжелесийн олимпоос эхлэн олимпын хөтөлбөрт багтсан бөгөөд “Токио-2020” олимпын наадамд ганцаарчилсан олон төрөлт болон багийн гэсэн хоёр цогц медалийн төлөө уран сайхны гимнастикчид ур чадвараа сорин өрсөлдөнө.
 
Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшингийн мэдээлснээр “Баку-2019” ДАШТ-ий оролцсон манай хоёр ямар амжилт үзүүлснийг сонирхуулбал:
 
Туузтай дасгалд 152 гимнастикч оролцож Ц.Саруул 11.550 оноогоор 116-д, Х.Ундрал 8.850 оноогоор 143-д,
Цагаригтай дасгалд 112 гимнастикчаас Х.Ундрал 14.700 оноогоор 81-д, Ц.Саруул 130.550 оноогоор 90-д,
Бөмбөгтэй дасгалд мөн 112 тамирчин оролцсоноос Ц.Саруул 12.400 оноогоор 101-д, Х.Ундрал 9.600 оноогоор 109-д,
Булавтай дасгалд 153 гимнастикч оролцсоноос Х.Ундрал 14.050 оноогоор 118-д, Ц.Саруул 10.150 оноогоор 147-д тус тус орлоо.
Энэ удаагийн ДАШТ-д уламжлал ёсоор ОХУ-ын гимнастикчид өндөр амжилт гаргалаа. ДАШТ-ий 9 төрлийн наймд Оросын тамирчид алтан медаль хүртлээ.
 
ДАШТ-ий медальтнуудыг танилцуулбал, Ганцаарчилсан төрөлд:
 
Олон төрөлт- 1.Д.Аверина (ОХУ)2.А.Аверина(ОХУ) 3. Л.Ашрам(Израйль)
 
Цагариг: 1.Е.Селезнева(ОХУ) 2. Л.Ашрам(Израйль) 3.Д.Аверина(ОХУ)
Бөмбөг: 1.Д.Аверина(ОХУ) 2. А.Аверина (ОХУ)3.Л.Ашрам(Израйль)
Булав: 1. Д.Аверина(ОХУ) 2.Л.Ашрам (Израйль)3. В.Николченко(Украин)
Тууз: 1.П.Аверина(ОХУ) 2. Л.Ашрам(Израйль) 3. Е.Селезнева (ОХУ)
Багийн олон төрөлт 1.ОХУ 2.Израйль 3.Беларусь
 
Багийн төрөлд:
 
Олон төрөлт: 1.ОХУ 2. Израйль 3.Болгар
5 бөмбөг: 1.Япон 2.Болгар 3.ОХУ
3 цагариг-4 булав: 1.ОХУ 2. Япон 3.Итали
 
ОХУ-ын ихэр охид болох Дина , Арина Аверина зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл хүртэж, ДАШТ-ий гол баатрууд болсон. Ихэр охидын зөвхөн ДАШТ-ий медаль нь гэхэд нийтдээ 25 (Дина 11 алт, 2 мөнгө, 1 хүрэл Арина 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл) боллоо.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг